Open iToim app
Китанака Такэфуми: Чингис хаан ОУНБ "Skytrax"-ын гурван одтой нисэх буудал болохоор зорьж байна
Зочин | 9 мин уншина

Китанака Такэфуми: Чингис хаан ОУНБ "Skytrax"-ын гурван одтой нисэх буудал болохоор зорьж байна

Нийтэлсэн 2023 оны 7 сарын 28
"Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфумитай ярилцлаа.
-Монголчууд таныг төдийлөн танихгүй байх. Та өөргийгөө танилцуулахгүй юу. Монголд ирээд хэр удаж байна вэ. Монголд ажиллах танд таалагдаж байна уу?
-Намайг Китанака Такэфуми гэдэг. Би Монголд 2022 оны дөрөвдүгээр сард ирсэн. "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлээд нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Монгол Улсад өмнө нь огт ирж байгаагүй. Анхны томилолт маань "Чингис хаан" Олон улсын нисэх буудлыг удирдах ажил болсон. Анх удаа Монголчуудтай хамт ажиллаж байна.
Анх ирээд соёлын ялгаа гэх мэт зарим зүйл дээр тулгамдах зүйлүүд байсан. Гэхдээ Монгол Улсын үүд хаалга болсон Capital airport-ын үйл ажиллагааг Монгол-Япончууд хамтран хэрэгжүүлж байгаа ийм хамтын ажиллагааны жишээ дэлхийд бараг байхгүй байх гэж бодож байна. Тиймээс энэ ажилд гар бие оролцож байгаа маань маш том туршлага болж байгаа бөгөөд Японы системийг монголд тулгах эсвэл Монголын системийг хүчээр тулгалгүйгээр хэн хэнийх нь сайн талуудаа давуу тал болгосон илүү сайн систем гаргаж ирэх. Тэр шинэ системд нь уялдсан нисэх буудал, мөн нисэх буудлыг менежментийг хэрэгжүүлэгч компанийг бий болгож Монгол улсдаа тэргүүлэх компани болгохыг зорьж байна.
-Энэ жил Монгол Улс аялал жуулчлалын "boom" болж байна. Сая хүлээх танхимаар орж ирэхэд хүн ихтэй байгаа нь харагдаж байна. "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хүчин чадал ачаалалын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Юуны өмнө хүчин чадал гэдэг ойлголтын талаар хэлэхэд "Чингис хаан" Олон улсын нисэх буудал зураг төслийн хүчин чадал нь олон улсын нислэгээр жилд 1.4 сая орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдсан. Гэхдээ бид үйл ажиллагааны тодорхой зохицуулалт хийснээрээ жилд 2.3 сая зорчигч хүлээн авах боломжтой гэдэг тооцоолол хийсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 6300 зорчигч хүлээн авах боломжтой гэсэн үг.
Таны хэлсэнчлэн Монгол Улсад үнэхээр аялал жуулчлалын "boom" болж байна. Өнөөдрийн байдлаар "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын зорчигчийн урсгал 2019 онтой харьцуулахад 10 хувь өссөн. Зорчигчийн урсгал ийнхүү нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгт, Засгийн газар 2023-2024 оныг Монгол Улсад аялах жил болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон талын хамтын ажиллагаа хийгдэж байна. Хоёрт, Монгол Улс ковидын нөхцөл байдлаас маш хурдан сэргэж чадсан. Ази тив дотроо ч хамгийн түрүүнд эргэн сэргэлт хийсэн улсуудын нэг болов уу гэж бодож байна.
Тиймээс одоо "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хувьд 2023 оны долдугаар сар гарснаас хойш оргил үед өдөрт олон улс, орон нутгийн нислэгээр 8200 гаруй зорчигч хүлээн авсан нь хамгийн их зорчигч ирлээ. Энэхүү зорчигчийн урсгал наймдугаар сард ч үргэлжлэх байх гэж харж байна. Тиймээс цаашид нисэх буудлын ачааллыг зохицуулж, зорчигчдын тав тухтай байдлыг алдагдуулахгүй байх тал дээр бид дотоод зохион байгуулалт, холбогдох бусад байгууллагуудтай хамтран арга хэмжээ авч ажиллана.
quote photo
Нислэгүүд өглөөний эрт цагуудад нэг доор бөөгнөрч, ачаалал үүсдэг. Тэгээд хэсэг зуур нислэггүй, чимээгүй байж байгаад үдээс хойш бас нэг ачаалал орж ирдэг. Өглөөний нислэгүүд ихэнх нь европоос ирэх болон азийн орнууд руу чиглэсэн нислэгүүд байдаг бол өдрийн ачаалал солонгос, хятад зэрэг Азийн чиглэлээр ирэх нислэгүүд байдаг нь ачаалал үүсгэдэг.
"Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми
-Өдөрт 8200 зорчигч хүлээн авсан гэдэг нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудал хүчин чадлаасаа давсан ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна. Нөгөө талд Монгол Улсад аялах, агаарын тээврийн эрэлт өндөр байгаагийн илрэл болов уу. Гэтэл нөгөө талд, наадмын өмнөх оргил ачааллын үеэр шинэ нисэх буудлын үйл ажиллагаа, барилга байгууламж том, жижиг гэдэг асуудал яригдлаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Ачааллыг зохицуулах ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Нисэх буудал том, жижиг гэдэг асуудал нь нисэх буудал баригдсан түүхтэй шууд холбогдоно. Монгол Улсын Засгийн газар нисэх буудал барих захиалга өгсөн. Улмаар Засгийн газар хоорондын иенийн зээл баталгаажиж, зураг төслийг боловсруулж, барилга байгууламжууд баригдсан. Манай компани баригдаж бэлэн болсон шинэ нисэх буудлын барилга байгууламжыг хүлээж авч "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан компани. Тиймээс бид хүлээн авсан нисэх буудлынхаа үйл ажиллагаанд боломжит зохицуулалт хийж, зорчигчдыг хэрхэн илүү тав тухтай зорчуулах вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг.
Анх бид нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд 1 давхрын ирэх зорчигчдын ачаа, тээшийг өгдөг тоног төхөөрөмж жижигхэн байсныг энэ жил өргөтгөсөн. Мөн хоёр давхрын зарим зай талбайг өргөтгөж зорчигчдын ашигтай талбайг нэмэгдүүлсэн, бүртгэлийн цэгүүдийг боломжит хэмжээгээр нь нэмэгдүүлэх зэргээр зорчигчдын ая тухыг хангах зохицуулалтуудыг хийсэн.
Энэ жил хамгийн оргил ачаалалтай байсан өдөр орон нутаг, олон улсын нислэг нийлээд 8200 гаруй зорчигч хүлээн авсан. Тиймээс Чингис хаан" Олон улсын нисэх буудал олон улс болон орон нутаг талдаа энэ хэмжээний зорчигч хүлээн авах бүрэн нөөц бололцоотой гэсэн үг.
Нэмж хэлэхэд, Монгол Улсын агаарын тээвэр, нисэх буудлын үйл ажиллагаа өөрөө их онцлогтой. Нислэгүүд өглөөний эрт цагуудад нэг доор бөөгнөрч, ачаалал үүсдэг. Тэгээд хэсэг зуур нислэггүй, чимээгүй байж байгаад үдээс хойш бас нэг ачаалал орж ирдэг. Өглөөний нислэгүүд ихэнх нь европоос ирэх болон азийн орнууд руу чиглэсэн нислэгүүд байдаг бол өдрийн ачаалал солонгос, хятад зэрэг Азийн чиглэлээр ирэх нислэгүүд байдаг нь ачаалал үүсгэдэг. Тиймээс энэ нислэгүүдийн ачаалалыг тогтвортой, хэлбэлзэлгүй байлгахын тулд бид цагийн хуваарийн зохицуулалт хийхээр Засгийн газар, агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран арга хэмжээ авч байгаа. Ингэснээр одоогийн нисэх буудлын барилга байгууламжын хүчин чадлыг бага зэрэг нэмэгдүүлэх боломжтой болов уу гэж бодож байна.
-"МИАТ" ТӨХК саяхан орон нутгийн чиглэлүүдэд нислэгээ сэргээж, хямд нислэг үйлдэж эхэлсэн. Үүний дараах орон нутгийн нислэгийн эрэлт болон ачаалал ямар байна вэ?
-"МИАТ" ТӨХК өнгөрсөн сарын сүүлээр орон нутгийн найман чиглэлд нислэгээ сэргээсэн. Энэ нь нисэх буудалд талархууштай мэдээлэл, нислэг сэргэснээр жишээ нь олон улсын нислэгээр газардсан жуулчид шууд орон нутгийн нислэгээр хөдөө орон нутаг руу явах боломжтой болох зэрэг нь аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа тул орон нутгийн нислэгүүд сэргэсэнд маш их баяртай байгаа. Харин орон нутгийн нислэгүүд сэргэснээр нисэх буудлын хүчин чадалд нөлөөлж, ачаалал үүссэн зүйл байхгүй.
-Олон улсаас орон нутгийн чиглэлд нисэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын хөгжилд чухал болохыг онцоллоо. Шинэ нисэхийг удирдаж байгаа хүний хувьд та Монгол-Японы хамтын ажиллагаагаар орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх, өргөтгөх боломжийг хэрхэн харж байна вэ?
-Шинэ нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа эхлүүлээд саяхан хоёр жилийн ойгоо тэмдэглэж 3 дахь жилээ дөнгөж эхлүүлээд явж байна. Үйл ажиллагаа эхэлснээс хойш цар тахал, бөөгнөрөл зэрэг олон асуудлуудтай тулгарч байлаа. Цаашид ч олон сорилт тулгарах байх. Тиймээс бид орон нутгийн нисэх буудлын үйл ажиллагааг явуулна гэсэн бодол байхгүй бөгөөд бидний хувьд юун түрүүнд энэхүү нисэх буудлын үйл ажиллагааг тогтвортой явуулахад илүү төвлөрч байгаа.
undefined
Япон хүмүүс юмыг бага, багаар хичээнгүйлэн хийгээд нэгтгэж цогц болгодог. Монгол хүмүүс сүүлийн мөчид маш хурдан дуусгаж чаддаг. Энэхүү давуу талууд нь Монгол Япон гэсэн хоёр өөр өнцгөөс харилцан нэгдэх боломжтой чанар юм болов уу гэж бодож байна.
"Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми
-Та ярилцлагын эхэнд Япон-Монгол хүний давуу талуудыг шингээсэн шинэ системд суурилж менежмент хэрэгжүүлэхийг зорьж байгаа талаар ярьсан. Тэгвэл хамтын ажиллаагааг илүү үр дүнд хүргэхийг тулд монголчууд юуг илүү анхаарч, харах ёстой вэ?
-Хэцүү асуулт байна. Үйлчлүүлэгч талаас харахаар хүндрэл үүсэх, ачаалал, бөөгнөрөл зэрэг нисэх буудал дээр болж байгаа асуудлуудыг нисэх буудлын асуудал, нисэх буудал л болохгүй байна гэж ярьдаг. Гэтэл нисэх буудлын үйл ажиллагааг явуулахад олон талын хамтын ажиллагаа хэрэгтэй байдаг. Авиа компаниуд, хил, гааль, цагдаа гээд тус тусын чиг үүрэгтэй төр, хувийн хэвшлийн олон байгууллага хамтран ажилладаг. Үүний нэг хэсэг нь л нисэх буудлын менежмент юм. Мэдээж үйлчлүүлэгч талаас харахад нисэх буудлын аль үйл ажиллагааг ямар байгууллага хариуцдагийг ялгахгүй. Тиймээс гомдол санал, асуудал үүсэхэд бүгд ижил хариулт өгдөг, нэгдсэн ойлголттой байх тал дээр хамтран ажилладаг хил гааль, агаарын тээвэрлэгч байгууллага зэрэг нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан ажиллаж байна. Асуултны шууд хариулт болох үгүйг мэдэхгүй ч нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулах гэдэг нь олон чухал хүчин зүйлүүдийн нэг юм болов уу гэж бодож байна. Үүнийг зөвхөн бид дангаараа биш, нисэх буудлын хэмжээнд зорчигч үйлчлүүлэгчдийг хүлээн авдаг гэдэг утгаараа үйлчилгээний чанарыг сайжруулах, идэвхжүүлэх сургалт дадлагажуулах ажлыг хил, гааль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж нисэх буудлын хэмжээнд сайжруулахыг хичээж байгаа.
Харин анхаарах зүйл, ийм зүйлийг ингэж засах ёстой зэргийн хувьд хэт нэг талыг харсан өнцгөөс ярих нь оновчгүй байх. Эсрэгээрээ сайн талыг нь дурьдвал, Япон хүмүүс юмыг бага, багаар хичээнгүйлэн хийгээд нэгтгэж цогц болгодог. Монгол хүмүүс сүүлийн мөчид маш хурдан дуусгаж чаддаг. Энэхүү давуу талууд нь Монгол Япон гэсэн хоёр өөр өнцгөөс харилцан нэгдэх боломжтой чанар юм болов уу гэж бодож байна.
"Чингис хаан" Олон улсын нисэх буудал Япон менежменттэй гэдэг. Гэтэл "Нью Улаанбаатар Интернэйшл Эйрпорт" компани нийт 650 орчим ажилтантай. Үүнээс ердөө тав нь япон хүн. Тиймээс япон менежмент гэхээс илүү Япон-Монголын хамтарсан байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үүн дээр төрийн байгууллагууд болон хувийн хэвшлүүд хамтарч ажилладаг.
-"Чингис хаан" Олон улсын нисэх буудлын энэ жилийн хамгийн том төлөвлөгөө юу вэ?
-Жуулчид дараагийн аяллын цэг рүү явахын тулд зайлшгүй нисэх буудлаар дамждаг. Хэдий нисэх буудал дамжан өнгөрөх цэг боловч зорчигчид "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд байх хугацаандаа сэтгэл ханамжтай, таатай сэтгэгдэлтэй үлдээсэй гэж хүсдэг.
Бид энэ жил олон улсын нисэх буудлуудын түвшинг тогтоодог "Skytrax" байгууллагын гурван од авахаар зорьж байна. Гэхдээ энэ бол дан ганц од авах тухай асуудал биш. Од авах шалгуур үзүүлэлт болох нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, орчинг олон улсын түвшинд нийцүүлэхийг
зорьж байна гэсэн үг. Мөн энэ бол зөвхөн бид ганцаараа хийж чадах ажил биш бөгөөд үүнийг нисэхийн байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Та Монгол Улсад ирж ажиллаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд монгол орноор аялсан уу. Хэдий та бидний нэг болж хамтран ажиллаж байгаа ч гадны хүний нүдээр харахад бид аялал жуулчлалаа хөгжүүлэхэд юу илүү хэрэгтэй байна вэ?
-Олон биш ч гэсэн Говь руу гэх мэт нэлээд хэдэн газраар аялсан. Өнгөрсөн жил хаашаа ч аялж чадаагүй. Энэ жил хэд хэдэн газар руу аялахаар төлөвлөсөн. Би монголд томилогдохоосоо өмнө Японы Фукуока Олон улсын нисэх буудлын менежментийн багт ажиллаж байсан. Тэр үед хэрхэн аялал жуулчлалыг татах, зорчигчдыг нэмэгдүүлэх талаар маш их санал солилцож, олон ажлууд хэрэгжүүлсэн. Уг туршлагаасаа харахад хамгийн чухал асуудлын нэг нь нийтийн тээврийн асуудал. Аяллаар ирсэн зорчигч хотын төв рүү эсвэл аялахаар төлөвлөсөн газар руугаа очиход нийтийн тээвэр чухал, мөн зочид буудлын асуудал чухал.
Монголын аялал жуулчлал төдийгүй, "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж байгаа зорчигчдын тав тухтай байдлыг хангахад хамгийн түрүүнд нийтийн тээврийг сайжруулах асуудал дутагдалтай байгаа.
Бид нийтийн тээврийг дахин сэргээх асуудлаар холбогдох байгууллагад олон удаа хандаж байсан. Одоо Чингис хаан-Улаанбаатар-Чингис хаан чиглэлд явдаг нийтийн тээврийн үйл ажиллагаа 7 дугаар сарын 3-ны өдрөөс дахин сэргээд хуваарийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Анх 2021 онд нисэх буудлын нийтийн тээвэр явж эхэлсэн боловч зогссон. Дараа нь, 2022 онд дахин сэргэсэн боловч бас л зогссон. Нисэх буудлын зүгээс энэ удаа дахин сэргэсэн нийтийн тээврийг болж өгвөл зогсоохгүй үргэлжлүүлэх тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Жишээлбэл, нисэх буудлын автобусны зогсоолын тэмдэглэгээг тодорхой болгож зорчигчдод мэдээлэх, мөн нисэх буудлын өөрсдийн вебсайт болон "Facebook" хуудсаар дамжуулан нийтийн тээврийн хуваарь, хаанаас суух байршлын талаар мэдээллүүдийг тодорхой давтамжтай өгч байгаа. Мөн нисэх буудалд буусан зорчигчдод нийтийн тээврийн талаарх мэдээллийг байнга зарлан мэдээлж байна. Түүнчлэн авиа компаниудтай хамтраад нислэгийн үед "Чингис хаан"-д газардаад нийтийн тээврээр хэрхэн үйлчлүүлэх талаар мэдээлэл өгөх зохицуулалт хийх зэргээр хамтран ажиллаж байна.
Дараа нь, зочид буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэр дундаа орон нутгийн зочид буудлуудыг сайжруулах шаардлагатай гэж бодож байна. Монгол гэрт татагдаж, гэрт хонож үзэхийг зорьж ирдэг жуулчид байгаа. Гэхдээ анх ирж байгаа жуулчид монгол гэр буудал гэхээсээ илүү зочил буудалд байрлах, ялангуяа, эмэгтэй жуулчид болж өгвөл цэвэрхэн, тухтай зочид буудалд байхыг илүүд үзэх байх. Мөн эрүүл ахуй талаасаа "00"-ийн асуудал байгаа. Тэр тусмаа орон нутагт тав тухтай, боловсон ариун цэврийн өрөөгүй зэрэг асуудал байдаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Гэр” нь жуулчдыг сонирхлыг татах нэг бүтээгдэхүүн мөн ч гэсэн зочид буудал, нийтийн тээвэр, “00”-ийн асуудал зэргийг сайжруулж чадвал жуулчдын сонирхол бага багаар нэмэгдэх юм болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн