Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөө өглөө түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авч, тэд хамтдаа олон нийтэд хандан үг хэллээ.
Цаашид танай улстай байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлд бүх талаар хамтран ажиллах болно. Түүх, архив, сан хөмрөг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажилллагаагаа өргөжүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэхүү түүхэн айлчлал нь Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс Гэгээн ширээт улс хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой дээр болж байгаагаараа ач холбогдолтой. Хоёр улсын харилцаа Их Монгол Улсын үеэс эхлэлтэй. Ромын IV папын элч төлөөлөгч Плано Карпини 1246 онд Хархорум хотод хүрэлцэн ирж, Гүюг хаанд папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцаа эхэлсэн. Плано Карпини Их Монгол Улсын хаанд анх удаа бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны илч төлөөлөгч байсан. Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиож, папын элч Плано Карпини хүндэт зочноор оролцсон байдаг. Плано Карпини нь аяллын тэмдэглэлээрээ "Монголчуудын түүх" хэмээх бүтээлээ дэлхий нийтийн хүртээл болгосон нь бидний түүх соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн. Үүнээс хойш 777 жилийн дараа Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис Их Монгол улсын гал голомт болсон манай улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой.
Манай хоёр улсын харилцаж байсан захидал харилцаа нь дипломат харилцаа, албан яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байсныг гэрчлээд зогсохгүй өрнө дорнын өргөн хүрээний хамтын ажиллагааны үндэс суурь, өнгийг тодорхойлох гол хүчин зүйл байсныг нотолж байна. Орчин цагт манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 31 жил болж, хүмүүнлэг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж ирлээ. Энэхүү харилцаа өнөөдрийг хүртэл өргөжин тэлж Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн төрийн айлчлал хийж байгаад гүн талархъя.
Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох Монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өвлөгдөж эдүгээ бид энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь барьж байна.
Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутагт тулгарсан сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад энх тайвны замаар хувь нэмрээ оруулахад идэвх санаачилга гарган мөнхий хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ийн энхийг сахиулах 15 удаагийн ажиллагаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа оролцуулж, дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг хангах ариун үйлд оролцож буй бөгөөд ОУХН-ийг өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.
Бид эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургальч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд Эзэн Чингис хаан, Их Монгол улсын үеэс шашин шүтэх эрхэд хүндэтгэлтэй хандан, сүм хийдийг татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод буддын, христийн, исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй. Энэхүү үзэл санааг өнөөгийн Монголчууд бид залгамжлан Үндсэн хуулиндаа тусгасан.
Нүүдэлчний соёл иргэншилт монголчууд бид байгалиа хамгаалж ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг. Эрхэм хүндэт Пап Францис таны хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлсэнүг, байр суурь нь манай улсын хэрэгжүүлж буй Тэрбум мод, Эрүүл монгол хүн, Хүнсний хувьсгал хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж байна. Цаашид байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлд Монгол Улс Гэгээн ширээт улстай бүх талаар хамтран ажиллах болно. Түүх, архив, сан хөмрөг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажилллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Таны хийж буй төрийн айлчлал нь манай гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн үүрэг гүйцэтгэн алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх болно. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис танд болон даяан дэлхийн улс түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай.
Шашин шүтлэг нь ямар ч хүнийг аливаа хээл хахууль, далд хөнөөлөөс хамгаалдаг
Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис
Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис: Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, айлчлал гэдэг үгийн утга учир мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх орд өргөө цагаан гэрт морилон саатаж буйдаа баяртай байна.
Энхийг эрхэмлэн, мөргөлөөр замнан яваа миний бие та бүхний хүмүүнлэг ёс найрсаг занд талархан, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж өргөө гэрийн чинь үүдэнд хүрэлцэн ирлээ. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч 30 жил өнгөрчээ.
777 жилийн тэртээ 1246 оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Папын элч, санваартан Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюгт бараалхаж, Папын албан захидлыг гардуулж байсан. Удалгүй Их хааны тамгатай албан бичгийг хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан захидлыг дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болох болтугай.
Хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний нар мандахад өргөө гэрийнхээ үүдээр бэлчих мал сүргийн ажиглан тоолж аав ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил даян дэлхийн хэмжээнд ойрын бус холыг харж байх ач тусыг эрхэмлэн байх учиртай. Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээ олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байгаагаас суралцах зүйл их бий.
Үеэс үед байгаль орчноо хамгаалах төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржилт шимт, онгон төрхөөр нь өвлүүлэх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний бурхны бүтээл, өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгалийг хайрлан хамгаалж, хариуцлагатай, алсын хараатай, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан, хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд та бүхэн тусалж байна. Монгол гэр бол байгальд нөлөөгүй. Монголын бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэх буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулна.Хот хөдөөгүй байгаа монгол гэр нь уламжлал хийгээд шинэчлэлийн шүтэлцээг нотлох мэт, монгол үндэстний өв залгамжлалын гэрч нотолгоо болж байна.
Танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ дэлхийн ардчилал, хөгжлийн сорилтод нээлттэй байж иржээ. НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө Азийн тивийн төдийгүй, олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Би энд та бүхний цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй бодлогыг онцлон тэмдэглэе. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс. Даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Цаазын ялыг хууль, шүүхийн тогтолцооноос хассан нь чухал алхам. Цаг уурын ямар ч нөхцөлд тохиромжтой монгол гэр нь монголчуудад янз бүрийн газарт оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт нотлогдсон билээ.
Монголчуудын үүл нүүж, тэнгэр цэлмэнэ гэж хэлдэг шиг дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлэлцээгээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.
Шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд аюул занал учруулдаг аливаа хээл хахууль, далд хөнөөлийн эсрэг хамгаалдаг. Хээл хахууль нь улсын сүйрүүлж мэдэх ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, тэнгэр өөд харах эрхгүй болж ах дүүгийн харилцаанаас ангижрах цондон болдог. Та бүхний өвөг дээдэс хараа дээгүүр байж, өргөн уудмыг тольдон харж байхыг сургасан билээ. Та бүхэн шашин шүтэх эрхээ Үндсэн хуульдаа тусгасан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. Шашныг устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүдийн хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө католик шашныхан монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэлд монгол гэр шиг сүмд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь ахан дүүсийн хариуцлагатай үйл ажиллагааны төлөө аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэлтэй байдгийн илэрхийлэл юм. Иймээс монголд католик шашинтан цөөн боловч шашин хоорондын яриа хэлэлцээ харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.
Энэхүү айлчлалд бид "Хамтдаа итгэж найдацгаая" уриалга гаргасан. Дэлхийн бүх улсад байдаг католик сүм нь шинжлэх ухаан, урлаг, утга зохиол, улс төр, нийгмийн амьдралд олон чиглэлээр хувь нэмрээ оруулж байна. Монголын католик шашинтнууд та бүхэнтай хамтран ажиллаж, элбэг хангалуун амар тайван нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Тэнгэр шиг бай гэх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижирч, оюун санаа сэтгэл зүрхээ цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг. Дэлхий дахин суралцах асар их зүйлтэй танай улсад хүрэлцэн ирэхдээ энэхүү уриалгыг хүлээн авч урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлэлцээ, энэрэл нигүүлсэл алсын хараа зэрэгтээ орчуулан хэрэглэхийг хүсэж байна.
Монголын хосгүй өвөрмөц ард түмний мөн чанараас дэлхий дахин үргэлжид суралцах болтугай.