Олон улсын амьтны эрхийг хамгаалах "PETA" нийгэмлэгийн ажиглагчид Монголын уламжлалт ямаа самнах арга хүнлэг бусаар амьтны эрхийг ноцтой зөрчиж байна гэж мэдэгдлээ.
"PETA"-гийн тайланд монголчууд ямааг гар аргаар самнахдаа хөлийг нь тушиж, хурц иртэй төмөр сам ашигладаг. Малчид ямааны ноолуурын гарц буурч, ашиг багатай болох үед толгойд нь цохиж, өрцийг нь хагалж алдаг нь хүнлэг бус гэжээ. "PETA"-гийн дэд ерөнхийлөгч Трейси Рейман ийм аргаар бэлтгэсэн түүхий эдийг бүтээгдэхүүн болгон ашиглаж буй томоохон компаниуд өөрсдийн шошго дээрээ "байгаль болон амьтанд ээлтэй", "тухтай", "тансаг" гэх зэргийн үг ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээ зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
Тус байгууллага өмнө нь Монголын "Naadam" брэндийг бүтээгдэхүүний шошгоос амьтанд ээлтэй гэдэг үгийг хасахыг шаардаж, төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн гэх үндэслэлээр АНУ-ын Худалдааны комисст гомдол гаргах арга хэмжээ авах анхааруулж байв. Улмаар АНУ болон Европын орнуудад борлуулагддаг "Naadam" брэнд бүтээгдэхүүнийхээ шошгоос дээрх агуулгыг хассан байдаг.
Тэгвэл манай улс дэлхийн нийт ноолуур бэлтгэлийн 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Урд хөрш БНХАУ дэлхийн зах зээлийн 48 хувь буюу манай ноолуурын салбарын гол өрсөлдөгч юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт ноолуурын зах зээлийн 90 хувийг ердөө хоёр улс бүрдүүлдэг. Гэхдээ хятад ноолууртай харьцуулахад монгол ноолуур илүү урт ширхэгтэй, бохирдол бага бөгөөд нэг ямаанаас гарах өгөөж нь их байдаг. Мөн монгол ямаа байгалиасаа олон өнгөтэй байдаг. Тиймээс өнгө оруулагч будаг хэрэглэх шаардлагагүй буюу органик түүх эд гэж тооцогддог.
Ноолуур нь уул уурхайн түүхий эдийн дараа орох Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн юм. Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO)-ын тайланд дурдсанаар Монгол Улс 1995 оноос хойш жилд 11-20 мянган тонн ноолуур экспортлосон гэжээ. ГЕГ-ын мэдээллээр Монгол Улс 2020 онд нийт экспортын 2.9 орчим хувь буюу 219.5 сая ам.долларын ноолууран бүтээгдэхүүн экспортлож байжээ. Экспортод гаргасан ноолууран бүтээгдэхүүний төрлийн хувьд 84.4 хувь нь угаасан ноолуур, 7.7 хувь нь самнасан ноолуур, 7.9 хувь нь сүлжмэл, нэхмэл ноолууран бүтээгдэхүүн эзэлж байв. Харин өнгөрсөн онд ноолуурын салбарын экспорт хоёр дахин өсөж 445.3 сая ам.долларт хүрчээ.
Экспортод гарсан монгол ноолуур "Gucci", "Louis Vuitton", "Dior", "Chanel", "Hermes", "Prada", "Burberry" тэргүүтэй дэлхийн тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэгч томоохон компаниудад эцсийн бүтээгдэхүүн болдог. Гэвч амьтны эрх хамгаалах байгууллагуудын шахалтаар томоохон хувцас үйлдвэрлэгчид өөрсдийн загвартаа ноолууран бүтээгдэхүүн ашиглахаа зогсоох болсон. Тухайлбал, "Victoria Secret", "ASOS", "Columbia", "Sorel" зэрэг брэндүүд амьтны эрх хамгаалах байгууллагуудад өөрсдийн загварууддаа ноолууран бүтээгдэхүүн ашиглахгүй байх амлалт өгсөн.