“Архангай, Өвөрхангай ачаа бараа авна, явна” хэмээн нэгнийхээ дээгүүр давж дуугарах энэ газар бол иргэдийн нийслэлээс орон нутгийн чиглэлд зорчих автовокзал буюу ДРАГОН төв. Тэгвэл тус автовокзалыг энэ сарын 11-ний өдөр Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу Автотээврийн үндэсний төвөөс нүүлгэхээр шийдвэрлэсэн. Энэ нь нэг талаараа түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй гэдгийг албаныхан мэдээлээд буй.
Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Драгон автовокзалын нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Нийслэл Улаанбаатарт ирсэн, ирээд буцах гэж байгаа дийлэнх иргэн “Драгон”-ыг зорьдог. Учир нь, Монгол Улсын 21 аймгийн 16 аймаг руу тус терминалаас хот хоорондын тээвэр үйлчилдэг. Цаашилбал, жилдээ тус терминалаар нэг сая гаруй иргэн үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Иймдээ ч биднийг очиход хүний хөл автовокзалыг бүчжээ.
Хэдэн талаас л “Хаа хүрэх үү, нэг хүн аваад хөдөллөө” гэх тээвэрчид хэдийнэ танил юм шиг, сониуч харцаар цоо ширтэнэ. Тэдний ихэнх нь энэ сарын 21-ний өдөр гэхэд эндээс нүүнэ гэдгийг мэдэж буй ч өдгөө хэдэн хүн “сундалж” аваад гарах нь чухал байх шиг.
Нэг цэгийн үйлчилгээний төвийн хажууд зогсох иргэнээс “Драгон”-ыг нүүлгэх талаарх байр суурийг сонсоход “Манайх энэ арын байранд байдаг. Манай дүүргийн болон хорооны иргэд байнга шахуу гомдол хүсэлт өгдөг. Учир нь, жилийн дөрвөн улирал байнга энд бөглөрөл, хүн амьтан ихтэй байдаг. Адаглаад гэр рүүгээ машинтай орохоор бол тойрно эсхүл өдөр биш нэгмөсөн орой ордог гээд асуудлууд бий. Нүүлгэхээр бол хагас хугасаар нь биш бүгдийг нь зэрэг нүүлгэсэн нь дээр" хэмээлээ.
Харин орон нутгийн чиглэлд явдаг тээвэрчдийн байр суурийг сонсвол:
Орон нутгийн автобусны жолооч: Бид хэд чинь эндээ байгаад сурчихсан байхад нүүлгэхээр асуудалтай шүү дээ. Яах вэ, нүүж болж байна. Гэхдээ энэ хулгайн тэрэг хэт их байна. Үүнийгээ зохицуулж өгөхгүй бол бүр л хэцүү. Нүү, нүүцгээ гээд байдаг. Гэсэн хэр нь биднийг нүүлгээд хулгайн жижиг тэргүүд нь эндээ үлдвэл ямар хэрэг байх вэ. Дан ганц бид нарын асуудал биш. Нүүлгэх гэдэг чинь иргэдийн ч асуудал. Энэ хүртэл таксидаж ирээд, дахиад хаа байсан Толгойтын Номин хүртэл таксидна гэхээр зардал нэмэгдэнэ л гэсэн үг. Одоо эндээс арай гэж хүнээ дүүргэж гарч байхад хол оччихвол хүнгүй хэдэн хоног хүлээх юм.

Орон нутгийн автобусны жолооч: Нүүлгээд ямар ч ашиг, үр дүн гарахгүй болов уу. Үндсэндээ бид хүнгүй, зорчигчгүй болно гэсэн үг. Тэгэхээр бараг нүүлгээгүй нь дээр байна. Зарим нь хулгайн тэргүүдийг шийдчихвэл нүүе гээд байгаа. Хүмүүс хоёр талд хуваагдчихаад байх шиг байна. Миний хувьд хулгайн тэргүүдийн асуудлаа шийдсэн ч нүүхгүй. Тэр хол газар хүн очиж суухгүй шүү дээ. Одоо хичээл сургууль гээд хүн нэмэгдэж эхэлж байх шиг байна. Яг энэ үеэр нүү гэдэг нь буруу.

Орон нутгийн жижиг тэрэгний жолооч: Нүүлгэнэ гэдэг чинь дэмий санаа. Эндээ байсан нь зай талбайн хувьд ч хамаагүй дээр байгаа. Бас Драгоныхан өөрсдөө буруутай. Жижиг зай талбайтай байна гэчхээд объект барьдаг нь буруудсан. Үүнээсээ болоод л багтахгүй нүүлгэх гээд байх шиг байна. Эсхүл чиглэл чиглэлд нь өөр газруудад байрлуулбал болохоор байна. Түгжрэл ихтэй учраас бууруулахын тулд ингэж байна гэсэн. Энэ ч нэмэргүй дээ. Уг нь, болоод л байгаа. Юун болохгүй байгаа юм. Зохицуулалтаа сайн хийхийн оронд зай талбайг нь аваад барилга бариад солиороод байна. Энэ чинь хүн бүрийн мэддэг газар шүү дээ. Хол нүүгээд нутагших гэж бөөн ажил болно.
Орон нутгийн жижиг тэрэгний жолооч: Нэг дор шавж байснаас хурдан нүүлгээсэй. Энэ том автобуснууд явчихвал зай багтаамж нь гайгүй болоод түгжрэл нь буурч магадгүй юм. Тэрнээс бид нүүгээд ямар ч нэмэргүй. Ер нь, Автотээврийн газар нь шийдээд талцуулахгүй байвал зүгээр байна.
Энэ мэтчилэн орон нутгийн чиглэлд тээвэрт явдаг иргэдийн хувьд том оврын автобус болон жижиг тэрэг болох суудлын автомашин "чи нүү, би үлдэе" хэмээн хоёр талд талцжээ. Аль нь нүүсэн алдагдалтай, бас нүүхэд тааламж муутай гэдгээ илэрхийлж буй.
Уг нь, одоогийн автовокзал "Драгон"-оос шинээр нүүж очих Номин нь хэд хэдэн давуу талтай гэдгийг албаныхан мэдээлээд буй. Тухайлбал, нийтийн зориулалтын талбай Драгон 12 мянган мкв бол Номин 63 мянган мкв, үйлчилгээний автобусны талбай Дрангон 3634,9 мкв бол Номин 5784,49 мкв байгаа юм.
Иймд тухайн салбараас Драгоныг барилгын ажилтай холбоотойгоор автобуудлын стандарт алдагдсан, гадна талбайд иргэдэд зогсоол байхгүйгээс эмх замбараагүй, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, тээвэрлэлтийн аюулгүй байдал алдагдсан хэмээн үзэж нүүлгэхээр болжээ.