Олон нийтэд "Найман ишигний хэрэг" гэх хэрэг анхаарлын төвд байна. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан малын хулгайн хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Бор-Өндөр сумын сум дундын шүүхэд болно. Эл хэрэг олны анхаарлын төвд байгаа учраас шүүхээс уг хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулбал, Хэнтий аймгийн Прокурорын газраас эхнэр нөхөр болох Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.12.2 дах хэсэгт тус тус зааснаар олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Ц.Т-ийн ээж болох Б.Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан...” зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэв.
Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд, тус иргэдийг олон тооны мал хулгайлсан хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шийтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Шүүхээс шүүгдэгч нарыг найм бус 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ийн 3 бүдүүн хонь нийт 56 толгой малыг тэмдэглэсэн хуучин цэнхэр өнгийн будгийг нь ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн, мөн 8 тооны ишгийг Портероор тээвэрлэн Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Т.Б-д 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон гэж тайлбарласан.