Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын хэлсэн онцлох ТАВАН өнцөг

Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын хэлсэн онцлох ТАВАН өнцөг
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 16
Монголын бурханы шашны тэргүүн, Х Богд Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын гэр бүлээс тодорсон билээ. Тодруулбал, Х Богд нь Төрийн соёрхолт математикч Ч.Алтаннар, Ц.Гарамжавын охин Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан нарын ихэр хөвгүүдийн нэг юм. Х Богд тодорсон мэдээлэл гарснаас хойш гэр бүлээс нь хэрхэн тодорсон талаар ам нээгээгүй. Харин Х Богдыг тойрсон асуудлаар гэр бүл рүү нь, Х Богдоор тодорсон бяцхан хүү рүү нь маш их дайралт ирж байгааг хэлсэн байдаг. Тэгвэл Х Богдын эмээ Ц.Гарамжав зээ хүүгийнхээ талаар анх удаа ам нээж, фэйсбүүкт пост бичжээ. Түүний бичсэнээс онцлох таван өнцгийг хүргэе.
Ц.Хулангийн нэвтрүүлэг, захидлын талаар манай гэр бүл гомдол гаргаагүй
Яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан хэргээр 9 жил 6 сарын хорих ял оноосон билээ. Тагнуулын байгууллагаас энэ талаар албан ёсоор мэдээлэл өгөөгүй ч Ц.Хулангийн өмгөөлөгч Х Богдтой холбоотой асуудлаар ял авсан гэдгийг хэлсэн.
Энэ талаар Ц.Гарамжав "Магадгүй бидний хөгжих, мэдэх, боловсрон төлөвшиж, урагшлан өөдлөхийг хүлээн зөвшөөрч чадахгүй, үндэсний өв соёл, үндэсний үйлдвэрлэл, үнэт зүйл бүхнийг маань үгүйсгэн халдаж, биднийг бахархах зүйлгүй, оюун санааны дархлаагүй болгох гэсэн явуулгыг гадаад, дотоодын бүлэглэлүүд өөрсдийн гүйцэтгэгч нараар зохион байгуулалттайгаар явуулж байна. Сүүлийн үед нэгэн үе Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Хулан гэдэг шүлэгч эмэгтэйн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн гэх захидлыг тарааж, олны дунд элдвийн төөрөгдөл таамаглал үүсгэж байна. Түүний хэргийг улсын нууцад хамаарах хэрэг гэсэн атал түүний өмгөөлөгч нь 1 захидал, 2 нэвтрүүлгээс болсон мэтээр мэдээлсэн нь хэргийн талаарх бодит байдлыг төөрөгдүүлж байгаа мэт харагдаж байна. Энэ нэвтрүүлгүүд анхлан ТВ9 телевизээр цацагдсан ба тус нэвтрүүлэг болон 1 захидлын талаар манай гэр бүл гомдол гаргаж байгаагүй. Гэтэл үүнийг бидэнтэй холбож, хамаатуулах гэж мушгин гуйвуулсан зохион байгуулалттай дайралтуудыг их явууллаа. Эдгээрт иргэн миний гэр бүлийн нэр хүндэд халдаад зогсохгүй, удам судрыг минь гутаан доромжилж, миний үүсгэн байгуулсан ААН-үүдийг байгаль, экологи сүйтгэж байгаа хэмээн шууд утгаар гүтгэжээ. Зохиолч, шүлэгч хүн fact check хийлгүйгээр харгис сэтгэлгээтэй, илт худал зүйл зохиож, тараасан гэхэд итгэхэд бэрх байна. Энэ хэрэг улсын нууцад хамаарч байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад буй захидлыг өөрөө бичсэн эсэхийг ч бид мэдэхгүй. Шүүх хурлын үйл явцын талаар ил тод мэдээлэл өгөхийг би болон бусад олон иргэд хүлээсээр байна" гэжээ.
Бурхан шашны өндөр дээд гэгээнтний хойд дүрийг тодруулах асуудал нь эд мөнгөөр хэмжигдэхгүй
Х Богд улстөрч, бизнесмэн гэр бүлээс төрсөн нь Богдын суудлыг худалдаад авчихлаа гэх хардлагыг дагуулдаг. Тэгвэл үүнд бас хариулт өгчээ.
Тэрээр "Олон мянган жилийн түүхтэй Бурханы шашны гүн ухааны өндөр дээд дэг жаяг, нарийн шүүлтүүр шалгууруудаар явагддаг эл үйл явцад эгэл бидний оролцоо огтхон ч байхгүй юм. Байх боломж ч үгүй юм. Бурхан шашны өндөр дээд гэгээнтний хойд дүрийг тодруулах асуудал нь эд мөнгөөр хэмжигдэх, наймаалцан авах, арга саамаар шийдэгдэх зүйл огт биш гэдгийг эрүүл, саруул ухаант хүмүүн бүр ойлгоно. Ямар гэр бүл ийм их өндөр үүрэг хариуцлага, ачаа дарамтыг хүсэх билээ дээ. Энэ тухай аав, ээж нь цаг нь ирэхээр дэлгэрэнгүй түүх ээ ярих биз ээ" гэсэн байна.
Үр хүүхдүүдээ инженер болгоё гэж байснаас Бурхан шашны тэргүүн болгох тухай бодол хэний маань ч ухаан санаанд минь бууж байсангүй
Хүүхдүүд маань аль эрт өрх тусдаа гарсан, бүтээсэн, байгуулсан амьдралтай, өөрсдийн бодол, зорилготой, бие даасан гэр бүл билээ. Манай хүүхдүүд багш, инженер эдийн засагч нарын гэр бүл учраас хүүхдүүдээ ч гэсэн сайн багш, инженер, сайн бүтээн байгуулагч болно байх гэж бодож явснаас лам хуврага, тэр тусмаа Бурхан шашны тэргүүн болгох тухай бодол хэний маань ч ухаан санаанд минь бууж байсангүй. Тийм шаардлага огтхон ч байхгүй ээ.
Намайг төрөөс төрсөн тэрбумтан гэж харлуулах ажил зохион байгуулалттайгаар явж байна
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өмнөх 4 жилд өөрийн үзэл баримтлалаа илэрхийлж, саналаа дэвшүүлж, нийгмийн шударга, зөв харилцааны төлөө тэмцэж ирсэн. Энэ хугацаанд бүтээсэн бүхнийг минь үгүйсгэн харлуулж, өөрсөд шигээ Төрөөс төрсөн тэрбумтан болгох гэсэн ажиллагааг зориуд өөрсдийн гар хөлөө болгосон мэдээллийн хэрэгслээрээ завсар зайгүй явуулж миний болон миний гэр бүлийн нэр хүндэд минь халдаж байгааг олон түмэн мэддэг билээ. Бидний улс орондоо хийсэн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө эхлүүлсэн бүхэн, бусдын төлөө зориулсан чин сэтгэл, өвөг дээдсийн удам судар, үнэн түүх маань оршсоор байх болно.
Бусдын тархи угаах явуулгад ашигдахгүй байцгаая
Цахим хөгжлийн эрин зуунд үнэн худал асар их мэдээллүүд хурдтай тархаж байгаа энэ үед аливаа хуурамч мэдээ /fake news/, зохиомол гүтгэлэгүүдийг шүүн тунгаан, шүүлтүүртэй хандаж, оюун санааны дархлаагаа алдалгүй, бусдын тархи угаах явуулгад ашиглагдахгүй байцгаая гэж та бүхэндээ уриалж байна.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн