Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Хөрөнгө оруулагчид банкны нэг хувьцаа эзэмшигч 20 бус, 33-34 хувь эзэмших санал гаргажээ

Хөрөнгө оруулагчид банкны нэг хувьцаа эзэмшигч  20 бус, 33-34 хувь эзэмших санал гаргажээ
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 24
УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хоёр чухал заалт орсон. Энэ өөрчлөлтийн дагуу банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгож, IPO-оо амжилттай хийсэн билээ. Харин удаах шинэчлэл нь “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэх заалт билээ. Уг заалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө банкууд хэрэгжүүлэх учиртай.
Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкуудаас Хас банк энэхүү хуулийн шаардлагыг биелүүлж байгаа цорын ганц банк. Тус банкны нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувийн хамгийн дээд хэмжээ нь 20 хувь байгаа юм. Тэгвэл бусад банк энэ шинэчлэлд бэлэн бус, мөн хөрөнгө оруулагчид 20 хувийн эзэмшлийг бага хэмээн хөрөнгө оруулахгүй байгаа аж. Иймд талуудаас хуулийн хугацааг сунгах эсвэл 20 хувь гэснийг 33-34 хувь болгон нэмэгдүүлэх санаагаа илэрхийлж, Монголбанкинд ч хүсэлт гаргасан байна.
Энэ талаар Монголбанкны Банкны бүтэц өөрчлөлтийн газрын Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүүгээс тодруулахад "Банкуудын нөхцөл байдал харилцан адилгүй байна. Зарим банк нь энэ заалтын шалгуурыг хангаж байгаа. Харин заримынх нь хувь эзэмшлийн төвлөрлийг гурван сарын хугацаанд 20 хувьд хүргэх, тэгэхдээ бодит үнэ цэнээр зарна гэдэг хязгаарлагдмал болоод байна. Иймд Монголбанкнаас 20 хувь гэдэг нь хэр бодитой тоо вэ, үлдсэн гурван сарын хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангаж чадах уу гэдгийг судалж байна. Энэ хүрээнд хуулийг дагаж гарсан журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой төсөл бэлдээд явж байгаа юм.
Эдийн засгийн форумын үеэр ЕСБХБ, Олон улсын санхүүгийн корпорациас шийдвэр гаргах хэмжээний хувь эзэмшилд хөрөнгө оруулмаар байгаагаа илэрхийлсэн. Тус байгууллагууд нь банкинд хөрөнгө оруулахдаа ашиг олохоос илүү үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход анхаардаг. Тиймээс банкны хувьцаа эзэмших 20 хувийн дээд хязгаарыг хангалттай бус гэж үзэж, Компанийн тухай хуульд заасан 1/3 буюу 33-34 хувиар тогтоож өгөхийг хүссэн. Ингэснээр тухайн хөрөнгө оруулсан банкныхаа үйл ажиллагаанд нөлөөлөөд банкны салбарын болон бусад секторт оролцох боломжтойгоо илэрхийлэн хүсэлт гаргасан. Үүнийг Монголбанк хүлээн аваад хуульд өөрчлөлт оруулж болох эсэхийг судалж байна. Хэрэв ингэвэл хугацааны хувьд ч гэсэн амжих боломжтой. Харин 20 хувь хэвээр үлдвэл хэрэгжих хугацааг хойшлуулах болов уу" гэлээ.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн