Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Г.Түвдэндорж: ХАА-н салбарын татаасыг багасгаж, үнэ чөлөөлөх шаардлагатай

Г.Түвдэндорж: ХАА-н салбарын татаасыг багасгаж, үнэ чөлөөлөх шаардлагатай
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хавар УИХ Төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа ДНБ-ийг 6.5 хувь өснө гэсэн. Гэтэл одоо 7 хувь гэж оруулж иржээ. Үүнд хардалт төрж байна. Ингэж өсгөсөн нь төсвийн алдагдлыг бага юм шиг харуулах гэсэн оролдого юм биш үү. Төсвийн алдагдал ДНБ-ий 1 хувиас хэтрэхгүй байж тогтвортой байдал ярих байх.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж: Өнгөрсөн оны сүүлээр эдийн засаг 4.6 хувиар буурч, инфляц 16.9 хувьд хүрч байсан. Энэ хүрээнд гадаад валютын албан нөөцийг ихэсгэх ажлын хэсгийг Засгийн газрын тогтоолоор байгуулснаар эдийн засгийн өсөлтийг авчирсан. Эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, гааль боомтын нэвтрэлт, төмөр замын ачаа тээврийг сайжруулах зэрэг арга хэмжээ авснаар экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар байсан бол одоо 4.1 тэрбум ам.доллар болж өслөө. Мөн эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн байна. Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн төсөөллийг аль болох өөдрөгөөр харж төлөвлөж байна. ОУ-ын байгууллагууд манай эдийн засгийг 2022 онд 2.2 хувийн өсөлттэй гарна гэсэн үзүүлэлтийг харуулж байсан бол оны сүүлээр эдийн засаг 5 хувийн өсөлттэй гарсан.
Яам экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч байна. Бизнесийн орчинг сайжруулах талаар салбарын хууль, журмуудыг сайжруулж, хүнд суртал арилгах тал дээр анхаарч байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, махны экспортыг нэмэгдүүлэхэд үнэ тарифыг чөлөөлөх шаардлагатай гэж үзэж байна. Эдийн засгийн либералчлалын бодлого явуулах шаардлагатай. Бүхий л салбарт төсвийн татаас бий. Ялангуяа ХАА салбарын бүх зүйл урамшуулал, татаастай. ЭЗХЯ-аас энэ тал дээр анхаарснаар махны экспорт энэ онд хоёр дахин нэмэгдсэн. Уламжлалт МАА-г эрчимжсэн МАА-тай хослуулан хөгжүүлэх шаардлагатай. Үүнд төрийн бодлого хэрэгтэй байна. Өвс тэжээл хангах асуудал эрчимжсэн МАА-д хамгийн чухал. Цаашид нийтийн тээвэр, хотын эдийн засгийг либералчлах асуудлыг анхаарна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Төсвийн зарлагын дээд хэмжээ 2024 онд 27.4 их наяд, 2025 онд 29.4 их наяд, 2026 онд 31 их наяд гэж тавьжээ. ДНБ-д эзлэх хувь нь ирэх жил 37 хувь тэгээд 2025 онд 35 хувь, 2026 онд 34 хувь гэж тавьсан байна. Бидний төсөв хувийн хэвшлийг өсөхөд хэр нөлөөлж байна гэж үзэж байна вэ?
ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж: Инфляц аажмаар буурч байна. Энэ ондоо нэг оронтой тоонд хүрэх зорилготой. Гэсэн ч гадаад нөхцөл байдлаас улбаалан сорилт өндөр байна. Манай улсын хамгийн чухал асуудал бол инфляц, валютын ханш. Иймд экспортын орлогоо барьж чадвал валютын ханшийг тогтвортой байлгаж чадна. Валютын ханшийг тогтвортой байлгаснаар импортын бүтээгдэхүүний инфляцыг барьж, бууруулах боломжтой.
Төсвийн бодлого төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд зорьдог. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төсвөөс хийх боломжгүй. Харин хөрөнгө оруулалтын бодлого, худалдааны бодлогыг дэмжиж, чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжүүлэх, мөнгөний хямд эх үүсвэрийг оруулж ирэх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, худалдааны чөлөөт бодлого баримтлах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай юм.
Экспортын квотыг цуцалснаар махны экспорт хоёр дахин нэмэгдсэн
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Мөнгөний бодлогын хүү болон инфляцын хэмжээ гурван функтын зөрүүтэй байна. Мөнгөний бодлогын хүү өөрөө эргээд эх үүсвэрээ өртөгжүүлээд байгаа юм биш үү. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж: Төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байгаа. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд төсөв байнга тэлж байна. Төсөв тэлж байгаатай холбогдуулан мөнгөний бодлогыг чанга байлгах нь зүйтэй. 2024 онд мөнгөний хатуу бодлого баримтална, сулруулбал эргээд инфляцыг өдөөнө. Инфляц өссөнөөр орлого багатай айл өрхөд шууд нөлөөлж, төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн хүрээний мэдэгдэлд махны экспортыг нэмнэ гэсэн үг өгүүлбэр алга. Махны квот тогтоодог асуудал олон жил байсан. Хэдхэн компани л тэр квотыг авч махны үнийг барьж байсан шүү дээ?
ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж: ХАА салбарт МАА-н салбарыг хөгжүүлж, махны экспортыг нэмэгдүүлэх боломж маш их бий. Яамнаас арьс, шир, ноос ноолуурын тохируулгын зохицуулалтын тогтоолыг өнгөрсөн долоо хоногт оруулж, хүчингүй болгосон. Мөн квот тогтоодог асуудлыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд экспорт нэмэгдэж, 56 мянган тонн мах экспортоллоо. Энэ нь цар тахлын өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 2024 онд ХАА-н салбарын өсөлтийг 6 хувьд хүргэнэ. Ингэхийн тулд чөлөөт, либерал бодлогыг явуулна. ХАА-н салбарт байдаг татаасыг чөлөөлж, бодлогыг цогц шинэчлэл хийхээр төлөвлөсөн.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн