“Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд таван хүүхэд тутмын гурав нь хөлийн уландаа нумгүй хавтгай тавагтай байсан. Хөлийн нум яагаад байх ёстой, ямар чухал, урт хугацаандаа эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг судалгааны явцад илрүүлсэн учраас хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж үзсэн. Яагаад заавал нумтай, чанартай, өдөр тутмын, гоёлын, уулын, ажлын зориулалтын гутал өмсөх ёстой гээч..” хэмээн бизнесийнхээ талаар гэхээс илүүтэй эрүүл мэндийг онцолж ярих энэ шавилхан эмэгтэй бол “Ой партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Улс төрийн шинжлэх ухааны доктор Б.Нандин-Эрдэнэ. Тэрбээр 2017 оноос гутлын үйлдвэрлэлийн бизнес эрхэлж байгаа бөгөөд хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
Нэгдүгээрт, хувиараа болон аж ахуйн нэгж байгууллагуудаас гутлын захиалга авч гадны үйлдвэрүүдээс шууд нийлүүлдэг захиалгын систем. Хоёрдугаарт, герман стандарт, герман технологиор өөрийн брэндийн арьсан гутал үйлдвэрлэдэг. Хятадад үйлдвэртэй бөгөөд гутлаа монгол, европийн зах зээлд гаргадаг. Гуравдугаарт, бусдад хүссэн брэндийг нь бий болгож, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг нь хийж өгдөг. Үүнээс гадна монгол брэндийг худалдаж борлуулах франчайзыг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Товчхондоо бол Монголын гутлын салбарт олон улсын стандарт, ложистик, үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бизнесмэн эмэгтэй.
Үйлдвэрээс гарсан гутал монгол бизнес эрхлэгчийн гарт 4-5 дамын үнэ шингэж ирдэг
-Гүүглээр гутлын бизнес эрхлэх талаар хайж үзлээ л дээ. Тэгэхэд 2019 онд “Ой партнерс” ХХК гутлын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн өдөрлөг, үйл ажиллагаа зохион байгуулсан талаарх мэдээлэл гарч ирсэн. Бас гутлын бизнес эрхлэх бол манайд хандаарай гэсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Манай компани 2017 оноос үйл ажиллагаа явуулж байна. Бөөний буюу гутал захиалгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гутлын бизнес эрхэлдэг хувь хүмүүс болон аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрээс нь захиалга хийж лангуун дээр нь аваачдаг. Дараагийнх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжүүлэлт. Бид өөрсдөө “LEXTER” брэндтэй. Өдөр тутмын болон гоёлын, ажлын, уулын гэх мэт бүх төрлийн гутлуудыг герман стандарт, технологиор бүтээж хятадад үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр тэнд байдаг юм. Мөн бусад хүмүүсийн хүссэн брэндийг бий болгож бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж өгдөг. Өөрөөр хэлбэл, Та гутлын бизнес эрхэлмээр байвал өөрийн хүссэн гутлаа үйлдвэрлүүлээд брэндээ хөгжүүлээд явж болно эсвэл таалагдсан брэндийн гутлаа биднээр дамжуулаад захиалж болно.
-Би гутал зардаг бизнес эрхлэгч гэж бодъё. Танайхаар дамжуулж авбал надад ямар ашигтай, давуу талтай байх билээ?
-Судалгаагаар үйлдвэрээс гарсан гутал монгол бизнес эрхлэгчийн гарт 4-5 дамын үнэ шингэж ирдэг. Тиймээс эцсийн хэрэглэгчдэд илүү үнэтэй борлуулдаг. Харин манайхаар дамжуулж захиалбал бид үйлдвэрийн үнээр нь гутлын бизнес эрхлэгчдэд санал болгодог. Нэгдүгээрт, үнэ хямд. Хоёрдугаарт, цаг хугацаа хэмнэнэ. Гуравдугаарт, найдвартай, бизнесээ тасалдуулахгүй шууд гар дээр нь хүргэнэ. Бизнес эрхлэгч өөрөө очиж авах замын зардал, цаг хугацаа гээд олон зүйлийг хэмнэж байгаа юм. Үйлдвэрээс шууд харилцагчийн гарт хүргэдэг гэсэн үг. Анх ийм захиалга авахад наймаачид хардалттай, үл итгэх байдалтай байсан бол өнөөдөр өөр болсон. Одоогоор 1500 гаруй хувиараа гутлын бизнес эрхэлдэг наймаачид манайхаар дамжуулж гутал захиалдаг. Захиалах гутлынхаа зургийг илгээх эсвэл бидний санал болгосон гутлыг ямар загвар, материалтай гээд бүгдийг нь үзээд өөрсдөө захиалдаг болчихсон. Манай байгууллага 2021 онд үйл ажиллагаандаа судалгаа хийгээд үзэхэд таван жилийн хугацаанд наймаачдын халааснаас 16 тэрбум төгрөг хэмнэж, дотооддоо үлдээсэн байдаг. Тодруулбал, нэг бизнес эрхлэгч Эрээн, Бээжин ороод А гутлыг 15 төгрөгөөр авдаг байсан бол манайхаар дамжуулаад 13 төгрөгөөр аваад хоёр төгрөгийн зөрүү буюу дамын үнэ шингээгүй бүтээгдэхүүний үнийн зөрүү 16 тэрбум болсон гэсэн үг. Энд наймаачны замын зардал, хоол унаа, буудлын мөнгийг нь тооцвол үүнээс илүү болно.

-Гутал захиалгаас гадна гутал үйлдвэрлэдэг бас бусдын хүссэн брэндийг бий болгож бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг гэсэн энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бид оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг. Дээр дурдсан манай байгууллага “LEXTER” брэндийг хөгжүүлээд явдаг. Эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын арьсан гутал. 2018 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Одоогоор Улаанбаатарт хоёр, Эрдэнэт, Ховдод нэг нэг салбар дэлгүүртэй. Нэг стандартын гутлыг нэг үнээр зарж борлуулах франчайз эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Франчайз гэхээр манайхан ихэвчлэн гаднаас бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалдаг гэж ойлгодог. Яагаад монгол хүмүүс өөрсдийнхөө хөгжүүлсэн брэндийг франчайз эрхээр зарж борлуулж болохгүй гэж. Тиймээс бид “LEXTER Франчайз” төслөө хэрэгжүүлж байгаа. 21 аймагт тус бүр нэг дэлгүүр нээнэ. Шаардлага хангах бизнес эрхлэгчтэй эхнээс нь уулзаад явж байна.
-Нэг аймагт нэг л салбар нээх юм уу?
-Тийм ээ. Биднээс франчайз эрхийг аваад бизнес эрхэлж байгаа харилцагчийнхаа эрх ашгийг хүндэтгэх ёстой. Манай зах зээл тийм ч том биш. Тиймээс нэг аймагт нэг л салбарын эрх олгож маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, худалдаа гээд бүх талаар дэмжиж хамтран ажиллах юм.
-“LEXTER” брэндийн гутал зарж борлуулах франчайз эрх авахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Бусад аймгуудаас хүсэлт ирүүлсэн үү?
-Одоогоор зургаан аймгаас хүсэлт ирүүлсэн. Тодорхой хэмжээний шаардлагууд бий. Дэлгүүртэй байх ёстой, эхний худалдан авалтыг өөрөө хийнэ, дараагийн худалдан авалтыг бид зээлээр олгох гэх мэт урт хугацаандаа дэмжээд явдаг. Франчайз эрх авсан харилцагчаа жилд хамгийн багадаа дөрвөн удаагийн сургалтад хамруулдаг. Маркетинг, борлуулалт, сошиал хөгжүүлэлт гэх мэт. Цаашдаа БНСУ, Япон зэрэг орнуудад франчайз эрхээр “LEXTER” брэндээ гаргахаар судалгааны шатандаа явж байна.
-Франчайз эрхтэй танай гутлыг худалдана гэхээр үнийн хувьд ч гэсэн тогтвортой байх нь гэж ойлголоо тийм үү?
-Тийм ээ. Бид хамгийн бага үнээс хамгийн дээд үнийг тогтоож өгдөг. Тухайн бизнес эрхлэгч бүс нутаг болоод аймаг орон нутгийнхаа хэрэглээний үнэ, худалдан авагчдаа мэдэж байгаа учраас бидний тогтоосон бага болон өндөр үнийн хооронд худалдан борлуулах боломжтой. Яг нэрлэсэн үнэд нь бид оролцохгүй. Тэр хүний бизнес шүү дээ. Харин франчайз эрхийг авахад тодорхой хязгаарыг тогтоож, бусад бүх талаар хамтарч, дэмжиж ажиллана. Материал ирүүлсэн хамтарч ажиллах бизнес эрхлэгчидтэй биечилж уулздаг. Яг энэ бизнесийг хийх хүсэл, сонирхол урт хугацаандаа хэрхэн харж байгаа гэх мэт хүн бүрийн харилцаа, хандлага өөр байдаг. Тухайлбал, манайхаас сая төгрөгт гурван гутал аваад зараад 1.5 сая болгоод ахиад дөрвөн гутал авдаг ч юмуу энэ мэтээр өргөжүүлсээр байгаад боссон дэлгүүр ч байгаа. Бизнес хийе, хөгжүүлье, урт хугацаандаа хамтаръя, би үүнийг л хиймээр байна гэсэн чин сэтгэлтэй хүн байвал бид бүх талаар нь дэмждэг. Тухайн хүний харилцаа, хандлагыг тэргүүнд чухалчилдаг. Хэчнээн мөнгө санхүү, зардал гээд асуудлууд зөндөө байгаа ч тэр бүгд дараагийн асуудал. Нэгдүгээрт, уулзаж хүнээ таних нь, итгэл хүлээлгэж хамтрах нь урт хугацаандаа хэн хэндээ ашигтай сэтгэл хангалуун бизнес болдог.

Захиалагч тухайн жилийн гутлын трэндийг дагаж болно. Гэхдээ заавал өөрийн гэсэн деталийг шингээх ёстой. Үүнд бид заавар, зөвлөгөө өгөөд тэр хүний брэнд загварыг бий болгодог. Яг ижил загвар үйлдвэрлэх эрх зүйн үндэс байхгүй. Брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэхэд бид үндсэн ажил гүйцэтгэх гэрээнээс гадна дагалдах 4-5 гэрээ байгуулдаг.
-Франчайзыг монголдоо хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлголоо. Дараагийн сэдэв нь бусдын хүссэн брэндийг бий болгож өгдөг гэсэн. Жишээ нь би өөрийн нэрийн брэнд гуталтай болъё гэвэл хаанаас эхлэх үү?
-Эхлээд бэлэн загвар, зургаа авчрах ёстой. Авчирсан зураг, загварыг бид ямар материал, ямар ултай байх, хэрхэн хөгжүүлэх боломжтой талаар ярилцаж, зөвлөж тохиролцоно. Түүний дагуу материалаа сонгоод, хэдэн төгрөгт багтааж үйлдвэрлэх талаарх тооцооллыг хийж өгнө. Тэр бүгдийг захиалагч зөвшөөрвөл үйлдвэрлэлд шилжүүлээд бэлэн бүтээгдэхүүн авчирж өгдөг. Гол нь оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн байх ёстой. Бид хүний оюуны нэрээр гутал үйлдвэрлэж болохгүй шүү дээ.
-Оюуны өмчтэй холбоотой тодруулах зүйл байна. Жишээ нь би өөр хэн нэгний гутлын загварыг бариад ирвэл яах вэ? Муухайгаар хэлбэл хулгайлж, хуулбарлах гэх юм уу. Эсвэл заавал оюуны өмчөөр баталгаажсан зураг, загвараа авчрах ёстой гэсэн үг үү?
-Янз бүрийн гутлын загвар, зураг барьсан хүмүүс ирдэг. Дэлхийн гутлын чиг хандлага нийтлэг, төстэй юм шиг хэрнээ брэнд тус бүр аль нэг деталь дээр анхаарсан, өөрийн өнгө аясаа шингээсэн байдаг. Тиймээс захиалагч тухайн жилийн трэндийг дагаж болно. Гэхдээ заавал өөрийн гэсэн деталийг шингээх ёстой талаар заавар, зөвлөгөө өгөөд тэр хүний брэнд загварыг бий болгодог. Яг ижил загвар үйлдвэрлэх эрх зүйн үндэс байхгүй. Харин оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ харилцагчийн загвар, брэндийн нэр, үнэ ханш зэргийг нууцалж цааш задлахгүй гэдгээ албажуулж нэг бүтээгдэхүүн дээр дагалдах 4-5 гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний анхны санаан дээр ажиллаад тэрийг нь оюуны өмчөөр тухайн хүний нэр дээр баталгаажуулаад брэнд бий болгодог гэсэн үг. Одоо бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн лаборатори байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр оюуны өмчөөр баталгаажсан гутал үйлдвэрлэхэд илүү дөхөм бас мэргэжлийн болж байгаа юм.

-Дээрх үйлчилгээ, бизнесээс гадна дэлхийн томоохон брэнд гутал оруулж ирдэг юм билээ тэр талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Нэгэнт гутлын үйлдвэрлэл, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байгаагийнх бид гадны том брэндүүдийн гутлыг ч бас оруулж ирж хүмүүст хүргэхийг зорьсон. Эхний байдлаар Mammut, Garmond, Aku, Dolomite, Asolo брэндийн гутлыг худалдаалж байна.
-Гэхдээ яагаад заавал дээрх брэндүүд гэж?
-Дэлхийд танигдсан нэр хүндтэй брэндүүд. Мөн уулын, өдөр тутмын гутлаас эхлээд мэргэжлийн уулчны түвшинд хүртэл гутлаа төрөл, төрлөөр нь үйлдвэрлэдэг учраас сонгосон. Манайхан сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч ууланд их алхдаг болсон. Бид бүр зорьж Богд ууланд амралтын өдрөөр хэчнээн хүн гардгийг тоолсон. Амралтын өдөр хамгийн багадаа 500 орчим хүн алхдаг юм байна лээ. Гэтэл тэдний 10 хүрэхгүй хувь нь л зориулалтын гутал өмссөн байсан. Яагаад зориулалтын хувцас гутал байдаг гэхээр тэр хүнийг эрүүл мэндийн болон бусад эрсдэлээс хамгаалж байгаа юм. Зориулалтын бус гуталтай алхаж яваад хөлөө гэмтээвэл тэр гутлын үнээс илүү эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирно шүү дээ. Харин зориулалтын гутал хөлөнд, хөлийн нум, ясанд өгөх ачааллыг тооцож үйлдвэрлэсэн учраас орц найрлага нь ч өөр. Тиймээс бид дээрх брэндийн гутал болон дагалдах хэрэгслүүдийг оруулж ирсэн. Хүмүүс эрүүл мэнддээ анхаараад алхаж байгаа нь сайн. Гэхдээ нумгүй пүүз, сандаал, бүр углааштай ч алхдаг юм билээ. Ингэвэл эсрэгээрээ урт хугацаандаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хөлөнд судалгаа хийхэд таван хүүхдийн гурав нь нумгүй, хөлийн ул нь хавтгай байсан. Энэ нь эргээд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг.
-Ярилцлага эхлэхийн өмнө хүүхдийн гутал тэр дундаа цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд судалгаа хийж байгааг дурдсан. Судалгааны талаар сонирхуулахгүй юү?
-Тийм ээ. Бид гурван жилийн өмнөөс эхлээд цэцэрлэгийн хүүхдийн хөлөнд судалгаа хийж эхэлсэн. Учир нь манай хоёр хүүхэд нэлээн жинтэй. Хөлийн ул нь хавтгай. Нуруу өвдлөө гээд эмчид үзүүлэхэд хөлний нумгүйгээс болоод хавтгай улан дээр хэт ачаалал өгч хөлний яс, аарцагны яснаас дээшлээд нуруу, хүзүү, толгой хүртлээ эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж өөрчлөлт үзүүлж байгааг эмч тайлбарлаж байсан юм. Хүн өөрт тохиолдсон асуудалд илүү ач холбогдол өгдөг. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийж эхэлсэн. Тэгэхэд таван хүүхдийн гурав нь тэгш ултай, хөлийн нумгүй байсан. Яагаад тийм байна гэхээр гутал нь нумгүй хавтгай ултай. ЕБС-ийн хүүхдүүд ч бас хавтгай ултай кет, пүүз өмссөнөөс нумгүй болж байгааг үгүйсгэхгүй. Нумгүй болчихоороо хөл хөлөрдөг болдог. Гэтэл үүнийг гутал нь чийг татаад байна гээд байдаг. Зарим гутал материал, хийцээсээ шалтгаалаад чийг татаж болно. Гэхдээ нөгөө талд тухайн хүний хөл нумтай, нумгүйгээс шалтгаалаад чийг татах, хөлрөх асуудлууд үүсдэг. Хэрвээ чийг татдаг бол өдөрт гурван удаа оймсоо сольж өмс гэж бөөрний эмч зөвлөдөг. Тиймээс л бид гутлаа сонгохдоо анхаарах ёстой. Хүүхдэд багаас нь зөв гутал сонгож өмсгөх ёстой учраас хүүхдийн гутал үйлдвэрлэхээр судалгаа хийж байна. Хүүхдийн гутал нумтай байх ёстой, амьсгалдаг байх ёстой, материал маш сайн байх ёстой гэсэн шаардлага тавиад явж байна. Цэцэрлэгийн хүүхдийн суурь судалгааг энэ оны 11-р сард дуусгана.
-Шаардлага гэснээс гутлын стандарт гэж байна уу, манай улсад?
-ЕБС-ийн форм, хувцасны материалд стандарт тогтоочихсон хэрнээ хамгийн чухал хүний тулгуур эрхтэн хөл, хөлийг эрүүл байлгах гутланд стандарт байхгүй. Ядаж л цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдийн гутал заавал нумтай, амьсгалдаг, сайн материалтай байх ёстой гэсэн стандарт тогтоочихвол гутал зарж байгаа наймаачид гутал оруулж ирэхдээ, эцэг эхчүүд хүүхдэдээ гутал худалдан авахдаа анхаардаг болно шүү дээ. Хүүхдүүд ихэнх цагаа цэцэрлэг, сургууль дээрээ өнгөрөөдөг. Тэндээ гутлаа сольдог учраас өдрийн ихэнх цагт өмсдөг гутал нь нумтай байвал илүү тохиромжтой. Наад зах нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аав ээжид зааварчилгаа өгөх ёстой юм билээ. Нумгүй гутал өмсвөл ийм ийм өөрчлөлт гарна, эрүүл мэндэд ийм сөрөг нөлөөтэй гэх мэт.
-Гутлын бизнес эрхэлж байгаа хүнээс гутлын загварын чиг хандлагыг асуухгүй өнгөрч болохгүй байх, ингээд ярилцлагаа өндөрлөе?
-Хэдэн жилийн өмнө хүмүүс гадсан өсгийтэй, шовх хоншоортой гоё ганган харагдах байдал, гадна үзэмжид түлхүү анхаарч сонголтоо хийдэг байсан. Харин 2022 оноос дөрвөлжин хоншоортой, стресс бууруулагчтай, зөөлөн ултай, тав тухтай хэв маягийг илүүд үзэж байна. Тухайлбал, веган хоололттой хүн, амьтны арьс ширээр хийсэн гутал өмсөхгүй гэдэг ч юмуу. Ер нь аль болох тав тухыг эрхэмлэж байна. Загварын чиг хандлага байгальд хог үлдээхгүй, эко талруугаа орчихсон. Тэр ч утгаараа хүмүүс гутлын орц найрлагыг хүртэл илүү анхаардаг болж байна.