Шүүх | 1 мин уншина

Шүүхээс "Авлига хороолол"-ыг нураах шийдвэрийг түдгэлзүүлэв

Шүүхээс "Авлига хороолол"-ыг нураах шийдвэрийг түдгэлзүүлэв
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 20
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцжээ.
1.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.
2.Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн