Open iToim app
Эрүүл мэнд | 5 мин уншина

Сэтгэцийн эрүүл мэндгүй Монгол Улс

Сэтгэцийн эрүүл мэндгүй Монгол Улс
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 2
Хүн төрөлхтний түүхэнд гурван зүйл үхэлд хүргэж, үй олноор устгаж, улс, омгоор нь үгүйрүүлж байв. Өлсгөлөн, халдварт өвчин, дайн. Тэр дундаа халдварт өвчин хэдэн зуун саяар нь устгасан, сүйрүүлсэн. Тухайлбал, 1330-аад оноос эхэлж тархсан нохой бөөсөнд шимэгчилж амьдардаг Ерсиниа пестис бактерийн улмаас Евроазийн нийт хүн амын дөрөвний нэгээс илүү буюу 75-200 сая хүн энэ тахлаар нас барж байсан удаатай. Гэхдээ аз завшаанаар гэх юм уу, амьдралын боломжоор гэх юм уу, мэдэхгүй. Ямартай ч дэлхий даяар соён гэгээрч техник, технологи хөгжсөнөөр эл төрлийн өвчнийг дарах чадамжтай болсон. Харамсалтай нь, өдгөө дэлхий даяар халдварт өвчнөөс хамаагүй хурдан “тархаж” буй өвчин нэгээр нэмэгдсэн. Тэр нь сэтгэцийн олон талт өвчин, эмгэгүүд юм.
Энэ нь манай улсад ч хор, хөнөөлөө тулгаж байгааг бидний өдөр тутмын амьдрал өгүүлж байгаа. Тухайлбал, сүүлийн арав гаруйхан хоногийн хугацаанд нийгэмд өрнөж буй бага насны хүүхдүүд нэгнээ шатаах гэж оролдох, гарааш дээр гарч зүй бус үйлдэл хийх, тоглож байсан хүүхдийг хутга тулган сүрдүүлэх, амиа хорлох, гурван хүүхэдтэй эх хүүхдүүдийн хамт зуурдаар өнгөрөхөд тоглоом шоглоом болгох, хэн нэгнийг автомашинаар дайран гэмтээж, амь насаар нь хохироосон ч гэмших мэдрэмжгүй байх зэрэг үйл явдал нь нэгийг хэлээд байх шиг.
Хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэл санаа, сэтгэлзүй ямар байна, тэр хэмжээгээр үйл хөдлөлөө илэрхийлэх нь элбэг. Тэгэхээр хэн нэгнийг өрөвдөх сэтгэлгүй, уур уцаартай, хайхрамжгүйгээр харамсалтай хэрэг, үйлдлийг үйлдэж байгаа нь сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой гэхэд нэг их хол зөрөхгүй.
Монгол Улс сэтгэцийн эрүүл мэнд дээр МУУ дүн авсаар ирсэн
Манай улсын хувьд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг асуудалтай гэх судалгаа бий. Бүр цаашлаад, 2013 онд манай улсад сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалтыг 18-64 насны иргэдийн дунд хийхэд сэтгэл түгших  эмгэг  18.4,  нойрны эмгэг  17.5 , архаг ядаргаа  16.2,  тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа  11.9, архинд донтох эмгэг 6.4,  сэтгэл  гутрах эмгэг  6.2 хувийн тархалттай байв.
Харамсалтайн, тус судалгаанаас найман жилийн дараа буюу 2021 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/СЭМҮТ/-өөс 21 аймгийн 330 сум,  нийслэлийн есөн дүүргийн  иргэдээс авсан судалгаагаар дараах дүн гарчээ.
Судалгааны дүнгээс харвал сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэгүүд хэр хэмжээгээр иргэдийн дунд нэмэгдэж байгааг тод харж болно. Түүнчлэн, 2013 оны судалгааны дүнг 1984-1992 онд хийсэн судалгааны дүнтэй харьцуулбал стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн байдаг. Товчхондоо, судалгаа авах бүрд манай улс сэтгэцийн эрүүл мэнд дээрээ "МУУ" дүн авсаар ирсэн байна. Муу дүн авсны хэрээр нийгэмд гарах олон талт асуудал, "жигшүүрт" гэмт болон зүй бус үйлдлүүд нэмэгдэж буй. Жишээлбэл, сэтгэцийн асуудалтай хүний эцсийн бөгөөд хамгийн хохиролтой зүйл нь амиа хорлолт байдаг. Зөвхөн амиа хорлолтоос үүдэн жилд 450 иргэнээ Монгол Улс алдаж байгаа. Цаашилбал, 13-17 насны хүүхдүүдийн 23 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд амиа хорлох талаар бодож үзсэн, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэх судалгаа ч бий. Ирээдүй хойч үе, хүүхэд багачууд ч амьдрах, сурах, хүсэл тэмүүлэлгүй унтарчихаж. Ингээд харахад өндөр байшин, өнгө мөнгө харсан хөгжлөөс илүүтэй хүндээ, хүнийхээ сэтгэлзүйд анхаарах цаг нь болсон юм биш үү.
Бид яах ёстой вэ
Нэгд, нэгэнт манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал "шалаар" байгаа тул иргэд өөрөө өөртөө анхаарах нь чухал. Иргэдийн дунд "нялцгар, доожоогүй" гэх түгээмэл яриа, ойлголтоос болж сэтгэцийн ямар нэг асуудалтай гэдгээ нуух, түүнээсээ санаа зовох нь бий. Тэгвэл үүнийг үл анзаарч өөрт илэрч, мэдрэгдэж буй зовуурь, шаналал, түгшүүрийг мэргэжлийн эмч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, тусламж үйлчилгээ авах нь зүй ёсных.
Хоёрт, сэтгэцийн ямар нэг эмгэг, бусад асуудлууд тухайн хүний бага настай холбогдох нь элбэг. Нэгэн жишээг дурдъя, иргэн "А" /нэр дурдах боломжгүй тул А гэе/ мансууруулах бодист донтсон. Түүний ээж хүүхдээ донтолтоос гаргахын тулд сэтгэлзүйчид хандсан. Гэтэл хүүхдийн мансууруулах бодис хэрэглэх болсон шалтгаан нь тухайн хүүхдэд хэт өндөр шаардлага тавьж, хатуугаар өсгөснөөс болсон гэжээ. Тэгэхээр дан ганц нийгэм, хувь хүнээс хамаарахгүй аж. Нэг ёсондоо эрүүл сэтгэлзүйтэй нэгнийг бий болгоход эцэг эхчүүд ч чухал үүрэгтэй. Угаас нийгмийг бүтээж, цааш авч явах нь хүүхэд багачуул. Манай улсын хүн амын суврагыг харвал залуус, хүүхдүүд дээрээ түшиглэсэн байдаг.
Иймд манай улсын ирээдүй болсон эрүүл сэтгэлзүй, сэтгэцтэй нэгэн үеийн бэлтгэхэд манай улсад ямар асуудал байгаа, бид хэрхэх талаар Сэтгэлзүйч Д.Намуунзаяагаас тодруулсан байр суурийг хүргэж байна.
-Нийгэмд хүүхэд багачууд зарим төрлийн зүй бус үйлдлийг гаргах боллоо. Энэ нь ямар нэг сэтгэлзүйн асуудалтай холбоотой юу ?
-0-6 насанд хүүхдийн суурь хүмүүжлийн 80 гаруй хувь нь тавигддаг. Ямар хүн болж, хэнийг даган дуурайх вэ гээд томчуудыг хараад байж байдаг. Энэ үед аав, ээжүүд сайн анхаарахгүй байгаатай холбоотой. Мөн нийгмийн сүлжээ, сошиал мэдээллийг ямар ч хэм хэмжээгүй үзэх боломжтой байгаагаас болж хүүхдүүд ёс бус зүйлийг даган дуурайх болоод байна. Ялангуяа бага насны хүүхэд даган дуурайх замаар өсөж хөгжиж байдаг. Даган дуурайх гэдэг нь ээж, аав ямар хүн байна. Тэр хүнийг дагана. Эсхүл юу илүү гоё байна, түүнийг даган дуурайдаг сониуч зан юм. Тэгэхээр энэ үед нь маш зөв харилцааг үүсгэж ярилцахгүй, чанартай цаг гаргахгүй, хүүхдийн онцлогт тохируулж харилцахгүй бол хүүхэд буруу тийшээ чиглэх магадлал өндөр байдаг.

-Ер нь, хүүхэд багачуудын сэтгэлзүйн эмгэг, асуудлууд яаж илэрдэг юм бэ? Насанд хүрэгчдийн хувьд согтууруулах ундааны зүйлийн хэрэглээ нь нэмэгдэх хандлагатай байдаг шүү дээ.
-Хүүхдийн стресс хэрхэн мэдэгддэг гэвэл дуугүй, дотогшоо болох эсхүл маш яриа хүүхэд буланд очиж суух, орондоо шээх, хумсаа мэрэх, уруулаа хазах, гар хуруугаараа ямар нэг зүйл оролдох зэргээр мэдрэгдэж, илэрч байдаг. Энэ үед анхаарахгүй бол хүүхэд буруу зүйл рүү татагддаг. Эсхүл ямар нэг зүйлийг цохиж, зодож, хэн нэгнийг дээрэлхэх сөрөг ааш зан нь түлхүү гарч ирнэ. Ерөөсөө сэтгэлзүйн боловсрол гэдэг зүйлд нь анхаарал хандуулахгүй байгаатай шууд холбоотой. Жишээлбэл, томчууд ч гэсэн өөрийн сэтгэл мэдрэмжийг илэрхийлэхдээ маш муу байдаг. Уурласан үедээ хэлж, ярьж арга хэмжээ авахгүйгээр сөрөг араншин гаргаж байгааг нь хүүхдүүд даган дуурайсаар байдаг. Тиймээс насанд хүрэгчид ч анхаарал хандуулж, өөрийгөө мэддэг байх шаардлагатай.
-Танаар үйлчлүүлж байгаа бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн ямар асуудал тулгарсан байдаг вэ?
-Ихэнх зөвлөгөөнөөсөө харахад хүүхдүүдийн хэлдэг нэг зүйл бий. Энэ зүйлийг аав, ээжээсээ нууцалмаар байна. Битгий хэлээрэй ойлгохгүй загнаад, аашлаад байдаг юм гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр томчууд аашилж, загнахгүй болох хэмжээний боловсролтой болсон үед л хүүхэдтэйгээ харилцаж чаддаг болно гэсэн үг. Сэтгэлзүйн боловсролтой болсон үед ээж, аав ойлгох учраас болохгүй, мэдэхгүй байгаа асуудлаа  асууж болох юм байна гэсэн мэдрэмж хүүхдэд үүсдэг юм шүү.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн