Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

AP: Ромын пап Монголоор дамжуулж Хятадын удирдлагатай ярилцах арга замыг хайж байна

AP: Ромын пап Монголоор дамжуулж Хятадын удирдлагатай ярилцах арга замыг хайж байна
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 31
“The Associated Press”-т нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Пап лам Францис дэлхийн хамгийн алслагдсан орнуудад, тэр байтугай католик шашинтнууд цөөхөн байдаг газруудад ч очдог гэдгээрээ алдартай. Тэгэхээр энэ долоо хоногт 1450-хан католик шашинтай иргэнтэй Монголд айлчлах нь тийм ч гайхмаар зүйл биш байж магадгүй. Францис есдүгээр сарын 1-нд Монголын нийслэлд хүрэлцэн ирж, есдүгээр сарын 4 хүртэл байх бөгөөд тус улсын католик шашинтнуудтай уулзаж, мөргөл үйлдэж, шашин хоорондын яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байна.
86 настай пап явахынхаа өмнө буюу өнгөрсөн ням гаригт Гэгээн Петрийн талбайд айлчлалынхаа талаар ярихдаа тэнд цугласан олонд хандан Монголын талаар “Сүмийн тоо цөөхөн хэдий ч итгэл үнэмшилтэй, энэрэл ихтэй" гэж хэлсэн байна. Гэхдээ папын айлчлал нь шашин шүтлэгээс илүү байж магадгүй юм. Пап ламын хуваарьт Монголын улс төрийн удирдагчидтай бүтэн өдрийн турш уулзалт хийхээр төлөвлөгөө байгаа бөгөөд энэ үеэр Монголын хоёр аварга хөрш болох Орос, Хятадтай харилцах харилцааг хөндөх бололтой. Францис Украинд 18 сар үргэлжилж буй дайнаас гарах арга замыг эрэлхийлж, Баруун болон Оросын хооронд яриа хэлэлцээ хийх боломжийг хайж байгаа энэ үед энэ айлчлал нь урьд өмнөхөөсөө илүү чухал юм. Пап лам мөн БНХАУ-ын 10-12 сая католик шашинтнуудын засаглалын талаар Хятадын удирдлагатай ярилцах арга замыг хайж байна. Дөрөвдүгээр сард Ватиканы зөвшөөрөлгүйгээр Бээжин тус улсын хамгийн том шинэ хамба ламыг томилсон. Москва, Бээжин хоёртой сайн харилцаатай Монгол Улс Бээжин болон Католик сүмийн хооронд яриа хэлэлцээний нээлтийг бий болгож чадна гэж найдаж байна. Монгол Улсын хувьд хамба ламын айлчлал нь Улаанбаатар хот үргэлж эв нэгдэлтэй байгаад байдаггүй гүрнүүдийн хооронд зуучлагч болж байгааг илтгэж буйгаараа онцлог гэж "Mongolia Weekly" сонины нийтлэгч А.Адъяа тайлбарлажээ. Тэрээр мөн энэ нь хөрш орнуудаас ялгаатай нь шашны хувьд хүлээцтэй ардчилсан орон болох Монгол Улсын итгэл үнэмшлийг нэмэгдүүлж байна гэдгийг тодотгосон байна.
Францис өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарт байхдаа Украины дүрвэгсэд болон Оросын үнэн алдартны сүмийн удирдагчтай уулзсан. Нэгдүгээр сард мөргөлдөөний бүс болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Өмнөд Суданд очиж, "энхтайвны мөргөл" хийсэн. Мөн сүүлийн жилүүдэд Казахстан, Ирак, Өмнөд Африк зэрэг орноор айлчилсан. Хятад, Орос хоёр орны хамтын ажиллагаа нэмэгдэж, бусад улс орнуудыг тойрог замдаа татах оролдлого хийж байгааг дэлхий нийт ажиглаж байгаа энэ үед папын Монгол дахь айлчлал болж байна.
Монгол Улс олон улсын дипломат харилцааны тодорхой хэмжээний туршлагатай. Сүүлийн жилүүдэд тус улс Улаанбаатарын яриа хэлэлцээг хөгжүүлж, бүс нутгийн асуудлыг хэлэлцэхээр Япон, Хойд Солонгос зэрэг улс орнуудыг нэгтгээд байгаа юм. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр монголчуудын 40 орчим хувь нь шашин шүтлэггүй боловч шашин шүтлэгтэй хүмүүсийн 87 хувь нь өөрсдийгөө Буддын шашинтай, ердөө хоёр хувь нь Христийн шашинтай гэж үздэг байна. Монголын эзэнт гүрний үед буюу 1200-аад оны үед Европоос хэд хэдэн Христийн шашны номлогчдыг илгээж, Монголын хаадад нөлөөлөх оролдлого хийж байжээ. Монгол Улс Христийн шашинтай улс болоогүй ч бусад соёл, шашнаас суралцах хүсэл эрмэлзэл байсаар ирсэн. Монголын Иргэний эв нэгдлийн намын дарга, Спорт, соёл, аялал жуулчлалын сайд асан Цэдэвдамбын Оюунгэрэл “Пап ламын айлчлал шашны хүлээцтэй байдал, нээлттэй байдлын баяр болно гэж найдаж байна” гэв. Тэрээр “Францис Монголыг энхтайвныг эрхэмлэгч орон гэж харна гэж найдаж байна. Буддын шашинтай манай улсад хичнээн хүн католик шашинтай байх нь хамаагүй. Монгол Улсын нийт хүн ам шашны олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, энх тайван, эрх чөлөөг эрхэмлэдэг байх нь чухал” гэв.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн