Зочин | 8 мин уншина

Н.Амаржин: Би “цүнх баригч” нэр авахааргүй түүхтэй хүн шүү

Н.Амаржин: Би “цүнх баригч” нэр авахааргүй түүхтэй хүн шүү
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 4
АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх Н.Амаржинтай ярилцлаа.
-Ярилцлагын урилга хүлээн авсанд баярлалаа. Та хэзээ зөвлөхөөр томилогдсон юм бэ?
-2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нам нэгдэж, даргаараа Л.Гантөмөрийг сонгосон. Үүний маргааш нь ч билүү, нөгөөдөр ч билүү Л.Гантөмөр дарга болон намын удирдлагуудтай уулзаж, бүрэлдэхүүн шинэчлэх, залуус намын бодлого тодорхойлоход ингэж оролцмоор байна гэж ярилцсан. Тэгээд намд элсэх саналыг хүлээж авсан юм. Тухайн үед улс төрийнхөө үзэл баримтлалаар элссэн. Миний хувьд ардчиллын үзэл баримтлалыг дэмждэг ч Ардчилсан намыг дотоод асуудлаас нь болоод ерөөс дэмждэггүй хүн. Тэгээд намд элсээд залуустаа чиглэсэн ажил хийе гээд хэдэн ажил эхлүүлсэн. Ажлаа эхлүүлсний дараахан залуус болон намыг холбох гүүр бол гэж намайг зөвлөх болгосон гэх үү дээ.
-Зөвлөх гэдэг чинь тухайн хүнийхээ ч юм уу, байгууллагынхаа нүд, чих болсон хүн гэж ойлгодог юм?
-Тийм ээ. Намд элссэнээ 2024 онд ялаад л болчихно гэж бодохгүй байна. Сонгуульд ялах чухал л даа, чухал биш гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ улс орон хөгжих хэрэгтэй байна, тэгэхийн тулд салбар бүрд зөв бодлого хэрэгтэй байна. Хүссэн хүсээгүй манай системд хоёр намын нэг нь эсвэл хамтарч л засаг барина. Мянга орилоод, эсэргүүцээд нэмэргүй. Тэгэхээр МАН-д ч тэр, АН-д ч тэр шинэ салхи оруулсан, цаг үеэ мэдэрсэн залуус орж ирээсэй гэсэндээ өөрөө урд нь гараад нүүрээ түлээд явж байна.
Би чинь уг нь 2012 оны тавдугаар сард Колорадогийн их сургуулийг улс төр, эдийн засаг гэсэн давхар мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Тэнд ажлын санал хүлээж авсан ч төгсөнгүүтээ Монголдоо ирсэн. Энд миний юу хийдгийг хүмүүс мэдэх байх. Комедиг бол чөлөөт цагаараа хийдэг. Янз бүрийн л бизнес хийсэн. Их сургуулиа төгсөөд Монголд ирснээс хойш 11 жилийн дараа намд элсэж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө цүнх баригч гэдэг нэрийг авахааргүй байгаа биз. Гэхдээ хэн тэгж нэр өгөх нь надад хамаагүй л дээ. Би л өөрөө өөрийгөө бий болгож, босож ирсэн хүн. 20 наснаас 30 нас хүртлээ бизнес хийж, яг л хар амиа бодсон хүн байхгүй юу. Дунд нь бас хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон. Одоо бол тодорхой хэмжээнд амьтан хүн дагаж байна, мэдсэн сурсан зүйл байна, туршлага байна, магадгүй улс төрд цаг үе нь мөн ч юм билүү. Намд элсээд арай өөрөөр нийгэм рүүгээ чиглэсэн ажил хийх цаг нь болчихсон гэж бодож байна. Эхлээд амьдралаа, салбартаа хийх зүйлээ хийж, нийгэмд эзлэх байр сууриа тогтворжуулаад тэгээд хөдөлье гэж бодсон.
Ингээд намд элсээд өөрийнхөө хийж бүтээе гэж боддог зүйлээ хийх гээд үзье гэж шийдсэн. Дотроо бодсон зүйл бий. Магадгүй ойрын 8-10 жилд бий болно гэж итгэж байна.
-Энгийн л ажлаа хийж яваад намын гишүүн болохоор хүмүүс янз бүрээр хэлэх тохиолдол бий. Гэвч та намын гишүүн болж, улс төрд эргэлт буцалтгүй орж байгаа юм биш үү?
-Ер нь орвол нэг хөлөөрөө дүрж орох ёсгүй. Шууд л орох ёстой. Би өөрийгөө аливаа зүйлд тууштай нэгэн гэж боддог. Миний дэмждэг сагсны баг 20 жил шал арчсан ч гэсэн дэмжсээр байгаад л аварга болохыг нь харсан. Universal сургалтын төвийг ажиллуулаад 9 жил болж байна. Өөр хийдэг ажлууддаа ч гэсэн тууштай хандаж ирсэн. Гэвч фитнест явахдаа тууштай байж бол чадахгүй байна. /инээв/ Харин тууштай байх ёстой зүйлдээ бол тууштай, тууштай.
-Таныг зөвлөх боллоо гэж мэдээлэхэд зарим хүн "тооноор орж ирлээ" гэх хандлага гаргаж байсан. Угтаа олон жил АН-ын гишүүн явсан хүн зөвлөх болох ёстой байсан юм байх?
-Хүн ер нь өөрчлөлт, шинэчлэлтэд дургүй байдаг юм шиг байна лээ. Э.Бат-Үүл гуай Хотын дарга болоод дугаарын хязгаарлалт хийхэд дургүй л хүлээж авч байсан. Намайг угаасаа дургүй л хүлээж авна шүү дээ. Би чинь нэг ч улс төрийн ажил хийж үзээгүй юм чинь аргагүй. Ямар ч улс төрийн туршлага байхгүй. Би улстөрч биш жирийн иргэний дуу хоолой, залуусын төлөөлөл болж намд элссэн, зөвлөх болсон. Гэвч нэг асуулт бий. 20 жил нэг байгууллагад ажилласан хүн заавал дарга болох ёстой юу, эсвэл 20 жил ажиллаагүй ч чаддаг нь дарга болох ёстой юу. Яг байсан процессоороо, байсан хүмүүсээрээ явах ёстой бол тэр нь зөв. Тэгээд үр дүнгээ хар. Харин шинэчилж үзээд өөрөөр хийгээд үзье гэвэл тэр нь зөв. Үр дүн гарч магадгүй шүү дээ. Ямартай ч миний хувьд үнэмлэхүй ялсан намд ороогүй. Сүүлийн хоёр сонгуульд нийт 20 суудал авсан намд орлоо.
-АН-ын фракцууд үеийн үед хүчтэй байж ирсэн. Та аль нэг фракцад ороо юу?
-Ороогүй. 1990-ээд оны залуустай юм хийгээд явж байна. Тэрийг фракц гэхгүй байх. АН-д янз бүрийн фракц бий. Удирдлагуудтайгаа зөвлөлдөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл одоо зөвхөн залуусын чиглэлд ажиллаж байгаа учраас амбийцлаагүй, тойрогт очиж ажиллаагүй, дэвших талаар ч яриагүй. Фракцад орохгүй гэж хэлэхгүй, гэхдээ болоогүй гэж бодож байна.
-Дэвших талаар яриагүй гэхээр 2024 оны сонгуульд та дэвшихгүй юм уу?
-Тэр надаас шалтгаалахгүй байх аа. Жагсаалтад ч орохгүй. Тэр чинь томчуудын хийдэг тоглоом байх өө. Үнэнээ л хэлье. Дэвших гэсэн чинь бүр хол сонсогдож байна. Зөвлөх хийсэн гээд сонгуулийн дараа албан тушаалд горилох ч юм уу, тэгэхгүй. Би яаж горилдгийг нь ч мэдэхгүй /инээв/. Тийм процесс толгойд төсөөлөгдөхгүй байна. Мэдээж Ардчилсан намын зарчим, үнэт зүйлсийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулахад чадахаараа л үзье гэж бодож байна. Эсэргүүцэлтэй тулгарах л байх. Гэхдээ дэмжлэг их бий.
Би нэг найзаасаа санаандгүй 7000 төгрөг хулгайлсан байна лээ, өөр хулгайн түүх байхгүй
undefined
-Та ярианыхаа эхэнд залууст чиглэсэн ажлаа эхэлсэн гэж ярьсан. Нууц биш бол юу юу хийж байна даа?
-Манай "Өөрчлөлт" /change.mn/ нэртэй платформ тун удахгүй гарна. Change.org гээд хүмүүсийн саналаа хэлдэг платформ байдаг даа. Түүнтэй ижилхэн. Мөн боловсролын реформ, тэр дундаа бага боловсролын EQ тал дээр бодлого боловсруулахад оролцоно. Их сургуулийн реформ хийхэд бодлого дээр нь ажиллана. Дүүргүүд, аймгуудад мөн төлөвлөсөн ажил бий. Намын даргын дэргэд боловсролын зөвлөл, бизнесийн зөвлөл гэж байгуулагдсан.
Хамгийн гол нь би, би гэж ярихаас илүү эхлээд залуусаа сонсъё гэж бодож байна. Тэдэнд байдаг асуудлын 90 хувь нь надад ч адилхан байгаа байх. Адилхан л улсад амьдарч байгаа адилхан л залуус. Би гадарлаж байна. Гэхдээ сонсож үзье л гэж. Бид сонгуульдаа идэвхтэй оролцож чадвал хувь тавилангаа өөрсдөө удирдах боломжтой гэж найддаг. 2024 онд болохгүй юм аа гэхэд 2028 он, 2032 онд боломжтой. Яагаад хулгайчдаар төрөө удирдуулах ёстой юм бэ. Надад ичиж зовох зүйл байхгүй. БЗС-ийн зээлээр сураагүй, ямар ч сангаас зээл аваагүй. Бичил глобус гээд ББСБ-аас жилийн 48 хувийн хүүтэй зээл авч Universal сургалтын төвөө эхлүүлж байлаа. Бардам хэлнэ, идэж уусан юм байхгүй. Идэж уух ч үгүй. Надад хаа очиж сонгуулийн маргаан байхгүй, койн дээр ороогүй, нийгмийн анхаарал татсан зүйлүүдэд нэр холбогдож явсангүй. Би хүнд гай болж үзээгүй байхад намайг элдвээр хэлээд л байдаг юм. Яахав дээ, тэгээд. Би санаандгүй нэг найзаасаа 7000 төгрөг хулгайлсан байна лээ. Амьдралдаа өөр хүнд гай болж үзээгүй.
-Та зөвхөн фэйсбүүк дээр гэхэд 143 мянга, инстаграмд 76 мянга орчим дагагчтай инфлюнсер хүн. 2020 оны сонгуулиар нам дэмжсэн инфлюнсерүүдийг иргэд тааруухан хүлээж авдаг. Тиймдээ ч инфлюнсерийн улс төрийн сонголт ардаа хариуцлага дагуулж байдаг болсон?
-Хамсаатан нь шдээ.
-Юуны?
-Инфлюнсерийн дэмжсэн хүн нь хулгайч байгаад, тэр хулгайч нь улс орноо хохироосон бол тэр инфлюнсер хамсаатан нь гэж боддог юм. МАН-ыг дэмжсэн бүх инфлюнсер өнөөдрийн байгаа байдлын хамсаатан шүү дээ. Би тэдэнтэй дайн зарласан. Гадаадад гацсан монголчуудынхаа төлөө "А" гэж дуугараагүй юм байж гадаадад аялан тоглолт хийгээд үзээрэй гэж би хэлсэн.
Ардчилсан нам ардчилалгүй, дарангуйлагч байсан, одоо өөрчлөгдөнө
-Та Ардчилсан намыг үзэл баримтлалтай хэр үнэнч гэж боддог вэ. Юу болж байна, юу болохгүй байна?
-Одоо л харъя.
-Одоо л харъя гэж үү. Яагаад? Өмнө нь анзаараагүй хэрэг үү?
-Яагаад гэвэл Ардчилсан нам сүүлийн хэдэн жил дарангуйлагч нам байлаа шүү дээ. Ямар юмных нь Ардчилсан нам байх вэ. Хүмүүс хөндлөнгөөс хэн нь хэн бэ гэдгийг харлаа. Яадаг юм, шууд хэлнэ ээ. Ардчилсан намд ардчилал байсан юм уу. Одоо байгаа байх гэж найдаж байна.
-Бий болох байх ч юм уу гээд үү?
-Тийм. Бий болох байх гээд. 2023 оны дөрөвдүгээр сард элссэн хүн өмнөхийг нь яриад яахав дээ, тийм ээ. Одоо л Ардчилсан намд ардчиллыг авчрахын төлөө.
-Таны хувьд АН-ын лидерүүдээс, гишүүдээс номер нэгд жагсаан нэрлэх хүн хэн бэ?
-Х.Тэмүүжин сайд. Реформуудыг зоригтой хийж байсан. Тэгээд улс төрийн тоглолтод цавчуулчихсан гэж боддог юм. Ц.Туваан гишүүн байна, орон нутагтаа бол мэдрэмжтэй ажилладаг юм билээ. Юм бүхэн эрээнтэй, бараантай. Л.Элбэгдорж, С.Баярцогт гээд улстөрчид байна. Миний нэрлэсэн хүмүүсээс сурах юм их байгаа, хаях юм ч их байгаа. Намын лидерүүд гээд яривал их л хүн байна. Гэхдээ Х.Тэмүүжин сайдыг мундаг гэж боддог. Худал попрохгүй, салбараа сайн мэддэг.
Гэхдээ ер нь жаахан залуужмаар л байх юм. Японд 70, 80 настай хүмүүс удирддаг гээд л ярьдаг. Гэтэл Япон өөрөө ахмадууд олонтой улс. Харин манай улс залуу улс шүү дээ. Би бол их юм хүсээгүй. Цөөн хэдэн залуу төлөөлөлтэй болоод үзье л гэж боддог. Яагаад заавал хулгайчдыг сонгох ёстой юм. Залуусаа сонгоод хийлгээд үзмээр санагддаг. Шинэлэг байя л даа. Хожим нь "Ээ бурхан минь, сайн нэртэй л байж байвал" болоо, болоо. Одоо ч яахав. Дээр үед алуулж байсан, тийм ээ гээд ярьж байвал бас гоё.
-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Улс төрд орж буй болгоныг буруу гэж ойлгож болохгүй. Хулгайчид, төрийн дайснуудтай нэг хэвэнд цутгасан юм шиг хандаад байхаар зөв юмыг хийх хүн олддоггүй. Орсон болгон бурууддаг юм бол сонгодгоо л сонгоё. Шинэ залуус ороод ирэхээр битгий хамаагүй дайрч давшлаарай гэж хүсье. Сайн сайхан өөрчлөлт мэдээж ирнэ. Ирэхийн тулд өөрсдөө авчирдаг юм билээ.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн