Open iToim app
Эрх зүй | 3 мин уншина

Төсөл: Хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгт 25 жил, эсвэл бүх насаар нь хорино, өршөөл уучлал үзүүлэхгүй

Төсөл: Хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгт 25 жил, эсвэл бүх насаар нь хорино, өршөөл уучлал үзүүлэхгүй
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 9
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхэд, гэр бүлийг хамгаалах, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний асуудлаар мэдээлэл сонссон. УИХ-ын гишүүд, олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүүхэд хамгаалах чиглэлээр олон тооны санал дэвшүүлсний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар шуурхай хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг үүрэг болгосон.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалалтай холбоотой тодорхой хуулийн төслийг боловсруулж, урьдчилсан байдлаар МАН-ын бүлэгт танилцуулсан байна. Улмаар бүлгээс хуулийн төслийг дэмжиж, яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжжээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хүүхэд хамгаалах эрх зүйн орчныг цогцоор нь боловсронгуй болгох чиглэлээр зургаан асуудлыг оруулж ирсэн байна.
Хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуульд өөрчлөлт хийх хүрээнд:
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх болон хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох
  • Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх
  • Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанд хорих хугацаанаас өмнө суллахгүй байх
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
  • Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд 1986 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан бага насны хүүхдийг тодорхойлсон насны ангилал 14 нас байгааг 16 нас болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийн саналыг дэвшүүлсэн байна.
Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын болдого чангарч байгаа аж.
Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оноож байгааг 12-25 жил хорих, эсвэл бүх насаар нь хорих ялтай болгох, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жилийн хорих ял оноож байгааг мөн 12-25 жил хорих, эсвэл бүх насаар хорих ялтай болгох. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оноож байгааг тэнсэн харгалзахгүй 2-8 жил хорих ял болгох, 14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оноож байгааг 12-20 жил хорих, эсвэл бүх насаар нь хорих зэргээр ялын бодлогыг чангаруулах аж.
Түүнчлэн Эрүүгийн хуульд хүүхэдтэй хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулж, тэнсэн харгалзахгүй 2-8 жилийн хорих ял оногдуулах. 18 нас хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлэх, эсвэл бүх насаар нь хорих ял оногдуулахаар төлөвлөж байгаа аж.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн