Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар: Б.Бат-Эрдэнэ сайд болчимгүй үйлдэл гаргаж байна

Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар: Б.Бат-Эрдэнэ сайд болчимгүй үйлдэл гаргаж байна
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 23
Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Баатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Саяхан Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурал болж, таныг Парисын олимпыг дуустал холбооны ерөнхийлөгчийн үүргийгтүр орлон гүйтгэгчээр сонголоо. Ажлаа юунаас эхлэх вэ?
-Манай холбоо 75 жилийн түүхтэй, Олимп Дэлхийн аваргуудтай Монголын топ холбоодуудын нэг. Хийх ажил маш их байна. Хийсээр ч байгаа одоо ч гэсэн хийж байна. Энэ ажлууд дундаас эрэмбэлэхийн бол өнөөдөр хамгийн чухал ажил бол манай Б.Чинзоригийн асуудал. Ойрын хугацаанд бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал энэ байна.
-Энэ асуудал дээр тамирчнаа хэрхэн дэмжиж ажиллах вэ. МУГТ Б.Чинзоригийн маш хүнд шок авсан гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Эрх нь үнэхээр зөрчигдсөн бол хэрхэн хамгаалж, шийдэх вэ. Ер нь асуудал бүрэн шийдэгдээгүй байхад үндэсний шигшээ багаас хөөх нь хэр шударга вэ? 
-Мэдээж допинг дагаж хариуцлагын асуудал заавал яригдана. Допингтой холбогдлоо гэдэг мэдээлэл бидэнд ирэхэд холбооны зүгээс тамирчнаас тодруулга мэдээлэл авсан. Б.Чинзориг бусад тамирчдын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж энэ асуудлыг нэг талдаа шийдтэл шигшээ багаас түрдээ халагдах хүсэлтийг тавьсны дагуу шийдвэрлэсэн. Монголын боксын холбоо Бие тамир спортын улсын хороотой гэрээтэй ажилладаг. Манай шигшээ багийн тамирчид тус байгууллаас цалин авдаг, энэ цалингийн асуудал түрдээ зогсоод байна. Тэгэхээр Б.Чинзоригийг шигшээ багаас халсан гэдэг тушаал холбооны зүгээс гарсан, тэр тушаалыг Бие тамир спортын улсын хороонд хүргүүлсэн. Яах вэ энэ процессыг хүмүүс л шууд утгаар нь ойлгоод хөөсөн гэж яриад байгаа юм. 
-Б.Бат-эрдэнэ сайд танай холбооны санхүүжилтийг зогсооно гэсэн байсан. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол миний хувийн байр суурь гэхээсээ илүү мөн манай Боксын холбоо болон бусад спортын топ төрлүүд Бие тамир спортын хорооноос санхүүжилт авдаг спортын төрлүүдэд ч хамаатай. Бид уг цалин санхүүжилтийн асуудлын хүрээнд Бие тамир спортын хороотой зөвшилцсөн байсан. Гэтэл нийтээр нь шигшээ багийн санхүүжилтийг зогсооно гэдэг чинь ганцхан шигшээ багийн тамирчид ч биш боксоор хичээллэж байгаа нийт хүүхэд залуус, боксын спортод бүхий л амьдралаа зориулсан багш дасгалжуулагч нарын эрхийг ноцтойгоор хөндсөн үйлдэл юм. Зөвхөн өнөөдрийн санхүүжилт хэдэн хүний цалингаар энэ спортыг төсөөлж огт болохгүй. Б.Бат-эрдэнэ сайдын энэхүү шийдвэр нь цаг үеэ олоогүй, хэт яарсан, нэг талыг барьсан шийдвэр гэж харж байна. Албан ёсоор буруутай нь тогтоогдоод шүүхээс шийдвэр нь гарвал энэ асуудлыг шийддэг өөрийн гэсэн олон улсын хууль дүрэм нь байсаар байхад зөвхөн салбарын сайд нь шийддэг мэтээр харагдуулж байна. Энэ нь эцэстээ маш буруу үр дагавартай. Салбарын сайдын хувьд маш болчимгүй үйлдэл гаргаж байна.
 
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн