Үндэсний их баяр наадмын өдрүүдийн араас аймаг, сумд тэгш ойгоо тэмдэглэж буй. Тэр дундаа өнөө жил Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймагт тохиож байна. Уламжлал ёсоор түүхт ойг дэнж хотойтол наадах нь дамжиггүй. Гэхдээ 100 жилийн хугацаанд чухам юу бүтээн босгосон бэ гэдгээ бид бодож, цэгнэх л учиртай.
Уг нь тухайн аймгийн түүхт ой. Тиймээс аймаг, сумдын удирдлагууд 100 жилийн хугацаанд бүтээн байгуулсан, бий болгосон түүхээ, хөгжлөө үе үеийн нутгийн ард иргэд, жуулчдад таниулах өдөр. Харамсалтай нь, ихэнх аймаг, сумдад 100 жилийн өмнөх модон жорлон, цэвэр бохир усны асуудлаа бүрэн шийдэж чадаагүй хөл толгой нь олдохгүй гэр хороолол тэлжээ. Нийтээрээ л аялал жуулчлалын сезон эхлэхэд нүхэн жорлонгоос нүүр улайж, нүүрс түлдэг амьдралаас залхсанаа ярьдаг ч гарц гаргалгаа, шийдэлгүйгээр нэг зууныг үдэж байх шиг.
Өнөө жилд 100 жилийн ойгоо тэмлэглэж байгаа аймгууд бүгд шахуу цэнгэлдэх хүрээлэн барьсан байна. Олныг цуглуулах, баясгах том цэнгэлдэхтэй болсон нь сайн хэрэг. Гэхдээ нийтийн эрх ашгаа харвал цэнгэлдэхээс илүүтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалт өмнө нь эрэмбэлэгдэх учиртай. Гэвч бас тэгж чадсангүй л харагдана.
100 жилийн ойг угтан Хэнтий 3200 хүний суудалтай, Говь-Алтай аймаг 3000 хүний суудалтай цэнгэлдэх, Архангай аймаг шинэ наадмын талбай байгуулсан гэдгээ зарлав. Эдгээр аймгуудаас гадна зарим аймаг, сум тэмдэглэлт ойгүй ч шинээр цэнгэлдэх байгуулж, уралдсаар байна. Үүндээ ч гавшиж, “жижиг чулуугаар том чулуу хөдөлгөдөг” гэдгийг Хэнтий аймгийн жишгээс харж болохуйц юм. Тэд аль хэдийн олон нийтээс зөвхөн цэнгэлдэхээр алга ташилтыг аваад амжсан. Хэнтий аймаг нь шинэ цэнгэлдэх хүрээлэнг жил зургаан сарын хугацаанд 1.6 тэрбум төгрөгөөр бариад буй. Уламжлалт ёсоор бол хэдэн арван жил хойшлуулж, хэд дахин өндөр санхүүжилтээр хийх бүтээн байгуулалтыг энэ удаад түргэн шуурхай хийсэн нь авууштай. Гэхдээ цэнгэлдэх төдийхнөөр бүтэн хотын статустай аймгийн хөгжлийг тодорхойлох нь хэр зохистой вэ.
Хөгжсөн хэмээн тэмдэглэн өнгөрөөх гэж байгаа бол хөгжсөн аймаг, сумд л баяр наадмыг өргөн дэлгэр хийх нь зүй ёсных. Тухайлбал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хийсэн Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг харьцуулан үнэлэх аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар түүхт 100 жилээ тэмдэглэх гэж буй Завхан аймаг 21 аймгаас 20-д, Говь-Алтай аймаг 18-д, Архангай аймаг 16-д, Төв аймаг 14-д, Хэнтий аймаг 7-д орсон байна. Товчхондоо, ууган аймгуудын хөгжил “уланд” байна.
Түүнчлэн, жижиг сумын баяр наадмын төсөв дунджаар 500 сая төгрөг байна. Гэтэл баяр наадмыг зохион байгуулахдаа хүртэл иргэдэд халтай хачин жигтэй шийдвэр, тулгалтуудыг гаргадаг. Тухайлбал, орон нутгийн баяр наадмыг хуруу даран хүлээгсдээс нутгийн удирдлагууд тав, арав гэсээр хэдэн арван саяыг хандив нэрээр цуглуулдаг. Хэнтий аймагт гэхэд л Дархан аварга Б.Бат-Эрдэнийн гэр бүлээс 10 сая, ААН, малчид, иргэд саяас дээш төгрөгийн хандив өгч буй. Хандиваас гадна албадлагын шинж чанартай ч бий. Тухайлбал, орон нутгийн төрийн алба хаагчдын хоёр өдрийн цалинг өөрсдөөс нь асуухгүйгээр хандивлах, зарим сум өрх бүрээс 500 мянган төгрөг татна гэдгээ хүртэл танилцуулсан гэх зэрэг мэдээлэл цахим сүлжээнд дүүрэн бий. Хандивлалаа гэхэд тэрхүү хандивыг хөгжил дэвшилд зарцуулаарай гэснээс хөл дүүжлэх унаа болгоорой гээгүй л байлтай.
Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй аймгууд цэнгэлдэх, музей, угтах хаалгаараа уралдах бус бие засах газар, гэр хороололгүй, цахилгаан эрчим хүч, зам харгуй, цэвэр бохир ус, дулаанд холбогдсон дэд бүтцээрээ уралдах нь жинхэнэ хөгжил бус уу.