Тэд бидний тухай | 1 мин уншина

Монгол-Орос хоорондын нислэгийг нэмэгдүүлж, бусад улс руу нислэг үйлдэх чиглэлийг тодорхойлов

Монгол-Орос хоорондын нислэгийг нэмэгдүүлж, бусад улс руу нислэг үйлдэх чиглэлийг тодорхойлов
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 23
ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг (Росавиация) мягмар гаригт Монгол, Орос хоёр улс харилцан нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын хөлөг, карго тээврийн хязгаарлалтыг цуцлахаар тохиролцсон талаар мэдэгдлээ.
Росавиациягийн албан ёсны вебсайтад мэдээлснээр Монгол-Оросын хооронд долоо хоногт долоон удаа нислэг үйлдэх аж. Тухайлбал, Оросын агаарын тээврийн компаниуд Улаанбаатар, Чойбалсан, Өлгий, Улаангомын чиглэлд шууд нислэг үйлдэхээр заасан байна. Харин Монголын авиа компаниуд ОХУ-ын Москва, Улан-Үд, Эрхүү, Чита, Екатеринбург, Новосибирск, Кызыл хотууд руу шууд нислэг үйлдэх юм.
Түүнчлэн талууд уг тохиролцоогоор хоёр улсын агаарын тээврийн компаниуд бусад улс руу нислэг үйлдэх чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд, ОХУ-ын авиа компаниуд Монгол Улсаас БНСУ-ын Сөүл болон БНХАУ-ын Бээжин хот руу нислэг үйлдэх, Монголын агаарын тээвэрлэгч компаниуд Оросоос Туркийн Стамбул, Германы Берлин, Мьюнхен, Франкфурт, Английн Лондон болон Чехийн Прага хотууд руу нислэг үйлдэхээр заажээ.
Тэгвэл Европын Комисс Украины дайны хориг арга хэмжээний хүрээнд 2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын агаарын тээврийн компаниудад Европын холбооны агаарын хилийг хааж байгааг мэдэгдсэн. Ингэснээр манай хойд хөрш Европын чиглэлд иргэний агаарын тээврийн нислэг үйлдэх боломжгүй болоод байсан юм. Харин Монгол-Оросын талууд дээрх тохиролцоонд хүрснээр ОХУ-ын иргэд Европ руу нисэх боломж бүрдэнэ.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн