Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Үнэ өсгөдөг “арчаагүй зан" монголчуудыг ядуурал руу түлхэнэ

Үнэ өсгөдөг  “арчаагүй зан" монголчуудыг ядуурал руу түлхэнэ
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 18
“Монголд амьдрахад хүнд байна, хэцүү байна, явмаар байна” гэх үгс залуусын амны уншлага болжээ. Уг нь, манай улсын хүн амын суварга залуус дээрээ түшиглэдэг. Гэвч хүн амын “ноён нуруу” болсон залуус нь нийгмээ жигшиж, зэвүүцсээр эх нутгаасаа дайжиж байгааг өнгөрсөн жилүүдийн статистик тод харуулна. Тэгвэл энэ бүхний нэг углуурга нь “Монгол зан”-гийн гор.
Өчигдөрхөн Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны хоёрдугаар улирлын дүнг танилцуулсан.  Уг танилцуулгаар Монгол Улсад аж төрж буй 940 мянга гаруй өрхийн бодит буюу үнийн нөлөөллийг арилгаж тооцсон орлого 1.9 сая төгрөг болсон гэдгийг мэдээлээд буй. Нэг талаараа ингэж өссөн нь сайшаалтай. Нөгөөтэйгүүр үүнийг хүний анхдагч хэрэгцээ болох байр сууцны үнэтэй дүйцүүлж бодвол баярын ч юм уу, гунигийн ч юм уу, аль нэг нулимс цийлгэнэх байх. Учир нь, залуу гэр бүл болон нийслэлд сурч боловсрохоор ирсэн оюутан залуусын хувьд ихэвчлэн түрээсийн байрыг сонгож аж төрдөг. Тэр нь ч тав тух талаасаа зүйтэй. Гэвч нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар түрээсийн байрны үнэ байршил муутай хотын захын подвальд сарын 700 мянган төгрөгийн үнэтэй байна. Цаашилбал, төв хэсэгт байрлах, мкв томдуу, цэвэр тохилог болж эхэлбэл доод тал нь 1.1 саяас эхэлж гурав, дөрөв, таван сая төгрөг болж өсөж байна. Товчхондоо, иргэд сарын турш идэхгүй, уухгүй, өмсөхгүй, зүүхгүй, зугаацахгүйгээр өөрөөсөө, өрөөлөөс харамлан байж оройдоо очиж хонох газартай болж байна гэсэн үг.  
Энэ бүхэн Монголд амьдрахад хэр өртөг өндөр байгааг харуулж буй энгийн жишээ. Магадгүй үүнд нөлөөлж буй хил гааль, цар тахал, зэвсэгт мөргөлдөөн гээд олон хүчил зүйл байгаа байх. Гэхдээ үүнээс хоржин нь монголчууд монголчууд дээрээ гишгэдэг “Монгол зан”-тай. Уг “Монгол зан” гэгчийг тодорхойлбол “ямар нэг хүчин зүйлийг далимдуулан ашиг олох, бусдыг бодохгүйгээр өөрийн ашиг сонирхлыг нэгд тавих, би л болж байвал болоо хэмээн дайрах”.
Үүний горыг өнгөрсөн он жилүүдэд монголчууд олон жишээгээр харж, хаширч авсан байдаг. Тухайлбал, аль 1980-аад онд баригдсан угсармал барилгыг шинээр ашиглалтад орж буй байрны үнээр зарах, хил хаасантай холбоотой дүн өвлийн хүйтэнд наймаачид хувцас юухнаа хэд нугалж, хүнсний нарийн ногоо тасрахад нэгхэн ширхэг огурцыг 10 мянган төгрөгөөр зарж байсныг одоо ч иргэд санаж буй. Ингэж л нэг иргэн нь нөгөө иргэнээ шулж, ядуурал руу унагаж байна. Адаглаад түрээсийн байрны жишээ рүү буцвал хоёр өрөө түрээсийн байр 2020 онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 662 мянган төгрөг байсан. Харин өдгөө 1.1-1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Ийн нэмэх болсон шалтгаан нь зүгээр л түлш, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн болохоор нэмсэн гэнэ. Энэ бол “Монгол зан”. Нэмсэн ч учиртай, бас начиртай нэмэх нь зүй ёсных. Тухайлбал, БНХАУ-д татвар нэмэх болон бодлогын өөрчлөлтөөс гадна хотын захиргаа байрны үнийн хязгаарыг тогтоодог. Байрны үнэ тухайн мужийн иргэдийн дундаж орлогоос давсан байвал үнийн хязгаарыг тогтоож шинээр баригдсан байрны үнийг хотын иргэдийн боломжит орлогоос бага байх ёстой гэж тогтоодог байна. Гэтэл манай улсад эсрэгээрээ. Олсон бүх орлогоос өндөр үнэтэй байх ёстой гэх зарчим ч үйлчлээд байх шиг.
Яг энэ жишиг цаашид гаарвал иргэд олон нийт дайжихаас өөр гарцгүйд хүрнэ. Монголд авч байгаа цалин, орлогоос гадна “арчаагүй” зангийн ядуурал нүүрлэжээ.
 
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн