ОХУ-д шинэ татвар ногдуулах хууль хүчин төгөлдөр болсноор ОХУ-ын төрийн эрчим хүчний ИнтерРАО холдинг зарим орны хэрэглэгчдийн цахилгааны үнийг долоон хувиар нэмэхээр болсон. Хэрэв энэ өсөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол эрчим хүчний нийлүүлэлтээ хязгаарлах эсвэл зогсоох арга хэмжээ авна гэж мэдээлсэн юм. Энэ талаар болон эрчим хүчний үнэ тарифын талаар ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа. -Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажиллаж байна. Алдагдлыг багасгахад тариф нэмэх шаардлагатай гэж ярьдаг ч нэмэхгүй байгаа. Ирэх онд тариф нэмэх үү? -Өмнө нь 2022 оны арваннэгдүгээр сараас ААН-үүдийн эрчим хүчний тарифыг нэмсэн. ААН-үүдийн хэрэглээнээс нь хамааран 5000 кВт.цаг байх юм бол 14 хувиар, 5000 кВт.цагаас дээш байвал 28 хувиар тарифыг нэмэгдүүлсэн. Мөн нүүрс, газрын тос, шатдаг хий, төмрийн хүдэр, түгээмэл тархацтай болон бусад ашигт малтмал, банк, интернэт, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, криптовалют олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэгчийн сарын хэрэглээний 200 мянган кВт.цаг хүртэлх хэрэглээний тарифыг 28 хувь, үүнээс дээш хэрэглээний тарифыг 38 хувиар нэмэгдүүлсэн.