Open iToim app
Технологи | 3 мин уншина

Эрдэмтэд тархины шинэ эс илрүүлсэн нь Паркинсон болон Альцхаймер өвчнийг эмчлэхэд ахиц гаргана гэв

Эрдэмтэд тархины шинэ эс илрүүлсэн нь Паркинсон болон Альцхаймер өвчнийг эмчлэхэд ахиц гаргана гэв
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 13
Судлаачид бараг хагас зуун жилийн турш хүний тархинд ойролцоогоор 100 тэрбум гаруй мэдрэлийн эс, үүнээс арав дахин их глиал эс байдаг гэж үзэж ирсэн. Ахлах сургуулийн сурах бичигт ч ингэж заадаг. Харин Бразилийн мэдрэл судлаач Сузана Херкулано-Хоузел 2018 онд тархины эсийг тоолох шинэ аргыг нээж, хүний тархинд 86 тэрбум мэдрэлийн эс болон ижил тооны глиал эс байдаг гэх нарийвчилсан тоог гаргасан.
Мөн тархи судлалын шинжлэх ухаан 160 гаруй жилийн турш хүний төв мэдрэлийн систем нейрон буюу дохио илгээж, хүлээн авдаг мэдрэлийн эс, тархины бүтцийг бий болгож байдаг глиал эс гэх үндсэн хоёр төрлийн эсээс бүрддэг гэх ойлголттой явж ирсэн.  
Тэгвэл Швейцарын Лозаннагийн их сургууль болон тархи судлалын "Wyss" төвийн эрдэмтэд нейрон ба глиал эсүүдийн эрлийз гэж хэлж болох тархины шинэ эсийг ирүүлсэн байна.
Тархины мэдрэлийн эсүүд өөр хоорондоо синапсаар холбогдож мэдээлэл дамжуулдаг. Мэдрэлийн эсүүдийн мэдээлэл дамжуулах өвөрмөц холбоос болох синапсын ойролцоо астроцит гэх глиал төрлийн эс байрладаг. Тиймээс эрдэмтэд олон жилийн турш астроцит эсүүд нь мэдрэлийн эс мэдээлэл дамжуулах процесст  оролцдог гэж таамаглаж ирсэн. Гэвч уг онолыг хэн ч нотолж чадаагүй байсан юм.
Харин Швейцарын эрдэмтэд астроцит эсүүд мэдрэлийн эс мэдээлэл дамжуулах буюу нейротрансмит процесст идэвхтэй оролцдог бөгөөд нейрон болон глиал эсүүдийн нэг төрлийн эрлийз эс болохыг нотолсон байна.
Ийнхүү тархи судлалын салбарт цоо шинэ нээлт хийгдсэнээр хүн төрөлхтөн өөрсдийн тархи, мэдрэлийн системийг илүү гүнзгий ойлгох, тэр хэрээр шинжлэх ухааны судлагдахуун, сурах бичгүүд өөрчлөгдөх эхлэл болж байгаа юм.
Шинжлэх ухааны "Nature" сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажилд өгүүлснээр мэдрэлийн эсүүд нейротрансмиттер гэж нэрлэгддэг химийн бодис ялгаруулахаас мэдрэлийн эс мэдээлэл дамжуулах процесс эхэлдэг. Тиймээс судлаачид астроцитууд мэдрэлийн эсүүд мэдээлэл дамжуулахдаа ашигладаг гол нейротрансмиттер болох глутаматыг ялгаруулж чадах эсэхийг судалсан байна. Улмаар хулганы тархинаас авсан астроцит эсийн дүн шинжилгээгээр тэд глутамат ялгаруулахад шаардлагатай "молекулын механизм"-тай болохыг илрүүлсэн бөгөөд хүний тархины глиал эсүүдэд ч ижил төрлийн механизм байдаг болохыг олж тогтоосон аж.
Эцэст нь, энэхүү механизм мэдрэлийн эс мэдээлэл дамжуулах процесст чухал нөлөөтэй эсэхийг батлахын тулд хулганы тархинд глутамит ялгаруулах чадварыг дарангуйлахад ой санамж нь алдагдах үр дүн ажиглагдсан байна.
Тиймээс эрдэмтэд "глутаматергийн астроцит" гэж нэрлэсэн тархины гурав дахь төрлийн уг эс нь Паркинсон, Альцхаймерын өвчин болон тархи, мэдрэлийн системийн бусад эмгэгийг эмчлэх шинэ аргыг нээх боломжтой гэж үзэж байгаа аж. Гэхдээ эрдэмтэд одоогоор мэдрэлийн эс мэдээлэл дамжуулах хангалттай чадвартай байхад нейротрансит процесст яагаад глутаматергик астроцит хэрэгтэй болдог вэ гэдэгт хариулт олоогүй байгаа юм.
Судалгааг ахалсан эрдэмтэн болох Лозаннагийн их сургуулийн профессор Андреа Вольтерра "Тархины гуравдагч эрлийз эсүүд нь олон мянган синапстай холбогдож, харьцаж чаддаг. Тиймээс мэдрэлийн эсүүд хооронд мэдээл дамжуулах дохиог түгээхэд тусалдаг" гэж таамаглаж байгаа аж.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн