Хамас гэнэтийн дайралт хийснээс хойш нэг өдрийн дараа Израилийн өмнөд хэсэгт хэд хэдэн газар ширүүн тулаан үргэлжилж байгаа тул Израиль улс "дайны байдал" зарлалаа.
Израилын Батлан хамгаалах хүчний (IDF) сөнөөгч онгоцууд өнөөдөр Хамас бүлэглэлийн "тагнуулын албаны “ барилгуудад цохилт өгсөн байна. Хэсэг хугацааны өмнө Израилын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцууд террорист Хамас бүлэглэлийн тагнуулын албаны байр руу цохилт өглөө.
Одоогийн байдлаар Израилын арми Газын зурвас дахь террористуудын объектуудад цохилт өгсөөр байгаа аж. Өнөө өглөө (орон нутгийн цагаар) Израилын арми Палестины дайчидтай найман байршилд тулалдаж байна. Эдгээр нь Сдерот, Яхини, Кфар Аза, Суфа, Беери, Киббутц Реим, Киссуфим, Зиким гэдэг стратегийн чухал байршлууд юм. Харин Хамас бүлэглэл "ширүүн тулаан үргэлжилж байна" гэж мэдэгдэв.
НҮБ: Газын зурвасаас 100 мянга гаруй хүн дүрвэжээ
НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн агентлагийн мэдээлснээр, Газын зурвасаас 123,538 палестин хүн дүрвэсэн байна. Израилийн дайралтаар сүйдсэн томоохон барилгуудын тоонд олон давхар орон сууц бүхий дөрвөн том цамхаг багтаж байгаа бөгөөд нийт 159 орон сууц сүйдэж, 1210 орон сууцны барилга ихээхэн хохирол амсжээ.
Израиль Газын ойролцоо 100 мянган нөөц цэрэг цуглуулж байна
Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч манай улс Хамастай хийж буй дайнд зориулж 100,000 нөөц цэргээ Газын зурвасын ойролцоо цуглуулсан талаар мэдээлжээ. Тэрээр "Бид Израилийн өмнөд хэсэгт байгаа 100 мянга орчим нөөц цэрэг цуглуулаад байна" гэж Жонатан Конрикус X-д нийтэлсэн видеондоо онцолсон байна. "Бидний ажил бол энэ дайны төгсгөлд Хамас Израилийн энгийн иргэдэд заналхийлэх цэргийн хүчин чадалгүй болохыг баталгаажуулах явдал юм. Үүнээс гадна бид ХАМАС Газын зурвасыг удирдаж чадахгүй гэдэгт итгэлтэй байх ёстой” гэжээ.
Газын зурвас Израиль Палестины маш урт хугацаагаар үргэлжилж буй зөрчил, мөргөлдөөний талаар хүн бүр мэднэ. Тэдний өнө удаан жил үргэлжилсэн зөрчил, мөргөлдөөний улмаас амиа алдсан, хохирсон хүний тоог гаргавал тоо томшгүй их тоо гарах биз. Иерусалем хотыг аль аль тал нь өөрсдийн эцэг өвгөдөөс өвлөсөн ариун дагшин газар гэж боддог бөгөөд энэ мэт хилийн маргаан, шашны ялгаа хоёр талын зөрчил мөргөлдөөний гол шалтгаан юм.
Газар дундын тэнгисийн зүүн эрэгт орших дэлхий дээрх цорын ганц еврейн улс бол Израиль юм. Харин Израилийн мэдэлд орших нутаг дэвсгэрт араб зон олон Палестин гэсэн тусгаар улс байгуулахаар хагас зуун жил тэмцэж ирсэн. Еврей болон ислам шашинт арабуудын хоорондох улс төрийн цуст тэмцэл XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед үүсчээ. 1947 онд НҮБ-ын Ерөнхий ассамблэйн тогтоолоор Палестиныг гурав хуваан нэгийг нь Еврэй, нөгөөг нь Араб Улс, Иерусалем хотыг засаг захиргааны онцгой бүс буюу холимог улс байхаар заасан юм.
Түүхт Иерусалим холимог хэсэгт багтсан нь хоёр талд аль алинд нь таалагдсангүй. Ингээд 1967 онд израилиуд гэнэт дайн зарлаж Газын зурвас, Иерусалемыг бүхэлд нь эзлэснээр Палестин бүхэлдээ эзлэгдсэн. Харин 1987 онд Палестиныг чөлөөлөх зорилготой ХАМАС бүлэглэл байгуулагдав. 1993 онд хоёр талын удирдлага уулзан, тайван замаар газар нутгийн маргаанаа шийдэх оролдлого хийсэн чүр дүнд төдийлөн хүрээгүй байна.