Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлаад ирлээ. Айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөв.
Тэрээр "Ерөнхий сайдын айлчлалынхаа хүрээнд хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна бизнес, хувийн хэвшил, иргэдийн харилцаа, соёл, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн олон арга хэмжээг төлөвлөсөн, агуулга сайтай айлчлал болж дуусах шатандаа орж байна. Монгол Улс АНУ нь стратегийн түнш, манай гол гуравдагч хөршийн нэг. Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд стратегийн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Дипломат харилцаа тогтоосноос хойш 35 жилийн хугацаанд хамгийн ахиц дэвшилтэй, томоохон бодлогын бичиг баримтад гарын үсэг зурсан, агуулга өндөртэй айлчлал боллоо. АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй уулзахдаа үр дүнтэй, бодитой асуудлыг ярьсан. Ингэхдээ Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 баримт бичгийг танилцуулсан. Энэ хүрээнд мэргэжлийн хүмүүс нь дүгнэлт гаргаж, бодлогын баримт бичгээ уялдуулах, хоёр орны харилцааг үр дүнтэй байхад юун дээр анхаарах вэ, ерөнхий агуулгаар нь бус тодорхой салбар чиглэлээр хөгжүүлье гэж ярьсан нь үр дүнтэй байлаа.
Бид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх замын зураглал хэмээх баримт бичгийг байгуулсан. Мөн манай сайд нартай уулзсан уулзалтууд амжилттай боллоо. Ялангуяа зам тээврийн салбарт 22 жилийн дараа шууд нислэгтэй болгож байна. Үүнийг дагаад жилийн хугацаанд бэлтгэл ажил хийнэ. Зам тээврийн хөгжлийн сайд болон газрын дарга нар хэнтэй яаж ажиллах вэ гэдгээ тодорхойлсон.
Эдийн засаг, хөгжлийн яам АНУ-ын Худалдааны яамтай замын зураглалыг хэрхэн хэрэгжүүлж, ямар чиглэлд ажиллахаа тодорхойлсон. Сансар судлалын чиглэлээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй ярилцаж, НАСА биднийг онцгой хүлээн авч эрүүл мэнд, боловсролын чиглэлээр энхийн зорилгоор ашиглах талаар бодитой зүйл ярилцсан. Бид Марс төслийн хүрээнд Монголын говь бол сартай адил хөрстэй учир говьд сансар судлалын судалгааны төв байгуулах санал тавьсан. АНУ-ын тал судалж үзнэ гэсэн. Гүүгл компаниар зочилсон байгаа. Цаашид технологийн тал дээр хамтран ажиллахаар боллоо.
АНУ-ын иргэд бол Монгол Улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Харин Монгол Улсын иргэд АНУ-д визтэй, тэр дундаа нэлээд оочерлож хүндрэлтэй байдаг. АНУ-д 45 мянган монгол иргэн бий. АНУ-ын талд визний асуудал их байгаа талаар хэлсэн. Энэ тал дээр визний хөнгөлөлт үзүүлэх саналыг тавьсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен уулзахдаа визний хөнгөлөлт хэрэгтэйг маш тодорхой хэлсэн. Хариуд нь, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Дэлхий даяар визний асуудал хүнд байна. Гэхдээ бид танай саналыг судалж үзнэ" гэсэн. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дээр Консулын хэлтсийн ажилтан гэж нэг л хүн байдаг учир ачаалалтай байдаг. Тэгэхээр Монголд байгаа Элчин сайдын яаман дээр ажилчдынхаа тоог нэмэх саналыг хүртэл тавилаа.
Монгол орныг маш их сонирхож, олон жил биднийг өөрийнхөө гуравдагч хөршөө хэмээн хэлж, бидний ардчилал, үнэт зүйл, хүний эрхийг дээдэлдэг, хэвлэлийн эрх чөлөөтэй, ардчилалдаа тууштай байгаа, шинэ Засгийн газрын бодлого, гарч буй ахицыг АНУ үнэлж, хаалга үүдээ нээлттэй болгож байна" гэлээ.