“THE DIPLOMAT”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-нд Франц улсад төрийн айлчлал хийсэн. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Улаанбаатарт хийсэн төрийн айлчлалаас ердөө тавхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчилсан нь Франц, Монголын харилцааг хөгжүүлэх хоёр талын ашиг сонирхлыг харуулж байна. Хоёр удирдагч дэлхийн тулгамдсан асуудал, эрчим хүчний шилжилт, соёлын харилцаа тогтоохын ач холбогдлын талаар өндөр түвшний яриа хэлэлцээ хийсэн. Үүнээс гадна айлчлалын гол сэдэв нь Монгол Улсын Засгийн газар болон Францын уул уурхайн компани хооронд хийгдэж буй ураны томоохон хэлэлцээрүүд байв.
Франц, Монгол хоёрыг өнгөц харахад, газарзүйн алслалт, эдийн засгийн болон соёлын асар их ялгаатай юм. Гэсэн хэдий ч хоёр орны харилцаа 2023 онд урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Макрон Монгол Улсад айлчилсан Францын анхны Ерөнхийлөгч болсон. У.Хүрэлсүхийн Парист хийсэн төрийн айлчлал нь Франц, Монголын түншлэлийн харилцааг харилцан тохиролцсон хүрээнд ахиулах чин хүсэл эрмэлзэл байгааг харуулав. Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Дорноговь аймгийн Зөөвч-Овоо дахь ураны ордод хайгуул хийхээр Монголын уул уурхайн “Эрдэнэс Монгол” төрийн өмчит корпорац болон Францын уул уурхайн “Орано групп” компанийн хооронд байгуулсан Франц-Монголын хамтарсан протоколын гэрээг баталсан юм. Протоколын хэлэлцээр нь Монгол, Францын түншлэлийн шинэ эх үүсвэрийн эхний шат болж байна. Энэхүү мега төсөл нь 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд бүрэн ашиглалтад орсноор дэлхийн ураны хэрэгцээний дөрөв орчим хувийг хангана. Франц-Монголын шинэ төсөл нь татварын бодлого, техникийн мэдлэг, багаж хэрэгсэл эзэмшүүлэх, инженерүүдийг сургах, экспортын салбарыг дэмжих туршилтын талбар болох юм
У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Францын тал мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Франц улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын ашиг сонирхлоо бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед Монголын ашигт малтмалын нөөц бол Парисын хамгийн том сонирхол юм. Үнэн хэрэгтээ Франц улс эрчим хүчнийхээ 75 хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг ч нийлүүлэгчдийн багахан нөөцөөр удаан хугацаанд хязгаарлагдаж ирсэн. Парис, Улаанбаатар хоёр ураны хэлэлцээрээс гадна Францын цахилгаан машин үйлдвэрлэгчдийн гол материал болох литийг хиймэл дагуулын зураг ашиглан хайхад хамтран ажиллахаар тохиролцсон. Эрчим хүч нь Франц-Монголын харилцааг ойртуулах үндэс суурь болж байгаагаас гадна хоёр талын харилцаа цэцэглэн хөгжиж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ гарц хайх боломжийг олгож байна.
У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын үеэр Францын хиймэл дагуулын томоохон мэргэжилтэн “Thales Alenia Space” болон Монгол Улсын Дижитал хөгжил, харилцаа холбооны яам хооронд хамтын ажиллагааны бас нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан. Францын “Thales Alenia Space” компани ТЭЗҮ-ээ арваннэгдүгээр сар гэхэд дуусгахаар зорьж байна. Түүнчлэн хоёр талын санамж бичигт Франц улс Онцгой байдлын ерөнхий газарт (ОБЕГ) санхүү, техникийн дэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсын иргэний хамгаалалтын салбарыг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү санамж бичиг нь эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, гал сөнөөгчдийн шинэ машин худалдан авах ажлыг санхүүжүүлэх зорилготой юм.
2025 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болох ойрын хоёр жилд хоёр улс илүү их хөгжил дэвшил гарна гэж найдаж байна. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогодоо Францыг Улаанбаатар, Парисын хооронд соёлын бат бэх харилцаа тогтоохын зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчныг төрөлжүүлж, бэхжүүлж чадах чухал түнш гэж үздэг. Бээжин, Москватай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл нь Монгол Улсын хувьд эдийн засгийн чухал гарц хэвээр байх боловч (Франц шиг) шинэ түнштэй байх нь Монголын эдийн засгийн үйл ажиллагаа, дэлхийн оролцоо, мэдлэг, чадавхийг бэхжүүлэх юм. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Франц улс Монголын ардчилсан болон олон улсын үйл ажиллагааг дэмжиж ирсэн.
Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастьян Сүрүн “Франц, Монгол хоёр орны харилцан хүндэтгэсэн онцгой түншлэл нь манай ард түмний ирээдүй хойч үеийнхэнд чиглэсэн стратегийн төслүүд дээр суурилдаг” гэдгийг онцолсон юм.