Ц.Нямдорж, Д.Дорлигжав нар ээлжлэн ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын хууль, хүчний байгууллагуудыг дан Увс аймгаас гаралтай хүмүүс удирдаж байлаа. Тэр үеэс хуулийн салбарт мерит зарчим алдагдаж, "лифт"-ний томилгоо гаарсан. Нутаг нэгтэй сайд нар бараг л хаан байсан цаг саяхан бөгөөд тэд шударга бусын хонгилын схемийг анхлан зурсан авторууд нь гэж зарим хүн ярина. Мөн тэднээс илүү эрх мэдэлтэй, хүчтэй явсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар энэ схемийг улам төгөлдөршүүлж, хэлмэгдүүлэлтийн машин болтол нь хөгжүүлсэн гэж хуулийнхан өөрсдөө ч ярьдаг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийгөө хонгилоор хамгийн олон жил чирүүлсэн гэж ярьдаг. Тиймдээ ч тэрээр шударга бусын хонгил гэх үгийг анх хэрэглээнд нэвтрүүлсэн нэгэн. Н.Алтанхуяг шударга бусын хонгилын схем хэрхэн зурагдаж, яаж ажилладаг талаар бичсэн номондоо эрх мэдлийг атгасан тэрхүү хүний хууль хүчний байгууллагад хийсэн шүүх, прокурор, цагдаа, АТГ-ын том томилгоонууд хонгилын фундамент нь болж ирсэн талаар өгүүлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр дандаа Хэнтий аймгийн угшилтай, тэндээс ажлын гараагаа эхэлсэн хүмүүс Монголын хууль хүчний байгууллагуудад удирдлагаар томилогдож, "Хэнтийн" гэх шинэ хонгил үүсэх хэмжээнд хүрчээ.
Тухайлбал, сүүлийн хоёр жилд Улсын дээд шүүхэд томилогдсон дөрвөн шүүгчийн хоёр нь Хэнтий аймгийн гаралтай байв. УДШ-ийн шүүгчээр 2022 онд томилогдсон М.Пүрэвсүрэн Хэнтий аймагт хүүхэд насаа өнгөрүүлж, Хэнтий аймагт 10 жилээ төгссөн нэгэн бол 2023 онд шүүгчээр томилогдсон Н.Батзориг нь Хэнтийд төрж, аймгаасаа ажлын гараагаа эхэлсэн намтартай.
Анзаарвал гүйцэтгэх засаглалын тэргүүн сүүлийн хоёр жилийн хугацаанд ардчилсан институтын нэг чухал тулгуур болох шүүх засаглал руугаа илт довтолж, дайрах болсон. Үүнээс болж цалин багатай, ачаалал ихтэйн дээр, нэр хүндгүй, шударгаар хөдөлмөрлөөд ч нийтээрээ авлигач, хулгайчийн гар хөл гэж цоллуулах болсон тул шүүгчээр ажиллах хүн олдохоо байжээ. Магадгүй хуульч бүр хүрч болох карьенынх нь дээд оргил гэдэг утгаар Дээд шүүхийн шүүгч болохыг хүсдэг байх. Гэтэл Дээд шүүхэд дунджаар хоёр жилд нэг орон тоо гардаг бөгөөд нэг орон тоон дээр дээд тал нь хоёр хүн л өрсөлддөг болсон аж. Улмаар хүний нөөцгүй болсон Дээд шүүх нөөцөөсөө сонгон шалгаруулалтад хангалттай оноо авч чадаагүй шүүгч нарыг томилохоос өөр сонголтгүй болсон. Энэ завсраар Хэнтийн гаралтай хоёр ч шүүгч Дээд шүүхэд томилогджээ.