Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

СУРВАЛЖИЛГА: Сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд стандарт бус анги, танхим түрээсэлж байна

СУРВАЛЖИЛГА: Сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд стандарт бус анги, танхим түрээсэлж байна
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 12
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБ-ын 53 дугаар сургууль 1300 орчим хүүхдийн багтаамжтай ч 4300 хүүхэдтэйгээр хичээлийн шинэ жилийг эхлүүлснээр сурагчид ширээ сандалгүй, өвдгөн дээрээ дэвтрээ тавин хичээллэж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан билээ. Иймд тус мэдээллийн дагуу сурагчдын тоо хэтэрснээс болж ширээ сандалгүй, сурах нөхцөл бүрэн хангагдаж чадахгүй байгаа эсэх талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.
12.00 цаг
Иргэдийн хэлж заншсанаар Улаанхуаран орчимд байрлах 53 дугаар сургууль дээр очиход өглөөний ээлжийн бага ангийнхан буюу 1-5 ангийнхны хичээл тарж байв. Шинэхэн ажлын байрандаа дасал болоогүй “цүнх баригч”-д сургуулийн үүдийг манах нь тэр. Энэхүү сургууль хичээлийн шинэ жил эхэлснээс хойш иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Учир нь, тухайн сургуулийн сурагчид ширээ сандалгүйгээр хичээлийн шинэ жилийг угтсан гэх.
undefined
Иймд тус асуудлыг 53 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Ё.Батболдоос тодруулахад  “Энэ жил үүсээд байгаа нөхцөл байдал гэвэл манай сургуульд 4300 хүүхэд хичээллэж байгаатай холбоотой. 4300 хүүхэд суралцсанаар бүтэц, орон тоо, даац, ширээ, анги танхимын хувьд хүрэлцээ багатай болсон. Харин боловсролын яамнаас түрээсийн байр гаргаж өгснөөр асуудал шийдэгдсэн. Нийтдээ нэгдүгээр ангийн 12 анги буюу хичээллэх зургаан танхим шаардлагатай байсан нь үүгээр шийдвэрлэгдсэн. Яг одоо үүсээд байгаа асуудал гэвэл сурагчдын ширээ сандал хоцорч ирсэнтэй холбоотой. Одоогийн байдлаар ангиуд ширээ, сандалтай хичээл хэвийн үргэлжилж байна. Ер нь, хүүхдийн тоо нэмэгдэж, асуудал үүссэн нь БЗД-ийн 16 дугаар хороонд орон сууцууд ихээр ашиглалтад орсноос улбаалан хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Энэ жилийн тухайд 400-500 хүүхэд нэгдүгээр ангид нэмэгдэж, элссэн. Тиймээс сургуулийн нөөц бололцоо, анги танхимын хүрэлцээ бага байгаа.  
undefined
Багтаамжаараа 1000 гаруй хүүхдийн багтаамжтай гэж яриад байгаа. Энэ нь ташаа мэдээлэл. Манай 53 дугаар сургууль нь хичээлийн А, Б байртай. Жишээлбэл, хичээлийн Б байранд гэхэд 2000 гаруй хүүхэд суралцах боломжтой. Хичээлийн үндсэн байр болох А байранд одоогоор 1000 гаруй хүүхэд, түрээсийн байранд 200 гаруй хүүхэд суралцаж байна. Тэгэхээр хичээлийн нэг байранд 4000 гаруй хүүхэд сурч байна гэсэн үг биш” хэмээлээ.
Товчхондоо, цахим сүлжээнд тархаад буй 1300 хүүхдийн багтаамжтай сургуульд 4300 хүүхэд сурч байна гэх мэдээлэл нь ташаа ойлголт аж. Одоогоор 53 дугаар сургууль нь хичээлийн А,Б болон түрээсийн байр гэсэн гурван байртайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Эдгээр нь тус тусдаа 1000, 2000, 200 гаруй хүүхдийн багтаамжтай. Нийтдээ гурван байранд 4300 хүүхэд суралцаж, хөгжиж, хичээллэж байгаа гэсэн үг. Уг нь, тус сургууль одоогоос дөрвөн жилийн өмнө шинээр бага сургуулийн байрыг ашиглалтад оруулсан. Гэсэн ч өдгөө суралцах хүүхдийн тоо эрс нэмэгдэж, ийнхүү ачааллаа дийлэхгүйд хүрч, түрээсийн байранд хичээллэхэд хүрчээ.
undefined
Харин энэ жилээс сурагчдын суралцаж буй түрээсийн байрны хувьд  өмнө нь караоке, баарны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байжээ. 53 дугаар сургуулийн түрээсийн гурван давхар байранд нийт зургаан танхимд өглөө, өдрийн ээлжээр 12 анги хичээллэж буй. Түүнчлэн, энэхүү түрээсийн байранд дан ганц 53 дугаар сургуулийн сурагчид суралцдаггүй аж. Тухайлбал, барилгын нэгдүгээр давхарт 68 дугаар сургуулийн хоёр анги хичээллэж буй. Энэ нь нийслэлийн ЕБС-уудын сурагчдын даац хэр хэмжээнд байгааг харуулж буй. Дашрамд дурдахад, эдгээр сургуулийн түрээсийн байранд хичээллэх нэг шалтгаан нь гурван ээлжээр хичээллэх эрсдэлээс сэргийлж буй гэдгийг сургуулийн мэргэжилтнүүд хэлж байлаа.
Сурагчдад тулгамдаж буй асуудал
Шинээр хичээллэж буй түрээсийн байранд ямар асуудал гарч байгаа эсэхийг сурагчдаас тодруулахад тус сургуулийн долдугаар ангийн сурагчид “Анги нэлээд халуун байна. Хичээл эхэлснээс хойш ганц хоёр хүүхэд шахалдаж сууж байгаа. Одоогоор хоёр ширээнд гурвалж сууж байна. Нэгнийхээ гарыг хөдөлгөхгүй гээд хэрэлдэхгүйхэн өдрийг дуусгаж байна" гэлээ.
undefined
Мөн түрээсийн байрны хувьд давхар бүрд нэг эрэгтэй, нэг эмэгтэй нойлтой учир завсарлагааны 10 минутын хугацаанд анги бүрийн хүүхдүүд бие засахад хүндрэлтэй, оочер дараалал ихтэй байгааг хэлж байв. Үүнээс гадна сургуулийн мэргэжилтнүүдийн хэлснээр төв замаас сургууль руу өгсөх замын засвар дуусаагүй тул сурагчид машин замаар алхаж буй. Энэ нь сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа учир яаравчлан дуусгах шаардлагатай байгаа аж.
Ийн нийслэлийн сургуулиудын багтаамж, даац хэтэрсэн гэх асуудал жил бүр сөхөгддөгийн нэгэн жишээ нь нийслэлийн ЕБ-ын 53 дугаар сургууль болж байна.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн