Дорноговь аймгийн Сайншанд суманд сургуульдаа явахаар гарсан 12 настай хүүхэд энэ сарын 3-ны өдөр ор сураггүй алга болж, өдийг хүртэл хайсаар байгаа билээ. Уг үйл явдал эцэг эхчүүдэд хүүхдэдээ анхаарч, тэднийг сонсч, хариуцлагатай байхад том дохио болов.
Манай улсын хувьд 1990-2022 оны аравдугаар сар хүртэл 0-16 насны 10,115 хүүхдийг эрэн сурвалжилсан байдаг. Ийнхүү эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд нь нийтэд зарлагдсан цагаас 1-4 цагийн дотор, зарим тохиолдолд 24-72 цагт олддог аж. Хэрэв олдохгүй бол сураггүй алга болсон гэх тодотголтой үлдэх юм. Яг ийм тодотголтой олон нийтийн мэдэх хэд хэдэн жишээ бий. Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд мөн л Дорноговь аймагт сургуульдаа явахаар гэрээсээ гараад ор сураггүй алга болсон найман настай Д.Сэржмядаг охин багтаж буй. Тиймээс ийм байдлаар дахин нэг хүүхэд алга болох магадлалтай, алга болох вий гэх айдас, болгоомжлол нийгэмд үүсч байна.
Алга болсон хүүхдүүдийн тухайд эцэг эхийн хараа хяналт муугаас ихэвчлэн төөрсөн байдаг. Тухайлбал, “ойрхон худаг, дэлгүүр ороод ирэх юм чинь гайгүй биз” хэмээн орхин гарах үед хүүхэд эцэг эхээ хайж араас нь гарч төөрөх, олон нийтийн газар хөтлөхгүй, анхаарахгүй явах зэргээс хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар, автобусны буудал зэрэг газруудад алга болсон тохиолдол их байдаг аж. Мөн өсвөр насны буюу дунд, ахлах ангийн сурагчид эцэг эх, асран хамгаалагчдадаа хэлэхгүйгээр анги, хамт олон, найз нөхдийн гэр болон бусад газарт очиж хонох, хэн нэгний ятгалга, буруу үлгэр дуурайлалд автан гэрээсээ дайжихаас болж эрэн сурвалжлагдсан байдаг. Түүнчлэн, осол, гэмт хэргийн зөрчилд өртөж хохирсон байх тохиолдлууд ч байхыг үгүйсгэхгүй гэдгийг албаныхан мэдээлсээр буй.
Ганцхан манай улсад л хүүхэд төөрч, алга болдог уу гэвэл бас тийм биш. Дэлхий даяар жил бүр хэдэн зуун мянган хүүхэд алга болж, төөрдөг. Тэр дундаа ор сураггүй алга болж, эргэн олдохгүй байх тохиолдол ч бий. Иймдээ ч дэлхий даяар эрэн сурвалжлагдаж, хайж буй хүүхдүүдийг олоход тус болохоор олон байгууллагууд цагийн эрхэнд бий болсон. Тэдгээрийн нэг нь таван тивийн 30 орныг хамруулсан Global Missing Children’s Network. Уг байгууллагын мэдээлснээр улсуудад жил бүр 2-400 гаруй мянган хүүхэд алга болж, дуудлага мэдээлэл ирдэг байна.
Ийн харвал манай улсаас гадна олон улсад бага насны хүүхдүүд ихээр алга болдог аж. Гэхдээ учир шалтгааныг тодруулах нь чухал. Эцэг эхийн хараа хяналт муутайгаас болсон уу, хүүхдийг хулгайлсан уу, аль эсхүл санаандгүй байдлаар хүүхэд төөрч, алга болсон уу гэдэг нь өөр өөр нөхцөл байдал. Яг одоогийн нөхцөл байдлаар иргэд олон нийт хүүхдийг хулгайлсан байж болзошгүй гэх зүйлийг тал талаас ярьж буй. Тэгвэл олон улсад хүүхэд хулгайлбал ямар ял авдаг вэ. Жишээлбэл, Францын Эрүүгийн хуульд "Тухайн эрх бүхий байгууллагын тушаалгүйгээр хуульд зааснаас бусад тохиолдолд хүнийг зогсоох, зайлуулах, баривчлах, хулгайлах" үйлдлийг хорин жилийн хорих ялаар шийтгэдэг. Хэрэв хохирогч хүн хулгайлах гэмт хэргийн улмаас зэрэмдэглэгдсэн эсхүл бүрмөсөн тахир дутуу болсон бол гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гучин жилийн болон бүх насаар нь хорих ялаар шийтгэх аж.
Түүнчлэн, хяналтын камер болон бусад хүчин зүйлээс үүдэн эрэн сурвалжлах ажиллагаа удааширдаг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээд буй. Тэгвэл Франц улсын тухайд 2006 оны хоёрдугаар сараас эхлэн бага насны хүүхэд хулгайлагдсан үед чухал мэдээллийг /радио, телевиз, гудамж, нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлын дэлгэц/-ээр дамжуулдаг Alerte Enlevent гэх үндэсний хэмжээнд зарлан мэдээлэх системийг нэвтрүүлсэн нь хүүхдийг эрэг хайхад томоохон хувь нэмэр болжээ.