Уул уурхайн орон гэгддэг Австрали улсын шинэхэн уурхайнуудын нэг болох Гудай-Дарри уурхайгаар зочлох боломж олдсон юм.
Төмрийн хүдрийн Гудай-Дарри уурхай нь бидний сайн мэдэх Сидней хотоос баруун тийш 3000 гаруй км зайд оршдог. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч уул уурхайн орчин үеийн трэнд тэнд байна.
Гудай-Дарри уурхайн талаар товчхон…
Гудай-Дарри уурхай нь Баруун Австралийн Пилбарад бий. 2019 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто" компани уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж байжээ. Пилбарагийн уламжлалт эзэд нь Банжима овгийнхон бөгөөд 2022 оны зургадугаар сард тамхилах заншлаа төрийн холбогдох албан тушаалтан, Рио тинтогийнхонтой хамт хийснээр уурхай анхны хүдрээ олборлож байв.
Жилд 43 сая тонн төмрийн хүдэр экспортлох хүчин чадалтай.
Олборлолтыг эхлүүлэх хүртэл" Рио Тинто" компаниас 3.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Төмрийн хүдрийн хоёр үндсэн бүтээгдэхүүн гаргадаг. Пилбарагийн брэнд болсон Пилбара блэнд бүтээгдэхүүнийг ч мөн гаргадаг юм.
Хамгийн гол нь бүрэн автомажсан.
Гудай-Дарри уурхай нь ил уурхай. Уурхай ажиллах зарчим их энгийн. Төмрийн хүдрийг олборлоно, үйлдвэрлэнэ, тээвэрлэнэ, экспортолно. Бусад уурхайн л адил ажиллагаа мэт сонсогдож байгаа биз. Гэхдээ үүнд хүний оролцоо тун бага. Зөвхөн техник хэрэгслийн арчилгаа, засвар, хяналт, удирдлагад л хүний оролцоо бий. Биднийг очиж үзэхэд том том техник хэрэгслүүд холхиж байсан ч нэг нь ч жолоочгүй байгаа нь харагдсан юм.
Уурхайн тархи нь 1500 км зайд Перт хотод бий
Пилбарад +40 градус халуун байх нь энгийн л үзэгдэл. Хамгийн халуундаа 52-55 хэм хүрдэг. Ялангуяа уурхайн орчмын хэсгээр +50 градус хүрч халах нь энгийн үзэгдэл байдаг аж. Хүн байхаас ч халшрам энэ халуунд олборлолт хийнэ гэдэг хэцүү. Тиймдээ ч дижитал уурхайг энд хөгжүүлж байна гэж хэлж болох юм.
Уурхайд нь хүн бага ажилладаг юм бол яаж төмрийн хүдрээ олборлоод байна вэ гэх асуулт гарах байх. Гудай-Дарри уурхайн удирдлагын төв нь уурхайгаас 1500 км зайд Баруун Австралийн төв болох Перт хотод байдаг. Тэндээс л уурхайд ажиллаж буй бүх тоног төхөөрөмжийг удирдан олборлож байна. Уурхайн удирдлагын төвд нэг хүн гэхэд 30-аад тоног төхөөрөмжийг зэрэг удирддаг хэмээн менежер нь хэлж байсан юм.
Олборлолт, үйлдвэрлэлт...
Уурхайд гурван ширхэг өрөмдлөгийн автомат машин бий. Өрмийн машиныг Пертээс удирдан тэсэлгээний цооногийг өрөмдөж, хүдрийн биетийг гаргаж ирнэ. Түүнийг 220 тоннын хүчин чадалтай жолоочгүй автомашинаар зөөнө. Гудай-Дарри уурхай нь ийм 26 машинтай. Байршил тогтоох систем (GPS)-д суурилсан энэхүү ачааны машин урьдчилан гаргасан маршрутын дагуу уурхайн зам, уулзваруудаар зорчдог. Мөн машин бүрийн бодит байршил, хурд, чиглэлийг хором бүрт бүртгэж байдаг аж.
Пилбара мужийн шороо нь улаан хүрэн өнгөтэй. Тэр ч утгаараа зочилж буй хүмүүсийг улбар шар, улаан, хүрэн өнгийн хувцас өмсөхгүй байхыг анхааруулдаг юм билээ. Ийм шороогоор том машинууд явахаар шороо тоос босох нь их. Иймд тоосжилтыг дарах ус шүршигч машин байнга ажилладаг. Энэ дэлхийд анхдагч гэдгээрээ онцлог бөгөөд мөн л Пертээс удирдаж буй.
Уурхайд цагт дунджаар 9000 гаруй тонн төмрийн хүдрийг анхдагч бутлуурт буталж конвейраар дамжуулан ачилт руу шилжүүлнэ. Конвейраар дамжуулах үед шаардлага хангаагүй төмрийн хүдрийг хоёрдагч бутлуур руу дамжуулах бөгөөд хоёрдагч бутлуурт төмрийн хүдрийг шаардлага хангасан хэлбэртэй болгон дахин конвейр дээр ачдаг байна.
Рио Тинто компани нь Пилбара дахь уурхайнуудаа төмөр замаар холбож чаджээ. Нийт 2000 гаруй км үргэлжлэх энэхүү төмөр замын 1700 гаруй км нь гол төмөр зам бол үлдсэн нь туслах замууд юм. Төмөр замаар мөн л жолоочгүй галт тэрэг төмрийн хүдрийг зөөнө. Нэг галт тэрэг гэхэд 2500 метр урт, 240-260 чингэлэгтэй. Пилбара дахь Рио тинтогийн төмөр замын байгууламж нь нийтдээ 220 зүтгүүр 13500 чингэлэгтэй. Манай улс улсынхаа хэмжээнд 137 зүтгүүр, 3000 гаруй чингэлэгтэй билээ.
Жолоочгүй галт тэрэг нь төмөр замын гарам дээрх эрсдэлийг бууруулж, хурдны хязгаарлалт, дохиололд автомат хариу үйлдэл үзүүлэх замаар аюулгүй байдлыг сайжруулдаг. Түүнчлэн галт тэрэгний жолооч нарыг аяллын дундуур галт тэргэнд хүргэж өгөх, тосож авах хэрэгцээ үгүй болсноор жил бүр 1.5 сая орчим километр аяллын зардал хэмнэгдэж, аюул ослын эрсдэл ч арилсан гэж менежер нь танилцуулав. Төмөр замын эцсийн цэг нь хоёр далайн боомт.
Бүрэн автомажсан уурхайгаас бүрэн автомат галт тэргээр ирсэн төмрийн хүдэр нь бүрэн автомат боомтоор хил гарна. Жолоочгүй галт тэрэгнээс төмрийн хүдэр овоолго руу шилжинэ.
Тус овоолгоос Reclaimer гэх хутгууртай автомат төхөөрөмж төмрийн хүдрийг конвейр дээр ачна. Конвейр явсаар төмрийн хүдрийг усан онгоцонд ачна. Ингээд усан онгоц төмрийн хүдрийг аваад хил гарна. Төмрийн хүдрийг ихэвчлэн БНХАУ, Хонгконг руу экспортолдог байна.
Эрчим хүчний хэрэглээний 63 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг
Уурхайд эрчим хүчний найдвартай эх үүсвэр хамгаас чухал. Энэ уурхайн эрчим хүчний нийт хэрэглээний 63 хувийг сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчээр хангадаг байна.
Пилбарад 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байдаг байна. Нийт 50 га газарт 18 мянга гаруй нарны панелыг байршуулснаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэж буй 30 МВт-ынхаа 12 МВт-аар Гудай-Дарри уурхайн 63 хувийг хангадаг гэсэн үг юм.
Олборлолтоос эхлээд экспорт хүртлээ бүрэн автомажсан Гудай-Дарри уурхай ингэж ажилладаг. Уурхайг үзээд төрсөн сэтгэгдэл гэвэл уул уурхай ирээдүй ийм л байх юм байна гэсэн итгэл юм. Магадгүй уул уурхайдаа түшиглэсэн манай улс хэзээ нэгэн цагт ийм дижитал уурхайтай болохыг үгүйсгэхгүй. Энэ хүртэл бидэнд хугацаа бас бэлтгэл хэрэгтэй.
Манай улс 2022 онд 4.7 сая төмрийн хүдэр экспортолжээ
Харин 2023 оны найман сарын байдлаар 3.6 сая тонн төмрийн хүдэр экспортолсон бөгөөд оны эцсээр экспортын хэмжээг 8.4 сая тоннд хүргэнэ гэсэн хүлээлттэй байна. Жил бүр л төмрийн хүдрийн олборлолт, гарцыг сайжруулна гэж албаны хүмүүс хэлдэг ч бодит байдал дээр төдийлөн амжилт олоогүй. Тодруулбал, манай улс 2011 онд 5.8 сая, 2012 онд 6.4 сая, 2013 онд 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолж байж. Гэтэл үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч төмрийн хүдрийн экспорт улам л мууджээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц бий гэж таамагладаг ч одоогийн байдлаар 1.2 тэрбум тонн нь батлагдсан байдаг.
Тэгвэл дэлхийн уул уурхайн салбарын томоохон тоглогчдын нэг Австрали улсад 127 төмрийн хүдрийн уурхай ажиллаж байна. Тэд өнгөрсөн онд 932 сая тонн төмрийн хүдэр олборлож, 874 саяыг нь экспортолсон аж. Энэ 127 уурхайгаас "Рио Тинто" компани Австралийн Пилбара мужид нийт 17 төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийж байна. Тэдний энэ жилийн зорилго нь 360 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргах. Улсынхаа төмрийн хүдрийн гуравны нэгийг тэд экспортолж байна гэсэн үг. Үүнээс бидний очсон Гудай-Дарри уурхай гэхэд жил дангаар 43 сая тоннын хүчин чадалтай. Бодоод үзэхэд Австрали дахь олон уурхайгаас ганц нь л гэхэд манай улсын 10 жил хийх экспортыг олборлож байна. Австрали улсын төмрийн хүдрийн нийт батлагдсан нөөц 52 тэрбум тонн. Мэдээж Австралийн нөөцийг манай нөөцтэй харьцуулахааргүй ч ядаж л бид экспортоо тогтвортой өсгөх шаардлагатай билээ.