Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Бадрах Энержи ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Бадрах Энержи ХХК-ийн 66 хувийг Францын Орано групп, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани 2006 онд долоо мянга гаруй тоннын нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тоннын нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээн илрүүлсэн түүхтэй. Манай улсын нийт ураны нөөц 200 орчим мянган тонн байдаг бол Бадрах Энержи ХХК нь Монгол Улсын ураны нөөцийн 50 хувийг эзэмшиж байна. Ийнхүү 25 жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасны эцэст Бадрах Энержи ХХК нь Зөөвч-Овоо ордоос тогтвортой олборлолт хийх хөрөнгө оруулалтыг хийх хүсэлтээ Засгийн газарт өгчээ. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас болон Франц улсын Засгийн газар тус бүр ажлын хэсэг байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж буй юм. Бадрах Энержи ХХК-ийн талаас хөрөнгө оруулалтын гэрээг энэ ондоо багтаан байгуулна гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ сард Францад хийх айлчлал нь гэрээний явцыг нэг шатаар ахиулна хэмээн харж байгаа аж. Францууд Монголын ураны салбарт хэлтэй амтай, хэрүүлтэй тэмцэлтэй 25 жил ажилласан. Энэ бүхний үр дүн ураны тогтвортой олборлолтоо эхлүүлэх хүсэлтэй аж.Бадрах Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын өгсөн мэдээллээр “Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаар 1.6 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ. (ТЭЗҮ батлагдах үед өөрчлөгдөж болно) Энэ ондоо Хөрөнгө оруулалтын гэрээгээ баталж амжвал 2024 онд барилга угсралтын ажлаа эхэлж, 2028 оноос үндсэн уурхайн ашиглалт эхэлнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2500 тонн уран үйлдвэрлэнэ” гэсэн. 1.6 тэрбум доллар гэдэг бол манай улсын хувьд Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын дараагаар бичигдэх гаднын шууд хөрөнгө оруулалт юм.