Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Япон улс Фүкүшима АЦС-ын хаягдал усыг Номхон далайд цутгаж эхэллээ

Япон улс Фүкүшима АЦС-ын хаягдал усыг Номхон далайд цутгаж эхэллээ
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 24
Япон улс сүйрсэн Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын хаягдал цацраг идэвхт усыг цэвэршүүлж Номхон далайд цутгаж эхэллээ.
Атомын цахилгаан станцын оператор "Tokyo Electric Power" компани орон нутгийн цагаар пүрэв гаригийн 01.03 цагаас эхлэн усыг далайд цутгаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн байдлаар хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл ажиглагдаагүй гэж мэдээлсэн байна.
Гэвч хаягдал усыг далайд цутгахыг эрс эсэргүүцсээр ирсэн БНХАУ пүрэв гаригт Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнс импортлохыг хориглох шийдвэр гаргалаа.
Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцад 2011 оны гуравдугаар сард болсон 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт, цунамигийн гамшгийн үеэр осол болж 1, 2 болон 3 дугаар реактор хайлж, цацраг идэвхт изотопоор бохирдсон их хэмжээний ус Номхон далайд алдагдсан. Олон улсын атомын энергийн агентлаг уг ослыг хамгийн ноцтой буюу долдугаар түвшний осол гэж тодорхойлсон. Хүн төрөлхтний түүхэнд өмнө нь цорын ганц удаа долдугаар түвшний цөмийн осол болж байсан нь 1986 онд Украины Чернобилийн атомын цахилгаан станцын осол юм.
undefined
"Tokyo Electric Power" компани ослын дараа Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын дагуу 1.5 километрийн урт хана босгох ажлыг нэн даруй хэрэгжүүлж, цацраг идэвхт ус алдагдахаас сэргийлсэн байдаг. Улмаар өнгөрсөн 12 жилийн турш цацраг идэвхт усыг цэвэршүүлж, атомын цахилгаан станцыг татан буулгах ажлыг хэрэгжүүлсэн. Японы Засгийн газар 2021 онд Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын хаягдал усыг Номхон далайд цутгах шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн сард Олон улсын атомын энергийн агентлаг зөвшөөрөл олгосон. Станцын орчим болон реакторт хуримтлагдсан усыг зайлуулсны дараа цөмийн түлшний хаягдлыг булшлах, цацраг идэвхи бүхий хөрсийг цэвэрлэх зэрэг илүү хүнд сорилт хүлээж байна.
Японы Засгийн газар зөвхөн 880 тонн хайлсан цөмийн түлшийг зайлуулж, 2420 хөлбөмбөгийн талбатай тэнцэх хэмжээний хөрсийг цэвэрлэхэд 21.5 их наяд иен төсөвлөсөн. Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын цацраг идэвхийг саармагжуулж, ашиглалтаас гаргахад нийт 40 их наяд гаруй иен шаардлагатай гэх тооцоог хийсэн.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн