Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Сурвалжлага: Дугуй цагаан орчмын тохижилтод иргэд ам сайтай байна

Сурвалжлага: Дугуй цагаан орчмын тохижилтод иргэд ам сайтай байна
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 31
Дархан цаазат Богд Хан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын 40 гаруй байгууламжийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард буулгаж, тохижилтын ажил хийхээр болсон билээ. Тэгвэл өдгөө тус тохижилтын ажил хэрхэн үргэлжилж буйг сурвалжиллаа.
Урин дулаан цаг болж, амралт зугаалгын улирал ирсэнтэй холбоотойгоор Богд Хан уулыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ. Биднийг очиход автомашины зогсоол дүүрч, иргэд олон нийтийн хувьд дийлэнх нь зогсоолын хүртээмж багатайгаас улбаалан автобусаар ирж байгаа харагдлаа. Түүнчлэн, ойрын өдрүүдэд орон нутаг төдийгүй нийслэлд их хэмжээгээр халж байгаа тул амрагчид ч ая тухтай, анхаарал болгоомжтой байх талаас бодолцож нарнаас хамгаалах малгай, шүхрийг мартаагүй байх аж.
Хуучин амралтын газар байсан бүх гэрийг нурааж, ийм угтах хаагла хийжээ. Хаалгаар орвол тохижилтын хүрээнд явган хүний зам, унадаг дугуйн зам барих ажил бүрэн дууссан байна. Явган хүний замыг хийхдээ иргэдэд хүртээмжтэй байдлаар гурван метр, унадаг дугуйн замыг хоёр метрийн өргөнтэйгөөр хийсэн байна. Ингэж 300 орчим метр явахад худалдаа үйлчилгээний газар, нийтийн бие засах газрыг байгуулсан ч, ашиглалтад ороогүйгээс БНСУ-ын аялагчид тус байгууламжийн үүдний шилэн цонхоор дахин дахин нээсэн эсэхийг харж байв. Уг газар нь тохижилтийн эхний хэсэг юм.
undefined
Тохижилтын хоёр дахь хэсэгт уул руу орох явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай багтаж буй. Ингэхдээ уул болон тоглоомын талбай руу салсан явган хүний замыг хийсэн бөгөөд энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Учир нь, явган хүний замын захад хийсэн модон хэсгийг мод “хядаж” хийлээ хэмээж байсан юм. Харин холбогдох албаныхны хувьд тус модыг “Сэлэнгэ болон Богд Хан уулын цэвэрлэгээнээс гарсан мод. Тиймээс байгаль орчин сүйтгэсэн зүйл байхгүй. Харин ч байгалийн унаган төрхийг хадгалахын тулд унасан мод, хад чулуу, шохойн чулууг ашиглаж байгаа” хэмээж байлаа.
undefined
Хүүхдийн тоглоомын талбайн хэсэгт очвол хүн хөдөлгөөн ихтэй, хүүхэд багачуул тоглож байв. Тэрхүү тоглоомын талбайн тохижилтын талаар иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Иргэн Б.Оюунгэрэл: Би сүүлийн хоёр сар хагас, бүтэн сайн өдөр бүр өглөө 07.00 цаг өнгөрөөгөөд ирж байгаа. Тохижилт бол хүүхдүүд тоглоход үнэхээрийн гоё байна. Хуучин үед зөвхөн алхах зориулалттай амардаг байсан.  Одоо бол хүүхдүүд тааваараа тоглож байгаа. Тоглоом нь бас их таалагдаж байна. Ганц нэг шүүмжлэхээр зүйл нь хүүхдийн гулсуур төмөр байгаа учир хэт их халж байгаа энэ үед хүүхдүүд түлэгдэх вий гэсэн болгоомжлол байна. Өмнө нь төмөр гулсуур дээр гулгаж байгаад хүүхэд түлэгдсэн явдал гарч байсан учраас болгоомжлуулж байгаа юм шүү. Иргэддээ зөвлөхөд, цэвэрхэн тоглож, өөриймсөг хандвал тоглоомууд нь эхнээсээ эвдрэхгүй байх гэж бодож байна. Өмнө нь огт тоглоом байгаагүй шүү дээ. Бид хэсэг алхаж байгаад энд амарч, цайлчихаад буцдаг байсан. Одоо бол хүүхдүүдээ ирж тоглуулаад сайхан байна. Зун хүүхдүүд байрны гадаа шахалдаад тоглодог, заримд нь тоглоомын талбай ч алга. Тэрний оронд энд байсан нь агаарт, аюулгүй амар байгаа. Машин тэрэгний доогуур орчих вий айх юм байхгүй.
Иргэн Г.Эрдэнэтуяа: Миний хувьд Богд ууланд байнга ирдэг. Монголд ирснээс хойш бараг сүүлийн таван жил ирж байна. Өмнө байсан хоёр, гурван жилээсээ сайжирсан. Зарим нэг хүн хүүхдээ лагерь авч явах боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж тохижуулсан нь оносон санагдана. Гэхдээ дутагдалтай тал нь зогсоол бага, нойл нь нэлээд хол, заримдаа огт ажиллахгүй байна. Хүүхдүүдтэй хүн ямар мод руу орж бие засалтай нь биш дээ. Хэрэв мод руу орж бие засаад байвал байгальд гараад хэрэг байна уу. Мөн нохойтой хүмүүст уут өгч баймаар байна. Нохойгоо энд бие засуулаад байх юм. Энд чинь хүүхэд тоглож байгаа шүү дээ. Бусдаар бол сайхан болсон байна хэмээж байлаа.
undefined
Тоглоомын талбайн хэсэгт хүүхдээ тоглуулж, салхилуулж буй эцэг эхчүүд байсан бол уулын энгэр хэсэгт иргэд майхан барьж, дэвсгэр дэвсэн тухалсан байв. Ууланд алхаж буй иргэдийн хувьд өглөө эрт ирдэг тул өглөөний цай болон өдрийн цайгаа ууж чадаагүй байдаг. Тиймээс зах зээлээ мэдэрсэн гэдэг шиг өглөөний цайнд уух зууш болон хуушуур 30 орчим насны эрэгтэй тус хэсэгт зарж байлаа. Тэрээр уулын орой хэсэгт тухалсан иргэдэд хүрэхийн тулд чангаар дуугарах аж.
Мөн тохижилтоор сүүдрэвч болон гүүр хийжээ. Сүүдрэвчид иргэд цайлж, хөзөрдөж байлаа.
Тэдний төлөөлөл болох иргэн Н.Батцэцэг: Мэдээж маш таатай байна. Өшөө олон зүйлийг хийх хэрэгтэй байгаа. Гадны Япон, Солонгос чинь ганцхан уулаа тохижуулаад хэдэн арван сая жуулчин авч байна шүү дээ. Яагаад түүн шиг болгож болохгүй гэж. Энэ бол эхнийх нь байх гэж бодож байна. Дахиад цогц болгох байх гэж найдаж байна. Цаашдаа нэг хүсэлт тавихад нэг өдөр хашаад өндөр байшин битгий бариарай гэж үе үеийн хотын даргад хандмаар байна. Манайхан чинь ямар ч хэрэггүй барилга барих донтой болчихсон шүү дээ. Яг энэ хэвээр нь аялаж, зугаалахад тохирсон бүс байлгаасай хэмээсэн юм.
Товчхондоо, иргэд олон нийт Богд Хан уулын Дугуй цагаан орчмыг шинээр тохижуулсанд ам сайтай байв. Харин шүүмжлэл дагуулсан цөөн хэдэн зүйл нь бие засах газар, хогны асуудал. Тиймээс эдгээрийг шийдэх шаардлага гарч буй. Мөн хотын дарга Д.Сумъяабазар зургадугаар сард шалгалт хийхдээ гэрэлтүүлгийг нэмэх үүргийг гүйцэтгэгчдэд өгсөн. Гэвч уг үүрэг биелэгдээгүй байна. Иймд албаныхан уг асуудлууд дээр анхаарч, амрагч алхагчид анхаарал болгоомжтой, аригч хямгач байхыг хүсье.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн