Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Н.Цэрэнсамбуу: Стандартаа барьдаг, зарчимтай компаниуд нүүрсний тээвэрт үйл ажиллагаагаа явуулах ёстой

Н.Цэрэнсамбуу: Стандартаа барьдаг, зарчимтай компаниуд нүүрсний тээвэрт үйл ажиллагаагаа явуулах ёстой
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 12
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас улс хоорондын тээврийн С зөвшөөрлийн олголттой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу "“Эрдэнэс Тавантолгой" компани 4680 С зөвшөөрөл олгож байгаа. Энэ оны IV улирлын С зөвшөөрөл аж ахуйн нэгжүүдэд тараагдаж байгаа.
Монгол Улсын Гашуунсухайтын боомт орчимд нийтдээ 25000 орчим нүүрс тээврийн авто машин байна. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" 4680 С зөвшөөрөл олгож байгаа. Манайхаас зөвшөөрөл авахаар 17800 орчим хүсэлт ирүүлсэн.
Тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нэгдэл, ТББ-уудын хүсэлт шахалт, шаардлагаар ачаа тээврийн дүрэм журмаа мөрдөж ажиллах үүднээс ажлаа хийдэг, хариуцлагатай компаниудад С зөвшөөрлөө олгож байх ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн стандарт гэж бий. Үүнд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зэрэглэлийг А, В,С,Д гэж ангилсан. А нь бүх төрлийн ачаа тээвэрлэх зориулалттай 101-ээс дээш, В нь 51-20, С нь 21-50 машинтай байна гэж ангилсан байдаг. Өөрийн гэсэн машингүй байж, хүмүүсийн машин бүртгээд С зөвшөөрөл хүсч байна.
Өнгөрсөн хугацаанд С зөвшөөрөл зарагдаж байна гэх мэт яриа тасралтгүй гарч байсан. Нэг компани өөрийн эзэмшлийн биш 21 машиныг түр хугацаанд шилжүүлж аваад бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дүгнэлтийг цаасан дээр үйлдээд авто тээврийн хэрэгслийн гэрээ байгуулдаг. Үүнийхээ дараа 21 машинаа эздэд нь буцаагаад шилжүүлдэг. Нүүрс тээвэр ашигтай байна гэж үзээд иргэд маш их авто машин худалдаж авсан. Нэг, хоёр машинтай маш олон иргэн бий. Иргэдийн машиныг авто тээврийн хариуцлагын гэрээтэй аж ахуйн нэгж өөр дээрээ бүртгээд явж байна. Тиймээс мэргэжлийн холбоо нэгдлүүд нь манай компанид шаардлага хүсэлт өгсөн. Үүний дагуу бид С зөвшөөрөл хүссэн машинууд нь тухайн компанийн эзэмшил мөн үү гэдэг мэдээллийг мэдээллийн нэгдсэн системээс шалгасан. Мөн улс хоорондын ачаа тээвэр хийхэд мэргэшсэн жолоочийн ангилалтай байх ёстой. 17000 гаруй тээврийн хэрэгсэл дээр 17000 жолоочийн мэдээллийг ирүүлж байгаа. Гэтэл үүнээс 1500 гаруй иргэний мэргэшсэн жолоочийн хугацаа дууссан байна. Энэ мэт зөрчилтэй компаниудыг хасаад зөвшөөрлөө олгоод явж байна.
Стандартаа барьдаг, зарчимтай компаниуд нүүрсний тээвэрт үйл ажиллагаагаа явуулах ёстой. Түүнээс хэн нэгэн иргэн дангаараа улс хоорондын ачаа тээвэр эрхлэх боломжгүй. Хэрвээ машинаа зээлээр авсан бол үндсэн мэдээллийн системд мэдээллээ байршуулах хэрэгтэй. Ингэж бүртгүүлээгүйгээс болж IV улиралд С зөвшөөрөл авч чадаагүй аж ахуйн нэгжүүд хандаж байна. Энэ хүмүүстэй уулзана. Гэхдээ компани энэ улирлын С зөвшөөрлөө олгоод нээлттэй байршуулсан байгаа” гэлээ.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн