Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

НӨАТ-ын сугалааг больж, 10 хувиа бүтнээр нь буцаан авдаг болъё

НӨАТ-ын сугалааг больж, 10 хувиа бүтнээр нь буцаан авдаг болъё
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 17
Манай улс Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ын системийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэр үед одоогийн 10 хувийн НӨАТ нь 15 хувьтай байв. Үүнээс хойш 20 шахам жил НӨАТ нь цэвэр татвар уу, эсвэл дээрэм үү гэсэн байдалтай ААН-үүдийн нуруун дээр ачаа болж иржээ. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ-ын хуулийг шинэчлэн сайжруулах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс урамшууллын систем нэвтрүүлсэн нь сугалаа болон хоёр хувийн буцаан олголт юм. Товчхондоо, 2016 он хүртэл нэг ч буцаан олголт, сугалаагүйгээр явж ирсэн.
Гэхдээ энэ нь хэр шударга бас зөв шийдэл вэ
Хэдийгээр 1998 оныг бодвол нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч байгаа нь сайшаалтай. Гэхдээ арван хувийг төлчихөөд хоёр хувийг буцааж авна гэдэг нь шударга бус. Учир нь, НӨАТ бол татварын орлогыг хянах механизм болохоос орлого нэмэгдүүлэх татвар биш. Анхнаасаа НӨАТ-ын зориулалт ч ийм байгаагүй. Тухайлбал, Герман, Франц тэргүүтэй НӨАТ-ыг санаачилсан улсууд татвараа бүрэн бүрдүүлэх, далд эдийн засгаас сэргийлэх хяналтын зориулалтаар татварын системдээ НӨАТ-ыг нэвтрүүлж байжээ. НӨАТ-ын систем нь аж ахуйн нэгж, байгууллагууд өндөр борлуулалттай хэр нь орлогоо нуух байдлаар бага татвар төлөх, Х тайлан мэдүүлэх, хоёр данс хөтлөхийг хянах зорилготой аж. Энгийнээр хэлбэл, иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд нийт худалдан авалтаа үнэн зөв мэдүүлсэн бол эргээд төр нь худалдан авалтаас тооцож авсан НӨАТ-ыг нь эргүүлэн олгох энгийн систем.
Франц улс гэхэд НӨАТ-ын хяналтын тогтолцоог 1954 онд туршиж, 1958 онд албан ёсоор нэвтрүүлж байжээ. Анхандаа томоохон бизнесүүдэд чиглэгдэж байсан ч цаг хугацааны эрхэнд бүх бизнесийг хамруулж чаджээ. Орлогоо нуух, далд эдийн засаг гэж бараг байхгүй болсон. Энэ жишгээр манай улс ч бүх салбар нэгж, ААН-үүдээр дамжуулан НӨАТ-ын хэрэгжилтэд анхаарч, сүүлийн долоон жилийн хугацаанд эрчимжүүлж буй. Энэ нь зөвхөн НӨАТ-ын кассын машины тооноос л илт харагдана. Тухайлбал, 2016 онд 1600 кассын машин ажиллаж байсан бол 2022 он гэхэд 220000 кассын машин ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Иргэд, аж ахуйн нэгж өдөр тутамдаа худалдан авалтынхаа баримт нэхэж, худалдан авалтаа бүртгэдэг болсон. Талх, сүү, тор авахдаа хүртэл 10 хувийн НӨАТ төлж, дуулгавартай, журамтайгаар орлогоо мэдүүлж буй. Харин түүний хариуд төр алга хавсарч, азандаа найдах л сонголтыг олон нийтэд үлдээв.
Иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авалт бүрээсээ 10 хувийн НӨАТ төлж эргээд хоёр хувийг эргүүлэн авч байгаа. Гэхдээ энэ чамлалттай. Өнгөрсөн хугацаанд иргэд олон нийтийн зүгээс, сугалааны азанд найдах бус нийт худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан авахыг илүүд үзэж буйгаа удаа дараа хэлдэг. Гол нь татварын орлого бүрдэх хяналтын механизмд оролцож, үүргээ гүйцэтгэсэн учир буцаагаад 10 хувийг нь олгочихдог болбол жинхэнэ хөшүүрэг.
Угаасаа л НӨАТ-ыг бүртгэлжүүлэх хянах л зориулалтаар нь ашиглах нь зүй ёсных. Харин манай улсад НӨАТ бол манай улсын дүрэм, журам стандарт гэх зүйлс урвуугаар хэрэгждэг гэдгийн нэг жишээ. Сугалаанд итгэх аргагүй учраас үүнийгээ больж, иргэд буцаан олголтыг бүтнээр авах нь хэн хэндээ дэмтэй гэсэн санаа юм.
Саяхнаас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн. Тодруулбал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ болон CEO клубээс НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгох саналыг гаргасан байна. Одоогоор уг саналын дагуу төсвийн тооцооллыг Сангийн яамаар хийлгүүлж, УИХ нээлттэй мэтгэлцээн зохион байгуулахаар болсон аж.
Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "МҮХАҮТ болон CEO клубээс НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг D Parliament системээр дамжуулан ирүүлсэн. Энэ саналыг Сангийн яаманд өгч, төсвийн тооцоолол макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна" хэмээж байсан юм.
Нэгэнт буцаан олголтыг нэмэх талаар хэлэлцэж байгаа бол сугалаа нэртэй луйвраа зогсоож, НӨАТ-ын буцаалтыг тав биш 10 хувиар нь буцаан олгодог болох нь шударга ёсонд ч нийцнэ, татвар бүрдүүлэлтийг ч дэмжинэ!

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн