Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Эмч зөвлөж байна: Улирал солигдох үед биеийн дархлаа дэмжих, ядаргаа тайлах аргууд

Эмч зөвлөж байна: Улирал солигдох үед биеийн дархлаа дэмжих, ядаргаа тайлах аргууд
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 22
Улирал солигдох үед хүний дархлаа тогтолцоо, бие махбодид өөрчлөлтүүд ордог. Тухайлбал, өвөл маш их хүч зарцуулж ажиллаад, урин дулаан улирал солигдоход хүн бүх эрч хүчээ чанга хатуу өвлийн улиралд зарцуулсан байдаг учраас сульдах, ядрах шинжүүд илэрдэг байна. Иймд хүмүүс хэрхэн ядаргаагаа тайлах, улиралдаа тааруулж ямар шим тэжээлтэй хүнсийг сонгож хэрэглэх нь зүйтэй талаар эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Энэ талаар “Хаппи веритас” эмнэлгийн чанарын менежер, уламжлалтын их эмч С.Рахметдоллатай ярилцлаа.
-Улирал солигдохоор хүмүүс их ядардаг шүү дээ. Энэ нь ямар шалгаантай юм бол?
-Уламжлалт ангаах ухааны хувьд хүний биед хий, шар, бадгана гурван махбод харилцан тэнцвэртэй оршин байж хүний бие эрүүл хэвийн ажиллана гэж үздэг. Ядаргаа юунаас үүсээд байна вэ гэхээр хий арвидаад ирэхээр хүн ядарч сульдаад, биеийн энерги тогтворгүй, амьдралын идэвхгүй болдог. Бие махбод сульдаад ирихээр хүн ядраад байна гэж ярьдаг. Хий гэдэг нь идээ ундаа, явдал мөр, цаг улирлын шалтгаантайгаар хүний бие махбодод өөрчлөлт орох гэсэн үг юм. Энэ нь хүний биеийн тамир хүч буурч, нойр хулжих, толгой эргэх, амархан ядрах, мэдрэхүйн эрхтэний үйл ажиллагаа буурах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Ерөнхийдөө амьдралын хэвшлээс хамааран үүсдэг гэж ойлгож болно. Тухайлбал, бүтэн нойр авахгүй байх, ажлын ачаалал, хоол ундны зөв зохисгүй хэрэглээнээс хамааран ядаргаа үүсдэг.
-Ер нь ямар улиралд хүмүүс илүү их ядардаг вэ?
-Хаврын улиралд хүмүүс ядрах нь элбэг байдаг. Энэ нь хаврын улиралд өдөр уртсаж, идэж байгаа хүнс тэжээлийн хувьд шим тэжээл буурдагтай холбоотой. Хаврын улиралд жимс ногоо боловсроогүй, мал мах туранхай, ихэвчлэн борцолсон мах иддэг зэрэг шим тэжээл бага авдагтай холбож үздэг.
-Ядаргаагаа тайлах ямар аргууд байдаг вэ?
-Ядаргааг эмийн бусаар тайлах хамгийн шалгарсан арга нь маш сайн унтаж амрах, бүтэн нойр авах юм. Мөн ядаргааг хэрэглэж байгаа хоол хүнсээрээ тайлж болно. Шөл устай, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэж байж ядрахгүй, ядарсан ч өөрийн энергиэрээ нөхөх бололцоотой. Улиралдаа тааруулж хувцаслах нь ч мөн хамаардаг. Мөн стресстэх шалтгаан байгаа бол тэрнээсээ ангижрах, өөрийгөө тайван  байлгах, стрессээ тайлах аргуудыг хэрэглэж, аль болох тархиа амрааж, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
-Намрын улиралд ямар хүнс ногоо хэрэглэвэл зохистой вэ?
-Намрын улиралд болж өгвөл үр тариа, боловсруулсан жимс ногоо түлхүү хэрэглэх нь зүйтэй. Энэ улиралд яагаад жимс ногоог түлхүү хэрэглэх зүйтэй вэ гэвэл намар халууны улиралдаа ордог. Мөн зуны улиралд сүү цагаан идээ, жимс ногоо түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Иймд элэг цөсний шар бадарч байдаг улирал гэж ойлгож болно. Тиймээс байнга халуун чанарын хоол идвэл элэг цөсний өвчин үүсэх магадлалтай. Харин махан хоолыг өвөл, хаврын улиралд түлхүү идэх нь зохистой. Улиралдаа тааруулж хооллох нь эрүүл байх маш чухал аргуудын нэг юм.
-Намрын улиралд дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
-Ерөнхийдөө аль ч улиралд дархлааг дэмжих хамгийн энгийн бөгөөд маш үр дүнтэй арга бол нойроо сайн авах, унтаж амрах, тархи толгойгоо амраах, аль болох стресстэхгүй байх, улиралдаа тохирсон хоол унд идэх, тохирсон хувцсаа өмсөх нь чухал байдаг.
-Ядаргаа нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Ядаргаа нь гадар, дотор гэсэн шинж тэмдгээр илэрдэг. Гадар шинж нь бие махбодод илэрнэ. Энэ нь нүдний доогуур хөхрөх, үс унах, хоолны шингэц буурах, нойргүйдэл, бие махбодь тав тухгүй байх. Харин дотоод шинж чанарын хувьд ямар ч ажлын бүтээмжгүй болох, бүх зүйлд стресстэх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэг ажигллагддаг. Ядаргааг багажийн шинжилгээ, лабораторийн шинжилгээгээр илэрч гарахгүй, шинжилгээ аваад үзэхэд бие махбодод өөрчлөлт байхгүй зүгээр хэрнээ өөрт тухгүй мэдрэмж төрдөг. Ерөнхийдөө ядаргаанд орсон хүнд өөрт нь дээрх шинж тэмдгүүд шууд мэдрэгдээд эхэлдэг.
-Хүмүүс дусал хийлгэж, витамин ууснаар ядаргаа тайлагдчлаа гэж ойлдог. Энэ тохиолдолд ядаргаа бүрэн тайлагдана гэж байдаг уу?
-Энэ нь өрөөсгөл ойлголт. Дусал, тариа витамин нь хүний биед хэрэгтэй байгаа эрдэс минералуудыг нөхөж өгдөг болохоос, ядаргааг бүрэн тайлна гэсэн үг биш. Эрдэс минералуудын хажуугаар ядаргаа тайлах хамгийн зөв арга бол маш сайн нойр авч, тайван амрах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхтэй л холбоотой юм. Дусал хийлгэхээр бие хэсэгтээ л амардаг гэсэн итгэл үнэмшлийг дагаад бие хөнгөрөөд сайжирч байгаа санагдана. Гэхдээ мэдрэлийн ядаргааг эмчлэх гол арга нь идэвхтэй амрах л хамгийн чухал.
-Хүн өдөрт хэдэн цаг унтаж байж бүтэн нойроо авах вэ?
-Судалгаагаар бол хүн өдөрт найман цаг унтаж байж бүтэн нойроо авдаг гэж үздэг. Хүний биологийн цаг гэж бий. Орондоо орох цагийн хувьд оройны 22.00 цагт унтаж амрах нь хамгийн зүйтэй гэж судалгаагаар тогтоосон байдаг. Мөн харанхуй орчинд хүний тархи хамгийн сайн тайвширч амардаг. Олон улсын жишгээр нүдний хамгаалалт зүүж унтах нь маш зөв арга байдаг.
-Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Б.Баясгалан
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн