Эрүүл монгол | 3 мин уншина

Д.Наран: Бүх хавдарт дархлаа эмчилгээг зөвлөхгүй

Д.Наран: Бүх хавдарт дархлаа эмчилгээг зөвлөхгүй
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 7
Хавдар судлалын үндэсний төвөөс хорт хавдрын эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг болох дархлаа эмчилгээг нэвтрүүлж буйгаа зарласан билээ. Дархлаа эмчилгээний талаар ХСҮТ-ийн Химийн тасгийн тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Нарантай ярилцлаа.
-ХСҮТ дархлаа эмчилгээг нэвтрүүлж байгаа юм байна. Дархлаа эмчилгээ гэж чухам юу вэ?
-Аливаа хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ хийдэг. Химийн эмчилгээ бол хавдрын эсрэг хэрэгжүүлж буй үндсэн эмчилгээ. Үүний дараагаар шинжлэх ухаан хөгжих явцад бай эмчилгээ болон дархлаа эмчилгээг нэвтрүүлсэн. Бай эмчилгээг бол 2021 онд нэвтрүүлж, өндөр өртөгтэй байсныг нь ЭМД-д хамруулж үнэгүй хийдэг болсон юм. Бай эмчилгээний дараагийн хавдрын эсрэг үр дүнтэй байгаа эмчилгээ нь дархлаа эмчилгээ гэж хэлж болно. Бай эмчилгээ, дархлаа эмчилгээг хүмүүс хооронд нь ялгахгүй, холиод байх тал бий.
Бай эмчилгээг нь хавдрын геномыг нь судалж байгаад ямар өөрчлөлт байна тэрийг нь тусгай биомаркерын шинжилгээгээр тодорхойлж байгаад өөрчлөлттэй генийн үйл ажиллагааг зогсоож байгаа онож эмчилдэг учраас бай эмчилгээ гэнэ. Бай эмчилгээний дараагийн нэг хэлбэр нь дархлаа эмчилгээ. Дархлаа эмчилгээг энгийнээр тайлбарлавал, хүний дархлааны тогтолцоог дэмжиж, тухайн хавдрыг устгаж буй хэлбэр юм. Сүүлийн 20 жил хувь хүнд тохирсон эмчилгээний эрин үе эхэлсэн. Энэ нь тухайн өвчтөний хавдрыг нь судалж байгаад тухайн хавдарт ямар эмчилгээ үр дүнтэй юм, тэрийг нь эд эсийн шинжилгээ болон биомаркерын шинжилгээнд тулгуурлан хийдэг. Тэгэхээр хувь хүнд тохирсон эмчилгээнд бай эмчилгээ, дархлаа эмчилгээ хоёулаа ордог.
Дархлаа эмчилгээ нь тариа хэлбэртэй. Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь Ниволумаб болон Пемброли-зумаб юм. Мөн атезолизумаб гээд тариа бий. Энэхүү эмчилгээг Монгол Улсад ЭМД-аар хөнгөлөлттэй эсвэл үнэ төлбөргүйгээр иргэддээ хүргэж чадахгүй байгаа. Иймд бидний зорилго бол дархлаа эмчилгээний тариаг даатгалд хамруулах юм.
-Дархлаа эмчилгээг ямар заалттай хүмүүст хэрэглэх вэ?
-Дархлаа эмчилгээний хамгийн үр дүнтэй хэлбэр нь дээр дурдсан гурван тариа. Энэ тариануудыг хэрэглэхдээ тухайн хүний биомаркерын шинжилгээг харж байж болно. Дархлаа эмчилгээг дахисан ихэнх хавдарт хэрэглэж болно, хийхгүй хавдар бараг л байхгүй. Гэхдээ тухайн хавдарт дархлаа эмчилгээг хийхэд үр дүнтэй байна уу, үр дүнгүй байна уу гэдгийг мөн судлах хэрэгтэй. Ямар нэг эмчилгээгүй болчихсон, өөрөөр хэлбэл, туяа, хими, бай эмчилгээ хийгээд үр дүнгүй үзүүлэлгүй дахисан хавдар бий. Үүнд зайлшгүй шаардлагатай, дэлхийд хамгийн үр дүнтэй байгаа нь дархлаа эмчилгээ. Гэхдээ бүх хавдарт дархлаа эмчилгээг хийхгүй. Тухайн хавдарт дархлаа эмчилгээ нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг судлах шаардлагатай.
-Дархлаа эмчилгээ хамгийн үр дүнтэй байна гэлээ. Эдгэрэх магадлал нь хэдэн хувь байдаг вэ?
-Энэ дээр олон улсын судалгааг түшиглэж хариулна. 100 хувь эдгэнэ гэж хэлэхгүй. Мэдээж дархлаа эмчилгээ хийлгээд үр дүн үзүүлээд хавдар нь бүрэн эсвэл хагас нь алга болчих ч юм уу. Тэгэхээр тухайн хавдрын шинж төрхөөс хамааран эмчилгээг хэрхэн хийх вэ гэдэг шийдэгдэнэ. 3-4 курсийн дараа багасчихсан байгаа хавдарт дахин заалт гаргаад үргэлжлүүлье гээд долоон курс хийгээд шинжилгээгээ хийгээд үзэхэд хавдар нь нэмж ургачихсан байдаг тохиолдол бий. Хавдрын биологийг ойлгоход их төвөгтэй л дөө. Ер нь бол эмчилгээнд дасал үүсчихдэг талтай. Хавдар нь маш ухаантай тогтолцоо. Тиймээс байнгын хяналттай байдаг юм. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөнд эмчилгээг хэдэн курсээр хийх вэ гэдэг тоог нь бол урьдчилаад гаргах боломжгүй.
-Тэгэхээр дархлаа эмчилгээг хавдартай хэн бүхэн хийлгэхгүй байх нь?
-Тийм. Манай өвчтөнүүд Турк, Солонгос, Япон, Тайланд зэрэг гадаадын улсад үзүүлээд эмчилгээний заавар, эм тариагаа авчран Монголдоо хийлгэх тохиолдол бий. Ийм тохиолдолд бид эмчилгээг нь хийж өгч байгаа. Гэхдээ дархлаа эмчилгээ гэдэг өртөг өндөртэй. Ямар орны эм, тариа байх вэ, долларын ханш хэр байхаас хамааран 10-20 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь ганцхан тарианы үнэ. Ингээд үзэхээр дундаж орлоготой өвчтөн, түүний ар гэр авч хийхэд хэцүү. Хавдрыг арилгахын тулд ганцхан удаа хийгээд болохгүй шүү дээ. Дор хаяж гурван удаа, тэгээд үр дүнтэй бол дахиад үргэлжлүүлнэ. Бүр үр дүнгүй болтол нь үргэлжлүүлнэ гэсэн заалттай. Иймд дархлаа эмчилгээний өртөг зардал өндөр. Тиймээс ХСҮТ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөг болъё гэх хүсэлтийг гаргаад байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн