Open iToim app
Чадлаа | 4 мин уншина

Сурвалжлага: Тэд “найрка”-наас эхлүүлсэн кофены бизнесээ франчайзуудтай өрсөлдөх хэмжээнд хүргэнэ

Сурвалжлага: Тэд “найрка”-наас эхлүүлсэн кофены бизнесээ 
франчайзуудтай өрсөлдөх хэмжээнд хүргэнэ
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 7
Жил гаруйны өмнө ахлах ангийн найзууд “Богд уулын гурав” хэмээх нэр автлаа олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ. Тэд өглөө эртлэн Богд уулыг зорьж, алхаж байгаа иргэдэд зориулан хийл хөгжим тоглож, халуун кофегоор үйлчилдэг байсан. Тэгвэл тэд өдгөө Улаанбаатар хотын төвд өөрсдийн нэрийн кофе шопоо нээжээ. Иймд тэдний үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.
Биднийг очиход “FORHAPPINESS” гэх хаяг бүхий кофе шоп угтав. Үүдээр ороход хэсэг залуус кофе шопынхоо цэвэрлэгээг хийж байсан юм. Тэдний хувьд Богд Хан ууланд үйл ажиллагаагаа явуулж байх цагаасаа л хийл хөгжим тоглож, алхаж байгаа иргэдэд сайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан. Үүнийгээ ч шинэхэн кофе шоптоо ажил хэрэг болгон төгөлдөр хуур, хийл хөгжмийн аяс дунд үйлчлүүлэгчдэдээ ая тухтай байдлыг үүсгэж буй. Үүсгэн байгуулагчдын хувьд хөгжим тоглодоггүй. Харин үйл ажиллагаагаа томруулах зорилготой багын гурван найзыгаа бизнестээ оруулж, өдгөө зургаан хүний баг бүрэлдэхүүнтэй шинэхэн салбараа нээгээд нэг сарын хугацааг үдэж, мөн л олон нийтийн талархлыг хүртээд байна.
undefined
Үүсгэн байгуулагч Э.Эрхэсбаяр, Э.Одонбаяр, С.Уламбаяр кофе шопоо “FORHAPPINESS” буюу аз жаргалын төлөө гэж нэрлэх болсон шалтгаан нь өөрсдийн нэрэнд “Баяр” гэж орсон тул ийнхүү нэрлэжээ.  
undefined
-Анх Богд ууланд кофе зарах санааг хэн гаргаж байв?
С.Уламбаяр: Бид гурав Богд ууланд анх 2021 зун алхаж байсан. Алхаж байх явцад ам цангаж уух юмны хэрэгцээ гараад байсан юм. Тэр үед ууланд кофе шоп, ус зарах газар байдаггүй байсан. Тэгээд энд кофе зарах юм бол хүмүүст хэрэгтэй юм байна даа гэдэг бодол төрж байлаа.
Э.Одонбаяр: Бид гурав бол багаасаа найзалсан. Бидний ярилцдаг, зорьдог, нийгэм ийм байгаасай гэсэн бодол маань адилхан байсан. Мөн шинийг хийх, сурч мэдэх, хүмүүст туслах эрмэлзэлтэй байсан учраас санаа гаргаад өнгөрөх биш ажил хэрэг болгосон нь кофе шоп.
-Тэгвэл Богд уулны бизнесээ өргөжүүлж хотын төвд нээх санааг хэзээ гаргасан юм бэ?
Э.Одонбаяр: Бид хэдэн жилийн өмнө ууланд гардаг байхдаа л ирээдүйд кофе шоптой болж, өсөж дэвжинэ гэдэг байсан. Мөнгө олохын төлөө бус үйл ажиллагаагаа томруулах бодол тархинд байдаг байсангэсэн үг. Хотын төв үйл ажиллагаагаа эхлүүлэхэд “DC” рестораны дэмжлэг маш их байгаа.
С.Уламбаяр: Өвлөөс хойш Улаанбаатар хотод маш олон газар үйл ажиллагаагаа явуулах гээд хайсан. Хайсны эцэст энэ газар нээгээд байна. Энэ рестораны хүнийг таньдаггүй байж байгаад нэлээд сайн таньдаг болсон.
undefined
Тэднийг шинэ салбар нээхэд рестораны зүгээс дэмжсэн бол Богд ууланд үйл ажиллагаа явуулж байхад эцэг эхчүүдийнх нь зүгээс хамгийн ихээр дэмжсэн байна. Тухайлбал, уул руу өглөө 05:00-06:00 цагийн үед хүнд хэрэгсэлтэйгээ очиход автобус унааны асуудалтай тулгардаг. Тиймээс тэдний эцэг эхчүүд өдөр бүр ээлжлэн хүргэж өгдөг байсан хэмээж байлаа.
-Бизнест ямар нэг зарчим баримталдаг шүү дээ. Та хэдийн хувьд гол баримталдаг зарчим нь юу байна вэ?
С.Уламбаяр: Миний бодлоор бид гурвын хамгийн сайн баримталдаг зарчим хүндлэл байдаг. Бид гурав бие биетэйгээ ч хүндлэлтэй харьцдаг. Бизнесийн хэд хэдэн уулзалтыг хийж байсан. Бизнесийн уулзалт дээр ч ялгаагүй хүндлэл гэдэг хамгийн чухал.
Э.Одонбаяр: Манай найз ингээд санаагаа хэлж байна шүү дээ. Тэгж санаагаа хэлж байхад нь бид хоёр ч адилхан зүйлийг бодсон л гэсэн үг. Сүүлдээ бодол нь хүртэл нэг болдог юм байна. Хоорондоо ярихгүйгээр нэг хүн шиг сэтгэдэг болсон./Инээв/
-Бизнесээ эхлүүлээд хоёр, гурван жил боллоо. Монголд гарааны бизнес эрхлэхэд ямархуу байна?
Э.Одонбаяр: Бизнес гэдэг зүйл өөрөө их гайхалтай. Яг гоё аргыг нь олох юм бол урсаад явчихдаг. Гэхдээ ямар ч бизнес амаргүй шүү дээ. Ямарваа нэг ажил эхлүүлбэл сахилга бат, алсын хараа гэдэг зүйл хамгийн чухал. Бид анхнаасаа алсыг харсан нь оносон байх. Тухайн үедээ мөнгө олох гэж хийсэн бол өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулахгүй байсан байх. Ирээдүйгээ харж, хүмүүсийг аз жаргалтай болгоно гэдэг зорилготой байсан болохоор гайгүй явж байгаа юм болов уу гэж бодож байна.
-Дараагийн томоохон зорилго нь юу байна вэ?
Э.Одонбаяр: Даргаагийн том зорилго маань гадаадын томоохон франчайзуудтай өрсөлдөх хэмжээний болох л байна даа. Үйлчилгээ, соёл, орчин нөхцөл гээд бүх зүйлээрээ өрсөлдөж, сайн байхын хичээнэ.
Тэд анх найруулдаг кофеноос эхэлж байсан бол өдгөө мэргэжлийн баристагийн түвшинд хүрчээ. Хэдийгээр 17 настай ахлах ангийн сурагчид ч гэсэн том зорилго тээж, түүнийхээ төлөө хамтдаа зүтгэж байгаа нь сайхан санагдав. Мөн үйлчилгээ, бизнесийн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байгаа тэдний хувьд, маркетинг, бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр аль хэдийн мэргэжил сонголтоо хийжээ.
undefined
Дашрамд дурдахад “FORHAPPINESS”-ийн хамт олон энэхүү сурвалжлагыг уншиж, очсон тохиолдолд наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 15 хувийн хямдралыг үзүүлэхээр болоод байна.
ХАЯГ: Хуучин 50 дугаар дэлгүүрийн хажууд, АСА циркээс хойд зүгт 100 м зайд DC рестораны нэг давхарт
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн