“The Diplomat”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголд өнгөрсөн долдугаар сард аадар бороо орж, Улаанбаатар хотын дундуур урсдаг голууд үерлэж, цаашлаад олон арван орон сууц, үл хөдлөх үерт автсан. Сүүлд наймдугаар сард Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Дарь-Эх, Моннель орчимд үер бууж олон хүн амиа алдсан. Ойролцоогоор 31600 өрх (128,000 орчим хүн) үерт шууд нэрвэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн зуны үерийн гамшиг Улаанбаатар хотын төлөвлөлтийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.
Улаанбаатарт төвтэй Олон улсын улаан загалмайн нийгэмлэг 20 мянга орчим хүн нүүлгэн шилжихээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд тэдний олонх нь амьдралаа сэргээн босгохоор ажиллаж байна гэжээ. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үеийн тусламжийн асуудал эрхэлсэн OCHA-гийн мэдээлснээр өнгөрсөн долдугаар сард Улаанбаатарт "100 гаруй орон сууцны барилга, олон уламжлалт гэр, машин техник" усанд автсан байна.
Австралиас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаан загалмай нийгэмлэг, ЮНЕСКО, ЕХ-ны яаралтай тусламжийн зохицуулалтын төв, томоохон аж ахуйн нэгжүүд болон бусад хүмүүс Монгол Улсад үерээс үүдсэн гамшгийг даван туулахад нь тусалсан байна.
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит “Австрали улс тууштай гуравдагч хөршийн хувьд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь байгууллагаар дамжуулан үерийн гамшигт нэрвэгдэгсдийн хүчин чармайлтыг дэмжих зорилгоор Монгол Улсад 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно” хэмээжээ. ЕХ 50 мянган еврогийн тусламж үзүүлэхээр болсон.
Олон оршин суугч гамшгийн цар хүрээг Монголын нийслэл хотын төлөвлөлт муу, мөн элэгдэлд орсон зам, гүүр, үерийн голомтыг засахад зарцуулах ёстой хөрөнгийг буруу зарцуулсантай холбон тайлбарлаж байна. Нийслэлчүүд тэр дундаа Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хот төлөвлөлтийг шинэчлэхийг шаардаж байна.
Улаанбаатар хотын хүн амын нягтрал тасралтгүй нэмэгдэж, Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь нийслэлд амьдарч байгаа тул хуучин дэд бүтцийн системүүд үер гэх мэт байгалийн гамшиг битгий хэл өдөр тутмын хэрэглээгээ ч дааж чадахгүй байна. Хот төлөвлөлт, үерийн менежмент байхгүй, өвөл нь агаарын бохирдол зэрэг нь Улаанбаатарын тулгамдаж буй асуудал болоод байна. Гэр хороололд амьдарч буй иргэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хамгийн хүнд үеийг мэдрэхээс гадна цэвэр усны хомсдолд орж байна. Агаарын бохирдол сүрьеэ зэрэг өвчинд өртөмтгий болгодог. Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбоо Монгол Улсыг сүрьеэгийн өвчлөл ихтэй орны тоонд багтааж, 100 мянган хүнээс 428 нь сүрьеэ өвчнөөр өвчилдөг гэсэн тооцоог гаргажээ. Харин шинэ тохиолдлын дийлэнх нь хүүхдүүдэд түгээмэл тохиолдож байна. Ариун цэврийн асуудал ч хот төлөвлөлт, бодлого боловсруулагчдын анхаарах ёстой томоохон асуудал юм. Цэвэр ус, бохирын шугамын хүртээмжгүй байдал нь өвчин үүсгэх шалтгаан болдог. Одоогоос найман жилийн өмнө буюу 2015 онд Дэлхийн банкны тэсвэрлэх чадварын инженерийн мэргэжилтэн Артесса Салдивар-Сали Улаанбаатарт үерийн гамшиг нүүрлэх эрсдэлтэйг анхааруулж байсан. Уулын энгэрт, үерийн аман дээр байшин барьж байгаа айлууд улам олон болж, хотын ус зайлуулах систем нь зориулалтын бус байгааг тэрээр анхааруулж байсан.
“2015 оны байдлаар 200 мянга гаруй хүн, 600 орон сууцны барилга, 31 мянган гэр (нүүдэлчдийн ашигладаг уламжлалт зөөврийн орон сууц), 109 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нэгж үерийн дунд болон өндөр эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж Салдивар-Сали бичсэн байдаг.
Тэрээр “Үер нь Сэлбэ голын голд байрлах өндөр хүчдэлийн цахилгаан станц зэрэг чухал дэд бүтцийг сүйтгэх эрсдэлтэй” хэмээж байв. Харамсалтай нь, саяхан болсон үерийн улмаас Сэлбийн далан сүйдсэн. Далангийн нуралт нь Улаанбаатар хотын төвийн таван дүүрэгт нөлөөлж, орон сууцны барилга усанд автсан юм.
Үерийн дараахан буюу наймдугаар сарын 21-нд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг болон ДЭМБ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн парламентын форумын VII хуралдааныг зохион байгуулсан.
Чуулганы үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийж, тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн асуудлыг бүх салбарын бодлогод тусгах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг өөрийн үндсэн зорилго болгож байна” гэлээ.
Тус форум нь “COVID-19”-ийн дараах тусламж, эрүүл мэндийн талаар хэлэлцсэн боловч гамшгаас хамгаалах бэлэн байдал, ариун цэврийн байгууламж, хот төлөвлөлт зэрэг бусад чухал сэдвүүдэд хангалттай анхаарал хандуулаагүй байна. Цаашид Улаанбаатар хот дэд бүтцийн буруу менежмент, хот төлөвлөлтийн буруу байдал, хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг үл тоомсорлож болохгүй. Одоогийн байдлаар Засгийн газар их дээд сургуулиудыг өөр газар шилжүүлэх гэх мэт зүйлийг хэсэгчлэн өөрчлөх оролдлого хийж байна. Гэсэн хэдий ч гол асуудал нь Улаанбаатар хотын дэд бүтцийг шинэчлэх, иргэдийг үерийн болон бусад аюултай газар руу нүүхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм.