ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар Драгон төвд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчид мэдээлэл хийлээ. Авто вокзалыг Номингийн агуулах руу нүүлгэхдээ тендер зарлаагүй. Тиймээс хууль бус шийдвэр гаргасан Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрэнсоронзон, “Номин холдинг”-ийн захирал Баярсайхан нарын нууц холбоог шалгуулахаар өргөдөл өгч байгаа аж.
Драгон төвд үйл ажиллагаа явуулдаг 2000 орчим түрээслэгч, мөн тооны жолооч байдаг бөгөөд Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Драгоныг нүүлгэх шийдвэр гаргасантай холбоотойгоор дээрх иргэд ажиллахад хүнд болжээ.
Драгон холдингийн түрээслэгчдийн холбооны дарга С.Түмэнжаргал “2001 онд Тээврийн товчоо гэж нэрлэгдэж байсан Авто вокзалыг тендер зарлаад “Драгон холдинг” компани авч байсан. Гэтэл С.Бямбацогт сайд нэг л өглөө Авто вокзалыг Номингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан. Ямар ч тендер зарлалгүй, Номингийн агуулах руу нүүлгэсэн.
Өчигдөр орой Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон даргын 2 төрлийн гэрээ олон нийтийн сүлжээнд ил боллоо. Нэгд, өөрийн газартай, байртай байсан Авто тээврийн үндэсний төвийг Номингийн агуулахад сарын 47.3 сая төгрөгийн түрээстэйгээр оруулах. Хоёрт, Драгон төв дээр байсан Авто тээврийн байрыг Номин агуулахад сарын 30 сая төгрөгийн түрээстэй оруулах гэрээ байсан. Авто тээврийн үндэсний төвийн 2 байгууллага хоёулаа Номингийн байрыг түрээслэх болчихсон. Нийлээд сард 77 сая, жилд нэг тэрбум төгрөгийг улсын төсвөөс “Номин холдинг”-д өгөх гэрээг С.Бямбацогт сайд хийсэн. Энэ илүүдээ гарсан мөнгө юм уу.
Авто вокзал 1500 орчим метр квадрат байрыг худалдаад авчихсан байсан. Гэтэл одоо хоосон байна. Биднийг асуудал тавьсны дараа цэцэрлэг оруулна гэж байгаа. Тэгвэл Номинд өгөх нэг тэрбум төгрөгөөр цэцэрлэгээ барь.
Ийм буруу шийдвэр гаргасан Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрэнсоронзон, “Номин холдинг”-ийн захирал Баярсайхан нарын нууц холбоог АТГ-аар шалгуулна" гэлээ.