Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Дэлхийн уул уурхайн салбарын рок од Роберт Фридланд гэж хэн бэ

iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 9
Зургийн эх сурвалж: ORE HUIYING/BLOOMBERG
Зургийн эх сурвалж: ORE HUIYING/BLOOMBERG
Оюутан насаа Стив Жобстой ойр өнгөрүүлсэн, хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх металлын ордуудыг нээн илрүүлсэн гээд Роберт Фридландыг сонирхолтой түүх, алдар цуу, нэр хоч дагадаг. 
Өнөө цагийн уул уурхайн салбарын рок одуудын нэг, АНУ, Канадын бизнесмэн, тэрбумтан Роберт Фридланд Монголын уул уурхайн 7 хоногийн хамгийн онцлох зочин болоод байна.
Түүний дэлхийн уул уурхайн салбарт аз, од нь гийх эхлэл 1990-ээд онд Канадад 2.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй никелийн орд нээсэн үеэс тавигджээ. Үүнээс 10 жилийн дараа Р.Фридланд өмнийн говьд дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох болох Оюу толгойг монгол, гадаад геологичдын багийн хамтаар нээсэн билээ. Түүний дараа Конгод мөн дэлхийд хоёрт бичигдэхүйц үлэмж зэсийн орд олсон нь түүнийг энэ бөмбөрцөг дээрх хамгийн азтай хайгуулч нэрийг зүүхэд хүргэсэн бөгөөд зөвхөн олборлолтын салбарт гялалзаад зогсохгүй “Crazy Rich Asians” киногоороо Box Office-ийг ч донсолгосон юм. 
Роберт Фридландын зураагүй гарын үсэг ба 150-р цооног
Түүний "Айвенхоу Майнз" компани 2000 оны тавдугаар сараас эхлэн Оюу толгойн талбайд нийтдээ 120 орчим цооног өрөмдөөд дорвитой үр дүн гараагүй, цааш ажиллах төсөвгүй болсон байжээ. Энэ үед Роберт Фридландаас бусад удирдлага төслийг хаах шийдвэрт гарын үсэг зурсан буюу 2001 оны 6-р сард хайгуул зогсохдоо хүрээд байв.
Гэхдээ Р.Фридландын зориг, 150 дугаар цооногийг Баруун-өмнөд оюугийн “Алтан гурвалжин” дотор өрөмдөх санал гаргасан геологич Д.Гарамжавын мэргэн тооцооллын ачаар зэс-алтны асар том хүдрийн биетийг илрүүлсэн нь одоогийн Монгол Улсын тэргүүлэх уурхайнуудын нэг Оюу толгойн орд байжээ.
Түүнээс 3 жилийн дараа буюу 2004 оны 3-р сард “Айвенхоу Майнз”-ын геологийн багийн ололт амжилтыг Хойд Америкийн уул уурхайн салбарын Хайгуулч, хөрөнгө оруулагчдын холбооноос өндрөөр үнэлж, Оюу толгойн Хюго Дамметтийн ордыг 2003 оны дэлхийн уул уурхайн хамгийн том нээлт болохыг зарласан билээ.
Зүүн гараас: Г.Батсүх, Чарли Форстер, Д. Гарамжав, Дуглас Кирвин
Зүүн гараас: Г.Батсүх, Чарли Форстер, Д. Гарамжав, Дуглас Кирвин
Үүний дараа тэрээр компанийнхаа хяналтын багцыг Оюу толгойн одоогийн гол хөрөнгө оруулагч, дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “Рио Тинто”-д шилжүүлсэн бөгөөд ингэснээр тус компанийн эзэмшдэг блокчлон олборлох гүний уурхайн технологи Монголд нэвтэрсэн байна. Энэ нь Оюу толгойг дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайнуудыг нэг болох өсөлтийн замын эхлэл байв. 
Эдүгээ тэрээр олон улсад зэсийн хайгуул, олборлолтын төслүүд дээр ажилласаар байна. Буддын шашинтай Р.Фридланд Оюу толгой төслийн талбайн орчимд байрлах Дэмчогийн хийдийг сэргээн засварлах ажилд багагүй хөрөнгө оруулалтуудыг хийж байсан аж. 
Зэсийн ирээдүйн сурталч
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтууд, цахилгаан машин, гар утас, салхин сэнс зэрэг технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн өсөлтийн зам дээрээ нэгэнт гарсан металл бол зэс. Зэсийн эрэлт хэрэгцээ их байгаа ч одоогоор олдоод буй нөөц энэхүү огцом өссөн хэрэгцээг хангах яагаа ч үгүй.
Тиймдээ ч дэлхийн алс хязгаарт орших зэсийн томоохон ордуудыг олж нээсний хувьд Р.Фридланд энэхүү металлын ирээдүйг олон улсад хамгийн ихээр сурталчилж буй. Хамгийн сүүлд нь гэхэд энэ оны 6-р сард зэсийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Айвенхоу Электрик” компаниараа АНУ-ын хөрөнгийн захаас 170 сая ам.доллар босгоод амжжээ. Мөн тэрээр АНУ зэсийг нэн чухал ашигт малтмалын жагсаалтад оруулж, зэсийн олборлолтыг чухалчлах хэрэгтэй хэмээн идэвхтэй байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Ямартай ч дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх 2 том зэсийн ордыг олж нээсэн, дэлхийн уул уурхайн салбарын гялалзсан од Монголд олон жилийн дараа дахин ирлээ. Салбарын анхаарлын төвд байдаг түүнийг дагаж  Оюу толгой, Монгол Улс хөрөнгө оруулагчдын газрын зурагт дахин нэг удаа тодрон гарч ирэхээр байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн