Конрад Аденауэр сангийн 30 жилийн ойн хүрээнд Ардчиллын VII чуулганыг зохион байгууллаа.
Уг чуулганы үеэр Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфренд Грунд нар "Монголын ардчилал: Өчигдөр ба Өнөөдөр" гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Илтгэл танилцуулж буй байдлыг харвал МАН-ын болон АН-ын Ерөнхий сайдыг оруулжээ. Мөн Бундестагийн гишүүн Манфред Грунд нь Монголын арчиллыг сонирхон судалдаг эрхэм аж. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилал АН-ын нүдээр, МАН-ын нүдээр хэрхэн харагдаж байгааг, гаднаас харахад ямар харагдаж байгааг дүгнэлээ гэж хэлж болох юм.
Шинэ Монголын ардчилсан үйл явц авлига, хээл хахууль, хавтгайрсан халамж, архидалт, шударга бус шүүх гээд олон бэрхшээлтэй тулгарч байна
Ерөнхий сайд асан С.Баяр
Илтгэлийг Ерөнхий сайд асан С.Баяр эхлүүлэв. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.
Монголын ардчилал сэдвийг богино хугацаанд багтааж ярих боломжгүй юм. Гэхдээ Монголын ардчиллын тухай өөрийн саналаа хэлье гэж бодлоо. МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн судалгаанд дэлхийд ардчиллын гурван давалгаа байдгийг дурдаад эхний давалгаа 1828-1926 он, дараагийн давлагаа 19₮3-1963 он, гурав 1974-1990 онд болсон гэж тодорхойлжээ. Энэхүү судалгаанд манай улсыг сүүлийн давалгаанд багтаж, ардчилсан улсын тоог нэгээр нэмсэн гэж дүгнэсэн. Дүгнэлттэй зарчмын хувьд маргахгүй. Харин ардчиллын давалгаанд өртсөн гэж хэлэх нь ардчиллаа муруй дорой цогцлоон байгуулж буй өнөөгийн монголчууд аль нэг давагдашгүй хүчин зүйлд автсан мэт, арай л ингэхгүй байр сууринд байсан юм шиг найруулжээ. Би үүнийг буруу ойлгосон байж болно. Миний хувьд манай улс ардчиллаа богино хугацаанд идэвхтэй эхлүүлсэн гэж боддог. Ингэснээр манай нийгмийн хэд хэдэн онцлогт нөлөөлсөн болов уу. Бид Ази тивд байршилтай, тивийн өнө эртний улсуудын нэг. ХХ зуунд улс төр, эдийн засаг, бусад хамаарлын хувьд социалист лагерын салшгүй хэсэгт болсон байсан. Тэр утгаар авч үзвэл Азийн амьдрал харилцаанаас хол явж ирсэн. Харин ЗХУ, зүүн Европын улс төр, нийгмийн үйл явцад ойр бөгөөд сайн мууд өртөмхий байлаа. Иймд тухайн бүс нутагт өрнөж байсан үйл явдлууд манай нийгэмд дам бус шууд нөлөө үзүүлж байсан.
Чингисийн үед ардчилсан үзэл санаа байгаагүй ч чөлөөт сонгууль байсан
Манай хүн амын 70 орчим хувь нь 35-аас доош насныхан. Залуус аливааг шинэ соргогоор хүлээж авдаг онцлогтой. Тэр тусмаа 1950-аад оноос хойш ЗХУ болон зүүн Европ руу залуусыг сургахаар илгээсэн. Тэд мэргэжил эзэмшихээс гадна олон үйл явдлын гэрч болсон. Энэ мэт зүйлс монголчууд ардчиллаа эрчимтэй эхлүүлэх нэг хөшүүрэг болсон юм. Үүний үр дүнд Монгол Улс Ази тивийн социалист орнуудаас анх удаа олон намын тогтолцоотой, эрх мэдлээ хуваарилдаг, ардчилсан улс болсон. Том гүрэнтэй хил залгаа байршлаасаа болж хавчигдсан байдалтай явж ирсэн бидний хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал гэдэг чухал байсаар ирсэн. Одоо ч хэвээр. Монголчуудын эрх чөлөөгөө эрэлхийлсэн үндэсний сэтгэлгээ байдаг болов уу гэж боддог. Бид нүүдэлчин уламжлалтай. Олон мянган жилийн турш нүүдэлчид байгалийн хуулиас өөр хуульд, дээрээс эсвэл гаднаас тулгасан зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөх тун дургүй ард түмэн байсан. Монголын нүүдэлчид овог аймгийнхаа хүрээнд ах захаа дээдэлж амьдраад асуудлаа олноороо цуглан хэлэлцдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Их Монгол улсаа байгуулж, Эзэн Чингис хаанаа сонгуулиар тодруулж байлаа. Орчин цагийн хэлээр хэлбэл, 800 жилийн тэртээ монголчууд бүх үндэстнийхээ хэмжээнд хуралдаж, төрийн тэргүүнээ сонгож байсан гэсэн үг. Ард олны, иргэдийн төлөөллийг хангах, төрийн тэргүүнээ сонгуулийн аргаар тодруулах, өнөөдөр бидний ярьж буй ардчилсан үзэл санаа, суурь зарчим, чухал элементэд нийцнэ. Ингэж хэлснээрээ би Чингис хааныг ардчилсан үзэлтэй байсан гэж нотлохыг хүсэхгүй. Гэхдээ өнөөдөр дэлхий дээр хүлээн зөвшөөрч буй төлөөллийн зарчим, сонгууль өвөрмөц хэлбэрээр хэрэгжиж байсан түүх нь энэ.
Төр засгийг хүчээр бус эвээр, дарангуйллаар биш зөвшилцлөөр, тулгалтаар биш сонгуулиар байгуулах ёстой
Нүүдэлчид прагматик хандлагатай, сэтгэлгээтэй. Ахуйд нь юу хэрэгтэй байна, түүнийг авч хэрэглэнэ. Өргөн уудам тал нутгийг нэгтгэн захирах их хааныг цэрэг зэвсгийн хүчээр эсвэл түрэмгийллээр тохоон томилж байсан удаа бий. Гэвч тэгж байгуулсан төр засаг удаан насалдаггүй байсан. Хоорондын ашиг сонирхлоос болж бие биенээ хядах, бусдын идэш болж ирснийг түүх гэрчилнэ. Тийм ч учраас хүчээр бус эвээр, дарангуйллаар биш зөвшилцлөөр, тулгалтаар биш сонгуулиар байгуулах ёстой гэдгийг талын нүүдэлчид эрт дээр үед шийдэл болгосон.
Мөн КАС-ийн дэмжлэгтэйгээр хийсэн судалгааны бүтээлээс иш татъя. Олон зуун жил оршин тогтносон эзэнт гүрнүүд ардчилсан шинжтэй байсан эсэх тавигддаг. Ардчиллыг орчин үеийн либерал үзэл баримтлалын үүднээс авч үзвэл ардчилал байгаагүй. Харин бидний ярьж буй ардчилал бол хүний заяамал хийгээд төрийн оршлын гол шинжийг илэрхийлсэн хийсвэр ойлголт. Төр ба ардчиллын үзэл санааг салгаж үзэх боломжгүй гэсэн үзэл баримтлалын үүднээс бол өвөрмөц ардчилал байсан гэж дүгнэсэн.
Асуудлыг олноороо хэлэлцэн шийдвэрлэдэг нүүдэлчдийн арга, зарчим бол өнөөгийн Монгол Улсад ардчиллыг тогтоон хэвшүүлэхэд түүхэн чухал суурь болсон. Энэ бол монголын ардчиллын онцлог. Өнөөгийн Монгол Улс ардчилсан реформыг амжилттай эхлүүлсэн, өргөжүүлж байна. Монгол Улсын хүн ам КАС-г Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа нээж байхад 2.2 сая хүн амтай байлаа. 30 жилийн дотор 3.5 сая хүнтэй боллоо. Нэг хүнд ногдох ДНБ 1993 онд 365 доллар байлаа. Харин 2022 оны байдлаар 5033 доллар болж өслөө. Ийм сайны жишээ байгаа ч муугийн жишээ бий. Шинэ Монголын ардчилсан үйл явц авлига, хээл хахууль, хавтгайрсан халамж, архидалт, шударга бус шүүх гээд олон бэрхшээлтэй тулгарч байна.
Н.Алтанхуяаг: Гэдэс нь хоосон, ядуу хүмүүстэй ардчилал ярихад хэцүү
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг илтгэлээ хүргэлээ.
Сүүлийн 30 жил олон өөрчлөлт гарсан, буцааж болохгүй ололт амжилтыг бид олсон. Саяхан нэг судалгаа харахад судалгаанд оролцсон иргэдийн 46 хувь нь ардчиллаас ухарч байна гэж хариулжээ. Гашуун ч гэсэн үнэн үгийг хэлж байх хэрэгтэй. Монголчуудын илтгэл алдарч буй цаг үе тохиож байна. Гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Баялгаа яагаад зарцуулж чадахгүй байна гэж ард түмэн асууж байна. Гэдэс нь хоосон, ядуу хүмүүстэй ардчилал гэж ярихад хэцүү юм. Ардчилалд заналхийлж буй нэг зүйл бол тэгш бус байдал. Анх бид ардчиллыг авчрахдаа дараах зүйлийг хүсэж байсан.
Нэгд, чөлөөт сонгууль. Харин одоо чөлөөт сонгууль алга. Яагаад ганцхан "атаман" намтай юм бэ. Олон нам алга. Олон намтай болж байж ардчилал бий болно. Бид олон намтай болсон ч хоёр л "атаман" намтай болжээ. Харин одоо Ардчилсан нам улам бүр жижгэрч байна.
Хоёрт, зах зээлийн эдийн засаг. Эдийн засгийн ардчилал гэдгийг бид тэр чигт нь орхижээ. Зөвхөн газрын баялгийг гартаа хийсэн хэсэг хүмүүс эдийн засгийг гартаа барьж байна.
Үнэндээ бид авчирсан ардчиллаа бэхжүүлж чадсангүй
Мажоритар сонгуулийн системээр олон намын тогтолцоог үгүй хийсэн. Найман удаа сонгууль хийхдээ ихэнхдээ мажоритар тогтолцоог хэрэглэсэн. Сонгуульд дөрвөн удаа МАН үнэмлэхүй ялж байсан. Нэг намыг муулж байгаа юм биш сонгуулийн тогтолцоог өөрт ашигтай байлгаад байхаар хөгжил дэвшилд саад болдог юм байна.
Нэг удаагийн сонгууль холимог тогтолцоогоор болсон. Тухайн үед МАН-ын дарга С.Баяр, АН-ын дарга би байсан. Ингээд С.Баяр дарга одоо манай улсад мажоритар тогтолцоо хэрэггүй, танай нам холимог тогтолцоог дэмжээд үзээч гэсэн. Эхэндээ би болгоомжилж байсан ч дэмжсэн. Монгол Улсын түүхэнд 2012 онд ганц л удаа холимог тогтолцоогоор сонгуулиа хийгээд гурван нам УИХ-д суудалтай болж байв.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ олон дахин нэмэгдсэн. Гэтэл сонгууль зохион байгуулах зардал тамтгаа алдсан байна. Сонгуульд ажиллаж буй хүмүүстээ л цалин өгөх гэж сая доллар зарцуулж байгаа юм. Яагаад намын даргын төлөө алалцаад байна вэ гэхээр нам төрийн эрхийг авдаг болохоор тэр. Нэг намынхаа даргыг нөгөө нам нь томилох гэж дайрдаг болсон. 1990 онд Ерөнхий сайд гадаадад айлчлаад танай хүмүүсийн цалин хэд вэ гэж асууж гэнэ. Хариуд нь 4000-5000 доллар байдаг гэтэл хоол хүнсэндээ хэдийг зарцуулдаг вэ гэж асуухад 1000-2000 мянган доллар л биз гэж хариулж. Тэгвэл гарсан зөрүүг нь яадаг вэ гэж асуухад тэр Засгийн газарт хамаагүй, айл өрхүүд өөрөө мэднэ гэж хариулсан. Эргээд нөгөө улсын Ерөнхий сайд манай Ерөнхий сайдаас асууж гэнэ. Манайх 50 орчим доллар авч, хоол хүнсэндээ 100 доллар зарцуулдаг гэж гэнэ. Тэгээд зөрүүг нь хаанаас олдог юм бэ гэтэл тэр манай Засгийн газарт хамаагүй гэж хариулсан гэдэг юм билээ. 30 жилийн өмнө ийм л байсан, одоо ч ийм байна.
Ардчилал өдөр бүр сорилттой тулгардаг, тэр бүхний давж сайжруулахад хүн бүр оролцох хэрэгтэй
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфренд Грунд
Төгсгөлд нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфренд Грунд илтгэлээ танилцууллаа.
30 жилийн шилжилтийн үед оноо ч бий алдаа ч бий. Монгол Улс сүүлийн 30 жил хичээж, иргэний нийгмээ бэхжүүлж байна. Ялангуяа, нийгмийн сүлжээг харахад жагсаал цуглаан болж, сошиалд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна. Хамгийн түрүүнд Монгол Улс төрийн ажлыг сайжруулах хэрэгтэй байна. Мөн ардчиллын үйл явцыг сайжруулах шаардлагатай юм. Ардчилсан нийгэм өдөр тутам сорилттой тулгардаг. Үүнийг давж гарч сайжруулахад хүн бүр гар бие оролцох ёстой. Манай хоёр улсын найрсаг харилцаанд талархаж байна.