Хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллана. Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэг ч ам.долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ. Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг хамтран ашиглана. Хөрөнгө оруулалт нь гурван шатаас бүрдэнэ. Үүнд, Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх. Энэхүү үйл ажиллагаа нь 47 жилийн хугацаанд үргэлжилнэ. 2024-2027 онд гурван жилийн туршид бэлтгэл ажлаа хангана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд есөн жил үргэлжилнэ. Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоо хийв. Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1.550 сая ам.доллар болохоор тооцоолжээ. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоотой. “Бадрах Энержи” ХХК-ийн ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ.