Өтгөн хатах, залгихад хүндрэлтэй байх зэрэг хоол боловсруулах эрхтний асуудал нь Паркинсоны өвчнөөр өвчлөх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Альцгеймерийн өвчин, цус харвалт, тархины аневризмын гарал үүсэл нь ходоод гэдэсний замтай холбоотой байдаг. Паркинсоны өвчин гэдсэнд ч үүсэж болно гэсэн нотолгоо байгаа ч хоол боловсруулах эрхтний тодорхой эмгэгүүдтэй холбоотой судалгаа цөөн байдаг. Гэхдээ шинэ судалгаагаар гэдэсний дөрвөн нөхцөл байдал Паркинсоны өвчний анхны дохио байж болохыг тогтоожээ. Гэдэсний эмгэгийн эмнэлзүйн оношлогоо нь "Паркинсоны өвчний хөгжлийг тусгайлан урьдчилан таамаглах боломжтой" гэсэн "анхны ажиглалтын нотолгоо юм" гэж зохиогчид дүгнэжээ.
Судлаачид АНУ-д Паркинсоны өвчтэй 24,624, Альцгеймер өвчтэй 19,046, тархины судасны өвчтэй 23,942 хүний эмнэлгийн бүртгэлийг харьцуулан судалжээ. Паркинсоны өвчтэй хүмүүсийг нас, хүйс, арьсны өнгө, үндэс угсаа, оношилгооны үргэлжлэх хугацаагаар нь бусад бүлгийн өвчтөнүүдтэй харьцуулж оношлохоос өмнөх зургаан жилийн хугацаанд ходоод гэдэсний замын өвчлөлийн давтамжийг нь судалсан байна.
Судалгаа нь гэдэсний асуудалтай өвчтөнүүдэд Паркинсоны өвчнийг оношлох өндөр боломжтой болохыг тогтоожээ. Өтгөн хаталт, залгихад хэцүү (дисфаги) болон хоол хүнс нь ходоодноос нарийн гэдсэнд шилжихэд удаан хугацаа шаардагддаг гастропарезтай хүмүүс оношлохоос өмнөх таван жилийн хугацаанд Паркинсоны өвчин тусах магадлал хоёр дахин их байсан бол суулгалтгүй IBS хүмүүсийн эрсдэл 17 хувиар их байжээ. Паркинсоны өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийн дунд функциональ диспепси буюу тодорхой шалтгаангүйгээр гэдэс дүүрэх эсвэл шатах мэт мэдрэмж төрөх болон суулгах зэрэг ходоод гэдэсний замын зарим шинж тэмдэг илэрсэн байна. Гэсэн хэдий ч гэдэсний үрэвсэлт өвчин гэх мэт гэдэсний бусад асуудлууд Паркинсоны өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлээгүй болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн мухар олгойгоо авахуулсан өвчтөнүүд Паркинсоны өвчнөөр өвчлөх магадлал бага байсан гэж судлаачид мэдэгджээ.
Их Британид 2030 он гэхэд 17200 орчим хүн энэ өвчнөөр өвчилнө гэсэн тооцоо байна. Мөн ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар энэ өвчнөөр өвчилсөн 8.5 сая хүн байна. Их Британийн Паркинсоны өвчний судалгааны дэд захирал Клэр Бэйл судалгааны үр дүнгийн талаар гэдэсний асуудал нь Паркинсоны эрт сэрэмжлүүлэх шинж тэмдэг байж магадгүй гэв. Калифорнийн их сургуулийн Эрдэм шинжилгээний дэд захирал Ким Барретт "Мэдрэлийн шинж тэмдэг илрэхээс өмнө Паркинсоны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй өвчтөнүүдийг үнэлэхдээ эмч нар гэдэсний эдгээр нөхцөл байдлыг "анхаарах" нь чухал байж магадгүй юм” гэжээ.
Сонирхуулахад, дофамин ялгаруулах мэдрэлийн системд гэмтэл үүссэний улмаас гар салгалах, хөдөлгөөн удаашрах, биеийн тэнцвэр алдагдал шинж тэмдэг бүхий тархины архаг эмгэгийг паркинсоны өвчин гэдэг байна. Паркинсоны өвчний явцад дофамин ба ацетилхолины харьцаа алдагдсанаар булчингийн хөдөлгөөнөө хянах чадвар буурна. Өвчний шалтгаан тодорхой бус боловч зарим тохиолдолд удамшлын шинжтэй байх нь бий.