Open iToim app
Нийслэл | 4 мин уншина

Сурвалжлага: Хоёр дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэн зуслангийн замд байгуулагджээ

Сурвалжлага: Хоёр дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэн зуслангийн замд байгуулагджээ
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 28
Улаанбаатарчуудын хувьд зуны улиралд амарч, зугаалах, цагийг зөв боловсон өнгөрөөж болохуйц цөөн хэдэн л газартай. Тухайлбал, үндэсний гэх тодотголтой Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. 1.5 сая хүн амтай, дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгийн хувьд энэ нь хангалттай бус. Тиймээс иргэд олон нийтэд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй соёл, амралтын хүрээлэнг барих шаардлага мөнхөд яригддаг билээ. Тэгвэл энэ удаагийн сурвалжлагаараа иргэд олон нийтийн төдийлөн мэддэггүй, тэдний анхааралд өртөж амжаагүй “Хайрхан хөгжлийн төв”-ийг онцолж байна.
Хайрхан хөгжлийн төв нь зуслангийн замд буюу Салхит орчимд юм. Бүр тодруулбал, "Чингэлтэй хайрхан"-ы өвөрт байрлаж байна. Манай сурвалжлах баг өдрийн 14.00 цаг орчимд тус төвд очив.  Уг төв нь иргэдийг ая тухтай байлгахын тулд төв замаас эхэлж уулын орой хүртэл хатуу хучилттай болон чулуун замыг тавьжээ. Ингэснээр авто машинтай нь машинтайгаа, алхаж, унадаг дугуйтайгаа ч очих боломжтой юм. Чингэлтэй хайрханы өвөрт Хайрхан хөгжлийн төв гэх хаягтай дөрвөн давхар барилга угтана. Хөгжлийн төв нь "Чингэлтэй хайрхан"-ы өвөрт байрлах соёл, спорт, амралт, аялал жуулчлалын нэг төрлийн цогцолбор юм. Үүний нэг хэсэг болох уг барилга нь 2018 онд ашиглатад оржээ. Энэхүү төв нь тамирчдын байрлах байр, чийрэгжүүлэлтийн өрөө, ширээний теннисний заал, урлаг заал зэргээс бүрдэх юм.
“Хайрхан хөгжлийн төв”-ийн дарга Б.Дэлгэрбат хэлэхдээ “Манайх анх 2017 оны наймдугаар сарын сүүлээр энэ газарт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Ингээд 2018 оны есдүгээр сарын сүүлээр анх Хайрхан хөгжлийн төв гэж байгуулагдаж байсан. Үүнээс хойш таван жил тасралтгүй бүтээн байгуулалт хийж, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хөгжлийн төв олон улсын стандартад нийцсэн 800-2000 хүний суудалтай хөлбөмбөгийн талбай байгуулсан. Талбайн доод хэсэгт сагсанбөмбөг, волейбол, теннисийн талбай, спорт заалтай. Үүнээс гадна бид 2019 онд 300 хүний багтаамжтай задгай театр байгуулсан” хэмээлээ.
Түүний дурдсан тэрхүү хөлбөмбөг, сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай нь спорт заалаас дээш явахад байрладаг бөгөөд дээш алхаж эсхүл автомашинтайгаа очиж болох аж. Хэрэв автомашинтай явбал цагийн 1000 төгрөг төлөх юм.
Хөлбөмбөгийн талбайд очиход томоохон тайз засаж, үйл ажиллагаанд бэлдэж байв. Учир нь, тус хөлбөмбөгийн талбайг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд түрээслэн томоохон тэмцээн, уралдаан, уран сайхны тоглолт хийх боломжтой. Харин энэ удаад “Юнител групп” түрээслэж, 1500 хүний арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Яг үүнтэй ижил байдлаар сардаа 3-4 томоохон арга хэмжээ тус талбайд болдог гэдгийг зохион байгуулагч Т.Анхбаяр хэлж байлаа.
Бэлтгэл ажлын зэрэгцээ хүүхэд багачуул тоглох талбайг хангалттай шийджээ. Дугуй, ролик, скүүтэртэй хүүхдүүд байнга холхиж байв. Тэдний нэг бол Н.Солонго.
Тэрээр “Зуны улиралд хааяа ирдэг. Харин хичээл орчихвол найзуудтайгаа байнга шахуу ирдэг. Эндэхийн хамгийн гоё зүйл нь доороос алхаж ирэхээр ногооны үнэр маш тансаг үнэртэнэ, агаар нь их сайхан. Дээр нь тоглоход хамгийн аюулгүй газар. Бага зэрэг асуудалтай юм гэвэл сүүдрэвч. Тэнд харагдаж байгаа хүн цамцаа толгой дээрээ барьчихсан байна шүү дээ. Иймэрхүү халуун өдөр сүүдрэвч байвал сайхандаа гэж боддог. Тиймээс суудалтай хэсгийнхээ сүүдрэвчийг нэмж хийвэл гоё байна” гэлээ.
Ийн иргэд амарч зугаалахад цаг агаарын байдлаас шалтгаалан халуун хүйтэн зүйл уух, хоол, зууш идэх шаардлага гардаг. Харин Хайрхан хөгжлийн төв уг асуудлыг шийдэх байгууламжийг спорт талбайнуудынхаа зэргэлдээ байгуулжээ. Тухайн байгууламж дотор халуун хоол, ус ундаа зарахаас гадна амттан борлуулах байкери хүртэл байх аж. Эдгээр байгууллага нь бүгд түрээсийн зарчмаар ажилладаг байна. Түүнчлэн, тус байгууламжийн гуравдугаар давхарт хамт олон, албан байгууллагын хурал, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулах заал хүртэл гаргасан нь авууштай.
Үүнээс гадна хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал, цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор болохын хувьд, тэр дундаа уул түшиглэн байгуулсан тул ногоон байгууламж нэн тэргүүний асуудал. Иймд тус цогцолборын эргэн тойронд аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд өөрийн нэрийн мод тарих боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ давуу талтай. Одоогоор байгууламж нийт 18 нэр төрлийн 43,700 ширхэг мод, бут, сөөгтэй бүхий 80 мянган га талбайд ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт хийгээл буй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цогцолборыг өргөжүүлж, дахин бүтээн байгуулалтаа нэмэх аж. Тухайлбал, хүүхэд багачуудад зориулсан тоглоомын талбай, залуусын дунд эрчээ авч буй скүүтэр, скейтбордын тусгай талбай бий болгохоор ажиллаж байна.
Нийслэлчүүдийн талаас илүү нь гэр хороололд амьдарч байгаа энэ үед ая тухтай амарч зугаалах орчин нөхцөл ус агаар шиг хэрэгтэй. Харин Чингэлтэй хайрханы өвөрт Хайрхан хөгжлийн төвийг байгуулснаар иргэд, олон нийт хэдэн арван киллометр туулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих шаардлагагүй боллоо.
Тэд хоёр дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Чингэлтэй уулын энгэртээ байгуулж чаджээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн адилаар сагсанбөмбөг, гарбөмбөг, хөлбөмбөг, теннис гээд бүхий л зүйлийг энд ч цогцлоосон байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2009-2020 хүртэл 110 мянган мод тарьсан байдаг. Тэгвэл Чингэлтэй хайрханд байгуулагдаад буй уг цогцолборыг тойроод одоогоор 40 гаруй мянган мод суулгажээ. Цаашдаа ногоон байгууламжаа хэдэн арван мянгаар нэмэгдүүлнэ гэдгээ ажилчид нь хэлж байв. Харин тэдний ганц асуудал нь энэ сайхан бүтээн байгуулалтыголон нийтэд таниулж, иргэдийг татах нь чухал байгаа аж. Иймд иргэд түгжрэлээс холдож, цэвэр агаарт хүүхдүүдээ гаргах бол Хайрхан хөгжлийн төвийг зориорой.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн