Манай улс давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. Электрон тамхины орц найрлага болон олон улс болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар мэдээлэл авахаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа.
-Электрон тамхины талаар товч ойлголт өгөөч, хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон бэ?
-Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 3180С хүртэл халааж, тэр нь шингэнийг ууршуулж, хэрэглэгчийн амьсгалах манан хэлбэрээр ялгаруулдаг. Тиймээс электрон тамхины хэрэглээг vaping гэж нэрлэдэг. Энэ нь харьцангуй шинэ бүтээгдэхүүн.
-Электрон тамхинд шинжилгээ хийж үзэхэд орц найрлага нь ямар бодис агуулагддаг вэ. Эдгээр нь хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг үү?
-Электрон тамхины шингэн хэсэг нь nicotine, glycerol, propylene glycol, болон үнэр, амт оруулагч зэргийг агуулдаг. Nicotine нь байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис. Янжуур тамхинд агуулагдах никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь MNS 5024:2013 стандартын дагуу 1,3 мг байдаг (Жишээ нь: ESSE Change 0.3мг, Parliament 0,8мг). Харин зарим электрон тамхинд энэ үзүүлэлт 25-100 мг байна.
Электрон тамхины үндсэн найрлага болох Glycerol болон Propylene glycol нь чихэрлэг амттай, өнгөгүй шингэн бөгөөд хүнс, эм, entertainment үйлдвэрлэл гэх мэтээр маш өргөн хэрэглээтэй. Гэвч эдгээр бодисууд нь 2150С-с дээш хэмд халахаараа хүний биед хавдар үүсгэдэг Formaldehyde, Acetaldehyde, Acrolein болон задардаг. (энэ талаар олон улсын эрдэмтэд судалгаанууд байдаг ба энэ АНУ-ын California-н Их Сургуулийн эрүүл мэндийн тэнхим болон анагаахын сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл байна.)
Glycerol, Propylene glycol эсвэл эдгээрийн холимог эсвэл дангаараа электрон тамхины шингэний үндсэн найрлага бөгөөд бүх электрон тамхинд найрлагад байгаа.
-Олон улсад электрон тамхины хэрэглээг хэрхэн авч үзэж, зохицуулдаг вэ?
-Дэлхий нийтээр Covid-ийн идэвхтэй үе намжсаны дараа электрон тамхины асуудал анхаарал татаж байна. Дэлхийн тамхины хяналтын төв байгууллагаас гаргасан судалгаагаар 37 улс электрон тамхи худалдаалахыг хориглосон.
Австри, Бельги, Канад, Ирланд, Итали, БНСУ, Норвеги зэрэг 73 улс худалдаалахыг зөвшөөрч байгаа ч борлуулах газар, нас, цаг зэргийг журамласан байдаг. Тухайлбал: Австрали улсад электрон тамхины зах зээл өсөн нэмэгдэж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний тамхи татах, никотин донтолтыг нэмэгдүүлж байгаа судалгаа гарч, үүнээс болгоомжлон Австралийн засгийн газраас никотин агуулсан эсэхээс үл хамааран бүх электрон тамхийг эмчийн жоргүйгээр худалдахыг хориглохоор болж байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд нь 2023.05.02-нд мэдэгдэл хийсэн.
Энэ дээр дурдсан агуулга найрлагын эрсдэл, хор уршгаас гадна огт тамхи татдаггүй байсан өсвөр насны хүүхдүүдийг тамхинд оруулах, донтуулах сөрөг үр дагавар гарч байна.
-Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн электрон тамхитай холбоотой ямар зөрчлүүд гарч байна вэ. Манай улсын хувьд электрон тамхи импортлоход ямар эрх зүйн зохицуулалттай байдаг вэ?
-“Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2005 онд батлагдан 2012, 2015-3, 2019, 2022-2, 2023 онд тус тус нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд электрон тамхины тухай хараахан тусгагдаагүй байна. ЭМЯ-с нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр бидний яриад байгаа электрон тамхины талаар тусгай зөвшөөрөл, техникийн зохицуулалт, татвар зэрэг нэлээд өөрчлөлт орох байх гэсэн хүлээлттэй байна.
Ер нь аливаа бараа бүтээгдэхүүний хувьд хэрэглээ ихсэх тусам хуурамч бүтээгдэхүүн дагаж ихэсдэг. Тухайлбал: Улсын хилээр “Электрон тамхины шингэн” гэж гаальд мэдүүлсэн дээжид шинжилгээ хийж үзэхэд НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын хавсралтад заагдсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн болох каннабидиол, “Шингэн тамхи” гэж мэдүүлсэн дээжид НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан Дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн зэрэг зөрчлүүд гарсан.