Үйл явдал | 4 мин уншина

Daewoo болон Тэнүүн-Огоо алдаагаа хүлээн зөвшөөрч, автобусаа татна гэв

Daewoo болон Тэнүүн-Огоо алдаагаа хүлээн зөвшөөрч, автобусаа татна гэв
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 1
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Солонгост үйлдвэрлэсэн гэх шинэ автобусыг хүлээн аваад байгаа билээ. Тэгвэл шинэ автобусны чанар стандарт асуудал дагуулж эхэллээ. Нэг автобусыг 400 сая төгрөгөөр тооцож, 318 тэрбум төгрөгөөр шинэ автобус худалдан авах гэрээ хийж, эхний 100 автобус орж ирээд байгаа юм. Ингэхдээ автобум худалдан авах асуудлыг нууцын зэрэг оруулж, тендергүйгээр захиалагчийн сонгосон мөн маргаан дагуулж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод ирээд байгаа 80 автобусны нэг ширхэг нь 400 саяын шинэ автобус мөн үү, хуучин 40 сая төгрөг хүрэхгүй автобусыг засварлаад оруулж ирсэн гэдэг асуудал өрнөөд байна. Өчигдөр Сүхбаатарын талбай дээр дэлгэж харуулсан шинэ автобус яавч 400 сая төгрөг хүрэхгүй гэдгийг мэргэжилтнүүд ч, иргэд ч хэлсэн. Эл асуудлыг яаралтай шалгаж тогтоох, үнэ өртгийг тодорхойлох чиглэлийг Ерөнхий сайд ЦЕГ болон АТГ-т өгсөн.
Тэгвэл өнөөдөр шинэ автобус нийлүүлсэн гэх Өмнөд Солонгосын Daewoo компанийн захирал Ким болон худалдан авагч буюу захиалагч Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
А.Ганхуяг: “Daewoo”-г автобуснуудаа бүгдийг нь татахыг шаардсан
undefined
Тэнүүн-Огоо компанийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг: Daewoo автобусыг сонгосон шалтгаан 2009 онд Монгол Улсын Засгийн газрын худалдаж авч байсан 400 автобусыг оруулж ирэхэд тухайн үед гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Би бол захиалагч байгууллага юм. Үйлдвэрийн гарсан алдааг Daewoo компани өөрөө бүрэн хариуцна. Би өөрөө шинэ автобусуудыг үзлээ, харлаа шаардлага хангахгүй асуудал байна. Тиймээс би “Энэ автобуснуудаа бүгдийг нь тат. Танайх олон улсын дүрмээ биелүүл" гэдэг шаардлага тавьсан.
Daewoo компанийн хувьд манайд нийлүүлж байгаа автобусаа зах зээлийн үнээс 30 хувиар хямдруулж өгч байсан. Манайхан нэг автобусыг 400 саяар авсан гэж яриад байна. Гэхдээ тийм биш, нэг автобусыг 336 сая төгрөгөөр авсан. Үүн дээр тээврийн зардал нь 9800 ам.доллар болж байгаа. Вьетнамын Портоос Улаанбаатарын Замын-Үүд хүртэлх зардал. Ингээд тооцохоор нэг автобус 86 мянган ам.долларын өртөгтэй. Энэ бол Daewoo гэдэг брэндийн автобус. Манай аж ахуйн нэгжүүдийн оролцох асуудал биш шүү дээ. Хэтэрхий их улс төрийн тоглолт хийж, энэ төслийг унагаах гэж байна. Нийтийн тээврийн салбарыг улстөржүүлэх хэрэггүй байгаа юм. Ороод ирсэн автобуснууд дээр гарсан процедур, техникийн алдааг 100 хувь хүлээн зөвшөөрнө. Үйлдвэртэйгээ хатуу ярина, тиймээс ч тат гэдэг шаардлага тавьсан. Одоо 80 автобус орж ирсэн, энэ автобусаа бүгдийг нь татаад, өөрчлөөд дахиад хийлгүүлье гэж байгаа.
Шаардлага хангаагүй автобус оруулж ирж Улаанбаатарчуудын дургүй хүргэсэндээ уулчлалт гуйж байна.
Daewoo: Монгол Улсын Засгийн газар болон А.Ганхуяг захирлын шахалтаас болж манайх автобусаа үйлдвэрлэхдээ жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан
undefined
Daewoo Bus компанийн дэд ерөнхийлөгч Ким: Монголоос захиалга өгөхөд манай үйлдвэр богино хугацаанд хурдан автобус үйлдвэрлэсэн болохоор жижиг сажиг /будаг гэх мэт/ маш их алдаанууд гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ том алдаа биш шүү. Сүүлийн өдрүүдэд гарч байгаа зарим мэдээлэл хуурамч худал гэдгийг анхааруулж хэлье. Жишээ нь, автобусны арлын дугаар буюу Vin number гучин жилийн настай гэж гарч ирсэн гэсэн мэдээлэл гарсныг хараад шоконд орсон. Учир нь, манай компани Өмнөд Солонгосын хуулийн дагуу арлын дугаараа хийж, автобусан дээрээ суурилуулдаг. Ингэж хайхад 30 жилийн vin number гарч ирж байгаад гайхсан. Энэ бол худал юм. Бас нэг шок нь “Оруулж ирсэн автобуснууд нь гар дамжсан хуучин автобуснууд” гэх мэдээлэл байсан. Тийм байх боломжгүй. Учир нь, манай байгууллагын зүгээс дөрвөлжин загвартай, 2012 онд загвараа гаргасан энэ автобус бол илүү удаан тэсэх чадвартай гэж үздэг.
Захиалагч талаас манай үйлдвэрт олон шаардлага тавьсан. Шинэ дэлгэц суурилуулж, олон сэрүүцүүлэгч, халаагуур тавихыг хүссэн. Энэ бүгдийг нь хийгээд Монгол руу явуулсан.
Монгол Улсын Засгийн газар болон А.Ганхуяг захирлын шахалтаас болж манайх автобусаа үйлдвэрлэхдээ жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Алдаатай автобуснуудаа буцааж, шинэчилнэ гэдгээ амлаж байна.
Мөн манай үйлдвэрлэсэн автобусны талаар илтэд хуурамч мэдээлэл тарасан хүмүүсийг БНСУ-ын Элчин сайдын яамаараа дамжуулан шүүхэд өгөхөө мэдэгдэж байна.
Шинэ автобуснуудаа хар утаа ихээр гарч байгаа Монголын дизель түлшний чанартай холбоотой байж магадгүй юм. Хэрвээ Монгол нийлүүлсэн автобус хуучин, засварын автобус байвал би өөрөө үүрэг хариуцлагыг хүлээнэ. Эд анги, техник нь чанаргүй байвал мөн би хариуцлага хүлээнэ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн