Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Израиль болон зэвсэгт бүлэглэлийн Хамас хоорондын дайн даамжирч болзошгүйг анхааруулж, АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд тус улсын хойд хилийн Ливантай залгаа хил дээр мөргөлдөөн нэмэгдэж байгаа тус бүс рүү чиглэсэн талаар мэдээлсэн байна.
ХАМАС найм хоногийн өмнө Израилийн нутаг дэвсгэрт урьд өмнө хэзээ ч байгаагүй том хэмжээний халдлага үйлдэж, 1300 орчим израиль хүн, тэр дундаа энгийн номхон иргэд амиа алдсан. Үүний хариуд Израиль Газын зурвасыг бөмбөгдөж харгис хэрцгий ажиллагаа явуулсаар байна. Газын эрх баригчид Израилийн дайралтын улмаас 2670 гаруй хүн амиа алдсаны дөрөвний нэг нь хүүхдүүд байсан талаар мэдэгдсэн. Израилийн зэсвэгт хүчин ойрын өдрүүдэд хүн ам шигүү суурьшсан жижиг бүс рүү хуурай замын дайралт хийхээр бэлтгэж байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Газын зурвас дахь эмнэлэгт мягмар гаригт дэлбэрэлт болж 250 гаруй хүн нас барсан. Зарим эх сурвалж ХАМАС-ын талаас хөөргөсөн пуужин замдаа осолдож, эмнэлэгт хохирол учруулсан гэж мэдээлсэн. Харин "Al-Jazeera" болон "The Guardian" хэвлэлүүд Изралийн талаас эмнэлэгт цохилт өгсөн гэж мэдээлсэн юм. Үүний дараа Ойрхи Дорнод даяар болон Европын хэд хэдэн улсад исламын шашинт иргэд Израилинйн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахыг шаардсан жагсаал өрнүүлж эхлээд байна. Тиймээс мөргөлдөөн хурцадмал байдал цаашид улам хүндрэх төлөвтэй байгаа юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн бямба гарагийн орой хоёр дахь нисэх онгоц тээгч хөлгийн бүлгийг Ойрхи дорнодод байршуулж байгаа талаар мэдээлсэн. Тэрээр энэ дайныг хурцатгах гэж буй төрийн болон төрийн бус аливаа этгээдийг таслан зогсоох шийдвэр гаргаж байгаагийн илрэл гэж мэдэгдсэн юм. Дуайт Эйзенхауэр нисэх онгоц тээгч нь Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт орших асар том “Gerald R. Ford” нисэх онгоц тээгч хөлөг онгоц зэрэг флотод нэгдэх болно.
Тэгвэл Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан ням гарагт улс орон нь арга хэмжээ авах боломжтойг анхааруулж, Израилийн талд хандан "Хэрэв Газын зурвас дахь харгис хэрцгий үйлдлээ зогсоохгүй бол Иран ажиглагч хэвээр удаан суухгүй" гэх мессеж өгсөн. Мөн Тегеран цаашид дайны цар хүрээ өргөсөх юм бол АНУ-д ч их хэмжээний хохирол учрах болно гэж анхааруулсан юм. Израилийн хойд хил дэх хүчирхийлэл хурцдаж Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн дайчид ням гарагт Израилийн армийн постууд болон хойд хилийн тосгон руу дайралт эхлүүлсэн.
АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Линдси Грахам Саудын Араб, Израилийн хооронд үргэлжилсэн хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд ойрын өдрүүдэд бусад сенаторуудын хамт тус бүс нутагт айлчлахаа мэдэгдсэн. Тэрээр “Хэрэв Тегеран Израиль руу довтолсон тохиолдолд Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, газрын тосны бизнесээс гаргах, Иранд цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хуулийн төслийг өргөн барих бодолтой байна” гэсэн юм. Цагаан ордон Туркт суух Элчин сайд асан Дэвид Саттерфилдийг Ойрхи Дорнодын хүмүүнлэгийн асуудлаарх тусгай элчээр томилсон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ням гарагт Египетийн хяналтад байдаг Газын зурвас руу нэвтрэх хилийн боомт дахин нээгдэж, АНУ Египет, Израиль, НҮБ-аас тусламж авахаар ажиллаж байгааг мэдэгдсэн.