Хамгийн анх буюу 2020 оны Их хурлын сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент бүрдээд гуравхан сарын дараа УИХ-ын 28 дугаар тойргоос нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга болохоор өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байв. Дараа жил буюу 2021 оны зургадугаар сард тухайн тойрогт нөхөн сонгууль явуулж МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2021 онд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлж байв. Ингээд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулж МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
