Дэлхийн боловсролыг эзэмшиж эх орондоо ирээд шинэ соёл дэлгэрүүлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа залуусыг iToim сайт “Дэлхийн Монгол” цуврал ярилцлагаараа танилцуулдаг билээ. Өдгөө долоо дахь жилдээ тасралтгүй үргэлжилж буй энэхүү булангийн ээлжит зочноор Амгаланбаярын ЭНХТҮВШИН-г урилаа.
А.Энхтүвшин нь АНУ-ын Йелийн их сургуулийн Менежментийн магистр, Францын HEC Paris сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Арканзасын их сургуулийн Эдийн засгийн бакалавр зэрэгтэй. Тэрээр 2021 оноос Рио Тинто компанийн Монгол дахь салбарт Бизнес хөгжил хариуцсан Ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хугацаанд олон чухал төсөл дээр ажиллажээ. Тухайлбал, Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр мөн “Паркаа хамтдаа бүтээе” төслийг амжилттай хэрэгжүүлж яваа аж.
Тэрээр Рио Тинто Монгол компанид ажиллахаас өмнө 2014-2018 онуудад Монголбанкинд ахлах эдийн засагч, валютын нөөцийн дилерээр тус тус ажиллаж, Мазаалай, Хуралдай бондыг босгох болон олон улсын зээлжих зэрэглэл тогтоох агентлагуудтай холбоотой ажлуудыг хийж ирсэн байна. Мөн энэ хугацаанд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцэл, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, валютын нөөцийн өдөр тутмын удирдлага, хөрөнгө оруулалт зэрэг ажлыг хийж байсан туршлагатай. Түүнчлэн UNESCO, Йелийн их сургууль гээд дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад судалгааны ажил хийж байв.
Ингээд түүний ажил, амьдрал, амжилтын түүхээр хамтдаа аялцгаая.
20 насандаа их сургуулиа төгсөж ажлын гараагаа эхэлжээ
-Таны ажлын туршлага болоод боловсрол эзэмшсэн байдал сонирхолтой санагдаж байна. Энэ сэдвээс яриагаа эхэлмээр байгаа ч дэс дараалалтай байлгахын тулд таны бага наснаас эхэлье. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний хувьд Улаанбаатар хотод төрж, бидний сайн мэдэх 19 дүгээр хорооллын угсармал таван давхар байруудын нэгт аав, ээж, ахын хамт бага насаа өнгөрүүлсэн. Бага байхад гэр бүлээрээ хоёр жил ОХУ-д амьдраад эргэн Монголдоо ирж, орос сургуульд сурсан. Багаасаа хэл сурах сонирхолтой байсан учраас зун болгон Англи хэлний дамжаанд суралцдаг байлаа. Манай гэр бүл ч миний боловсролтой холбоотой бүхий л сонирхол хүслийг дэмжиж, тусалсан даа. Одоо өөрөө тусдаа айл болж, эхнэр, хүүгийн хамт амьдарч байна.
-Хүүхдүүд бага насандаа хэл сурах талаар сонирхохоос илүү тоглож наадаж л явдаг шүү дээ?
-Тухайн үед зурагтаар хүүхэлдэйн кино их гардаг байлаа. Хүүхэлдэй үзэх дуртай байсан болохоор ойлгож үзэх зорилгоор хэл сурч эхэлсэн. Яваандаа хэл сурах нь сонирхолтой санагдаж, өөрөө дурлаж сурах болсон юм. Бусдаар бол хүүхдүүдийн адил байрныхаа гадаа тоглож өссөн. Одоо бол англи, орос хэлтэй. Испани болон франц хэлээр ярианы түвшинд ойлголцож чадна.
Ингээд 2010 онд 16 насандаа ЕБС-аа төгслөө. Зуны амралт эхэлсэн байсан тул тэтгэлэгт хөтөлбөрүүдэд материалаа өгчихөөд, хэд хэдэн ярилцлага хийчхээд лагерт амарч байсан чинь гэнэт л явахаар болсон. Ингээд тэтгэлэгтээ тэнцэж, АНУ-ын Арканзасын их сургуульд сурахаар болов. Бараг л лагераасаа гэртээ ирээд хувцсаа бэлдээд л ганцаараа нисээд явж байснаа санаж байна. АНУ-д оюутны амьдрал маш гоё. Сургуулийн кампусын амьдрал адал явдал ихтэй, мөн шинэ найз нөхөдтэй болсон. Эхэндээ жаахан айдастай байсан ч эхний семестр өнгөрөхөд аль хэдийнээ дасан зохицсон доо.
-ЕБС-аа төгсөөд тэтгэлэгт тэнцсэн юм байна. Тухайн үедээ эдийн засагчаар сурна гээд гээд шийдсэн байсан уу?
-Багадаа цагдаа болно, тогооч болно, онгоцны нисгэгч болно гээд л янз бүрийн мэргэжил сонирхдог байсан. Харин эдийн засаг, санхүүгийн чиглэлээр төдийлөн сонирхдоггүй, математиктаа тийм ч дуртай хүүхэд байгаагүй. Арканзасын их сургуульд эхлээд улс төр судлалын мэргэжлээр сурч байсан юм. Их сургуульд эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл ордог. Ерөнхий эрдмийн хичээлээр эдийн засгийн хичээл үзээд, багш маань их эерэг сэтгэгдэл үлдээсэн. Багштайгаа ярилцаад үзсэн чинь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр ажиллах нь миний төсөөлснөөс өөр зүйл гэдгийг ойлгож, сонирхсон юм. Ингээд 2014 онд 20 настайдаа Арканзасын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
-Сургуулиа онц дүнтэй төгссөн юм билээ?
-Тэтгэлгийн шаардлага хатуу, голч дүн 3.8 болон түүнээс дээш байх ёстой байсан учраас онц сурахаас өөр аргагүй. Дөнгөж төгссөн, банк, санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй, 20 настай залуу Монголдоо буцаж ирээд хэд хэдэн газар ажилд орохоор хүсэлтээ өглөө. Бараг л 4 сар орчим ажил хайсан байх. Анхны ажлын хувьд хаана ажиллахаас илүүтэйгээр хэнтэй ажиллах вэ гэдэг нь чухал байдаг. Чадварлаг удирдлага, хамран ажиллагсдаар хүрээлүүлсэн хүний хөгжил хамаагүй хурдан байдаг. Азтай нь, тухайн үед Монголбанкинд орон тоо гарч Валютын эдийн засгийн газарт /Одоо бол Зах зээлийн газар/ эдийн засагчаар ажилд орсон. Монголбанкинд ажиллахдаа валютын ханш, Төв банк болон Засгийн газрын үнэт цаасны арилжаа, валютын дуудлага худалдаа зэргийг хариуцаж байгаад жил орчим ажилласны дараагаар валютын нөөцийн дилер болсон. Дилерийн ажил маш сонирхолтой. Монгол Улсын валютын нөөцийг удирдаж, хөрөнгө оруулна. Надад бол мөрөөдлийн ажил мэт санагдаж байсан. Ингээд Монголбанкинд дөрвөн жил ажиллаад магистрын зэрэг хамгаалахаар сургуульдаа явсан.

Миний хувьд ажлын туршлага хуримтлуулаад хүссэн сургуульдаа явах зорилттой байлаа. Магистр болон бакалаврын сургалт хоорондоо жаахан өөр. Бакалавр бол хичээлээ хийгээд сайн дүн аваад явах нь чухал байдаг бол магистр бол зөвхөн хичээл хийхээс гадна төгсөөд юу хийх вэ гэдэг зорилго нь тодорхой болсон байдаг. Магистраар сурахдаа тэр зорилгодоо хүрэхийн тулд илүү төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай урагшилдаг. Тиймээс ажил хийж үзээд өөрийнхөө яг юу хиймээр байгааг ойлгосныхоо дараа магистртаа явсан. Магистраа Францын HEC Paris сургуульд Бизнесийн удирдлага, АНУ-ын Йелийн их сургуульд Менежментийн чиглэлээр тус тус хамгаалсан.
Ингээд төгссөнийхөө дараа Йелийн их сургуульд судалгааны ажил нэг жил орчим хийгээд 2021 оноос хойш Рио Тинто Монгол компанид ажиллаж байна. Монголбанкинд ажиллаж байсан учраас Оюу толгой, Рио Тинтогийн талаар мэддэг байсан. Ийм том төслийн нэг хэсэг болж ажилладагтаа их баяртай байдаг.
-Таны хувьд гурван сургуульдаа бүгдэд нь бүрэн тэтгэлгээр сурчээ. Манай Дэлхийн Монголын уншигчид тэтгэлгийн талаар их сонирхдог. Тиймээс энэхүү тэтгэлгүүдийг хэрхэн авч байсан туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Гадаадад суралцах нь зөвхөн сургалтын төлбөрөөс гадна хоол, байр, унаа гээд хэрэглээний зардал ихтэй. 2010 онд намайг бакалавртаа сурах үеэр манай улсад томоохон хөрөнгө оруулагчид орж ирж, эдийн засаг хурдастай тэлж эхэлж байсан үе. Тиймдээ ч үүнийг дагаад сургалтын тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг гаднын байгууллагууд манай улсад ихээр орж ирсэн. Миний бакалаврын тэтгэлэг бол шаардлага өндөр, хатуу нөхцөлтэй ч сургалтын төлбөр болон хэрэглээний зардлыг бүхэлд нь дааж байсан. Бакалаврын тэтгэлэг өгдөг газрууд оюутны сурлага, нийгмийн идэвх, холын хүсэл зорилгыг голчлон хардаг.
Харин магистрын тэтгэлгээ тухайн сургуулиудынхаа тэтгэлгийн сангаас нь авч байсан. Магистрын тэтгэлэг олгож буй газар нь ажлын туршлага болон нийгмийн идэвхийг голчлон хардаг. Хамгийн багадаа гурван жил ажиллаад магистртаа сурвал их зүгээр санагдсан. Мөн тухайн хүний сонгосон мэргэжлээс их шалтгаалдаг. Жишээлбэл, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн бодлого, удирдлага зэрэг мэргэжлүүдэд тэтгэлэг харьцангуй олдоц өндөр бол бизнес, менежментийн чиглэлээр харьцангуй бага байдаг талтай.
Манай улсад танигдсан Fulbright, Chevening, Australian Awards гээд томоохон тэтгэлгүүд бий. Гэхдээ хүмүүсийн төдийлөн мэддэггүй тэтгэлэг нь тухайн сургуулийн өөрийн хамтрагч байгууллага, компаниудын тэтгэлэг байдаг. Тухайлбал, миний Францад сурч байсан сургууль L’Oreal брэндтэй хамтран ажилладаг байсан. Энэ хүрээнд загварын чиглэлээр суралцдаг оюутнуудад L’Oreal-аас тэтгэлэг өгөх жишээтэй. Тиймээс олон төрлийн тэтгэлгүүдийг сайн судлах хэрэгтэй.
Олон улсын байгууллагад ажиллахдаа ТАВАН чухал зарчмыг сурсан
-Бакалаврын зэргээ хамгаалсны дараа эдийн засагчаар хэсэг ажиллаад Монголбанкинд, UNESCO-д, Йелийн их сургуульд ажилласан юм билээ. Эдгээр газарт ажиллаад олж авсан туршлага юу байв, юу сурч авав?
-Мэдээж ажил тус бүр өөрийн гэсэн онцлогтой. Энэ нь тухай байгууллагын үйл ажиллагааны чиглэл, компанийн соёл, ажиллаж байгаа улс гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг. Миний хувьд бол дараах таван зүйлийг энэ байгууллагуудад ажиллаж байхдаа сурсан.
Нэгд, хүндлэл. Бусдын үзэл бодлыг сонсдог, санал нийлэхгүй үед ч түүнийг нь хүндэлж байх. Хүн бүр амьдралын өөр өөр замыг туулдаг, өөр өөр харах өнцөгтэйг хүлээн зөвшөөрөх нь чухал.
Хоёрт, хандлага. Эерэг хандлагатай хүнтэй хүн бүр хамт ажиллахыг хүсдэг.
Гуравт, хүлээлтээс давах. Аливаа ажлыг хийх ёстой түвшнээс нь дандаа нэг шат ахиулж хийхийг хэвших.
Дөрөвт, мэдээлэлтэй байх. Аливаа зүйлийг мэдэхгүй гэдгээсээ айхгүй байх. Одоо цагт ямар ч зүйлийн талаар мэдээлэл олж судлаад анхан шатны мэдлэг хуримтлуулах бүрэн боломжтой болсон цаг үе.
Тавд, гэр бүл. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хугацаанаас илүү чухал зүйл гэж байхгүй.
-Дэлхийн хэмжээний том байгууллагад ажилд орох, сургуульд сурахад хувь хүн юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Мэдээж хэлний мэдлэг тэр дундаа Англи хэлний мэдлэг их чухал. Зөвхөн ярихаас гадна бичгийн чадвартай байх нь их нэмэртэй. Жишээ нь, манай байгууллагад гадаад болон дотоодын их дээд сургууль төгссөн залуус хамт ажилладаг. Бүгд хэлний чадвар өндөр. Мөн өдөр тутмын ажилд өөрийгөө бүрэн гүйцэт, чөлөөтэй илэрхийлэх, санаа бодлоо бусдадаа цэгцтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэж чадах нь маш чухал.
-Та Монголбанк болон Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцэл, Рио тинто болон Засгийн газрын хооронд хэлэлцээр, паркийн ногоон байгууламжийг сэргээх гээд улс орны хэмжээний том төслүүдэд гар бие оролцсон, мөн одоо ч оролцож байгаа юм байна. Үүнд таны оруулж буй хувь нэмэр яг юу байсан гэж боддог вэ?
-Улс орны хэмжээний томоохон төсөл дээр ажиллахад олон хүний хүч хөдөлмөр, багийн ажиллагаа нэмээд сэтгэл, зүрх шаардлагатай. Нэг хүн энэ бүгдийг хийнэ гэж хэзээ ч байхгүй. Би том багийн нэг гишүүн л болж ажиллаж байсан.
Монголбанкинд ажиллаж байхдаа Монгол-Хятад хоёр улсын Төв банк хоорондын своп хэлцэл, алтны санхүүжилтийн хэлцэл, гаднын байгууллагатай харилцах харилцаа гээд чухал ажлуудыг багаараа хийж байсан.
Рио Тинто Монгол компанид 2021 онд оронгуутаа Засгийн газар болон Рио Тинто хоорондын хэлэлцээрийн багт дэмжлэг үзүүлж ажилласан. Хэлэлцээр амжилттай болж, Оюу Толгойн далд уурхайн олборлолтын ажил амжилттай эхэлсэн. Түүнчлэн энэ жил манай компани хог хаягдлыг боловсруулах салбарыг дэмжих анхны хөрөнгө оруулалтын санг байгуулсан.
Миний хамгийн ярих дуртай сэдэв бол паркийн төсөл л дөө. Манай үеийнхэн бол бүгд парк дээр агаарын дугуй унаж, 12 жилийн дүрс бүхий баримлууд дээр тоглож өссөн. Хүүхэд насны хамгийн гоё дурсамж тэнд өнгөрсөн байдаг. Тийм гоё дурсамжтай газар л даа. Өөрөөсөө доош насныхнаас асуухад парк дээр өнгөрүүлсэн дурсамж ховор юм билээ.
Тиймээс манай компани хүүхдийн паркийн баруун талын 10 га талбайг сэргээж, ногоон байгууламж бий болгохын төлөө ажиллаж байна. Ажлаа гүйцэтгэхдээ аль болох чанартай хийхийг зорьж, бүхий сэтгэл зүрхээ зориулж буй.
Энэхүү төсөл нь Улаанбаатарт анх удаа олон улсын стандарт бүхий ногоон байгууламжийг бий болгож байгаа бөгөөд маш их судалгаа, төлөвлөлт, хөдөлмөр шаардсан ажил болж байна. Олон нийтийн ногоон орон зай буюу парк нь тухайн хотын иргэдийн стрессийг бууруулж, харилцааг сайжруулж амьдралын чанарыг дээшлүүлэхэд маш өндөр ач холбогдолтой байдаг. Гаднаас нь харахад зүгээр ургамал, мод тариад л болох юм шиг энгийн ойлгож болох боловч өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг, тогтвортой, дэлхий хэмжээний хотуудад байдаг паркийг бүтээх нь ганц, хоёр зуны турш хийх ажил биш юм. Үүнийг би төслийн багт орж ажиллаж, судалгаа, төлөвлөлтөд гар бие оролцож байхдаа улам гүнзгий мэдэрч байгаа. Энэ бүхний эцэст миний карьерын туршид маш сайхнаар дурсагдах бүтээн байгуулалт дуусаж, үр хүүхдэдээ хүртэл бахархан ярина гэж төсөөлж байна. Ийм төсөлд ажиллаж, гар бие оролцож байгаагаа хувь тавилан гэж боддог. Зөвхөн манай компани, төслийн багийнхан гэлтгүй нийслэлийн 10 мянга гаруй иргэн саналаа өгч, төсөлд хувь нэмрээ оруулсанд бид их талархалтай байгаа.
Шинэ үеийн залуустаа итгэл дүүрэн байдаг
-Хоёулаа ярилцлагаа таны мэргэжилтэй холбоотой асуудлаар үргэлжлүүлье. Эдийн засагч хүний хувьд манай улсын эдийн засгийг хэрхэн дүгнэж харж явдаг вэ. Ардчилалд шилжээд 30 жил болж эдийн засаг тэлсэн ч иргэдийн амьдрал сайжирсангүй гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр юу гэж бодож байна?
-Миний хувьд сүүлийн 30 гаруй жилийг дүгнэн ярихад арай эрт гэж өөрийгөө дүгнэж байна. Энэ асуултад товч байр сууриа илэрхийлбэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ихэд хөгжсөн санагддаг. Утаа, түгжрэл гэх мэт саар зүйлс олон байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үе солигдох бүрд мэдлэг боловсролтой, ялангуяа ёс зүйтэй залуус их болж байгаа юм шиг санагддаг. Манай улсад дутагдаж буй зүйл нь сайн менежерүүд. Хамгийн гол нь тэд боловсролтой бөгөөд ёс зүйтэй байх нь чухал.
-Нөгөө талд манай улс уул уурхайн түшиглэсэн эдийн засагтай орон. Харин бид баялгаа хөгжлийн гол түлхүүр, хөшүүрэг болгож чадаж байна уу?
-Уул уурхай бол яах ч аргагүй манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг байсан хэвээр байна. Гэхдээ ирээдүйд эдийн засгийн гол хөшүүрэг гэхээс илүү байшингаар бол суурь нь болоосой гэж боддог. Уул уурхай гэхээр зөвхөн уурхайтай холбоотой мэргэжилтэй хүмүүс ажилладаг юм байна гэж эндүүрдэг. Гэвч уул уурхайн салбарт мэдээлэл технологи, санхүү, төслийн удирдлага, бүхий л чиглэлийн инженерүүд гэх мэт аль ч салбарт хөрвөх чадвартай ажиллах хүчин бэлтгэгддэг. Иймд дээрх мэргэжилтнүүд нь салбар салбарт ажиллаж, өөрсдийн сурсан зүйлээ цааш дэлгэрүүлэх боломжтой. Мэдээж уул уурхай, мега төслүүдийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт, нөү хау орж ирнэ. Дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлэх туршлага гэдэг бол өнөөдөр орж ирэх мөнгөнөөс илүү үнэ цэнтэй, цаашид өвлөгдөх, урт хугацааны хөрөнгө юм. Манай Оюу толгой төсөл үүний тод жишээ. Уг төсөлд ажиллаж байгаад Рио Тинтогийн дэлхийн бусад орнууд дахь оффист 100 гаруй Монголчууд ажиллаж байна. Мөн манай оффист 200 гаруй залуус гадаадын орнуудад бизнесийн үйлчилгээ үзүүлж, эх орноосоо олон улсын мэргэжилтнүүдээс дутахааргүй ажиллаж байгаа. Тэд дэлхийн хэмжээний боловсон хүчин болж бэлтгэгдсэнд бид их бахархалтай байдаг.
-Залуу хүний хувьд ямар арга барилаар ажилдаа ханддаг вэ. Цагийн менежмент, баримталдаг зарчим бий юу?
-Цагийн менежмент гэдэг бол ажлын дэс дарааллаа зөвөөр эрэмбэлэх чадвар гэж ойлгодог. Миний хувьд аливаа нэг цаг үед хэт бага эсхүл хэт их ажлыг зэрэг хийхээс зайлсхийдэг. Учир нь, нэг нь хэт бага ажлын бүтээмжтэй болгодог бол нөгөөх нь ажлын чанарт сөргөөр нөлөөлдөг. Иймд өөрийн цаг, бололцоонд тохирсон ажлаа байж болох хамгийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг эрмэлздэг.
-Амжилттай яваа хүмүүс хэн нэгнээс урам зориг, үлгэр дуурайлал авдаг. Таны хувьд хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Хувь хүнийхээ хувьд бол өөрийн эцэг, эхийн хөдөлмөрч тууштай зангаас нь ихээхэн үлгэр дуурайл авсаар ирсэн. Харин мэргэжлийн хувьд бол дэлхийн бизнесийн салбарт амжилттай яваа монгол мэргэжилтнүүдээсээ үлгэр дуурайл авдаг. Жишээ нь, манай байгууллагад удирдлагын түвшинд олон монгол лидерүүд байгааг харах үнэхээр таатай. Түүнчлэн дөнгөж их дээд сургуулиа төгсөөд Нью-Йорк, Лондон зэрэг дэхийн томоохон хотуудад банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа олон залуус, дүү нар байдаг. Тэднээсээ ч бас ихээхэн урам зориг авдаг.
-XXI зуунд залуу хүн, тэр дундаа монгол залуусын гол ялгарах ур чадварыг юу гэж тодорхойлох вэ?
-Дэлхийн чиг хандлагаас харахад залуучууд их ухаалгаар ажилладаг болсон гэж анзаарагддаг. Техник, технологийн тусламжтайгаар аливаа төвөгтэй асуудлыг их хялбар атлаа ухаалгаар шийддэг чадварыг эзэмшсэн. Мөн түүнчлэн өөрсдийн эрүүл мэнд, хобби, хувь хүний хөгжилдөө их анхаардаг, цаг зарцуулж чаддаг болсон мэт санагддаг.
Монголын залуус бол дасан зохицох чадвар их өндөр. Дэлхийн хаана ч очсон богино хугацаанд дасан зохицож, хөл дээрээ баттай зогсож чаддаг. Энэ чадвар энгийн сонсогдож болох ч миний харснаар дэлхийн цөөхөн улс орон эзэмшсэн түгээмэл чанар.
-Төгсгөлд нь та цаашдын хүсэл эрмэлзэл, зорилго, зорилтоосоо хуваалцаж болох уу?
-Үргэлжлүүлэн шинэ зүйлийг сурсаар байх болно. Миний хувьд Монгол Улсад маань Оюу толгой шиг дэлхийн хэмжээний төсөл илүү олон болоосой гэж хүсдэг. Үүнд миний оруулах хувь нэмэр юу байна түүнийгээ оруулаад явна гэж боддог юм.