УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн нэгдүгээр сарын 15-нд өргөн мэдүүлсэн билээ.
Тус хууль батлагдсанаар төсвийн ил тод байх, хариуцлагатай байх, төсөв тогтвортой байх зарчмын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчин бүрдлээ.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төсвийн төслийг боловсруулахад иргэд, олон нийтээс заавал санал авч, хэлэлцүүлдэг байх, ийнхүү санал авалгүйгээр төсвийн саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох нөхцөлийг тусгасан.
Төсвийн төлөвлөлтөд Засгийн газрын чиг үүрэг, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг нарийвчлан тусгасан. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын бүтэц, чиг үүргийн дагуу төсвийн төслийн үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг эдийн засаг, хөгжлийн яам хариуцан боловсруулдаг байхаар хуульчлан баталлаа.
Төсвийн төлөвлөлтийг бодитой тооцож, үнэн зөв төлөвлөхийг хуульд заасан бөгөөд ийнхүү тооцооллыг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгасан.
Төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан нэг чухал өөрчлөлт нь төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах бол Улсын Их Хурлын гишүүдийн хувьд өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттойгоос бусад тохиолдолд нийт гишүүдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульд тусган баталсан. Ингэснээр төсвийн хариуцлагатай, тогтвортой, төсвийг үр ашигтай төлөвлөдөг байх нөхцөл бүрдэх юм.
Хуулийн өөрчлөлтөөр төсвийн цаглаварт өөрчлөлт орсон бөгөөд Засгийн газраас төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө төсвийг олон нийтэд заавал хэлэлцүүлсэн байх, улмаар 9 сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг тусган баталсан. Улмаар жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдөр төсвийн тогтвортой байдлын зөвлөл, жил бүрийн 9 дүгээр сарын 25-нд төрийн аудитын байгууллага нь төсвийн төсөлд санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд хүргүүлэхээс гадна олон нийтэд нээлттэй мэдээллээ байршуулахаар тусгасан нь Улсын Их Хурлын хяналт шалгалт, хууль батлах, төсвийн төслийг хянахад мэргэжил арга зүй, цаг хугацааны хувьд томоохон дэмжлэг болж байна.
Төсвийн тухай хуульд оруулсан бас нэг гол өөрчлөлт нь төсвийн хөрөнгийг захиран зарцуулахад хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэхийг тусгасан. Үүнд төсвийн хөрөнгийг ангилал зөрүүлэн захиран зарцуулсан бол уг төсвийн захирагчийг албан тушаалаас чөлөөлөх нөхцөлийг тусгалаа. Мөн төсвийн хөрөнгөөр аливаа тэмдэглэлт ой, баяр наадмын арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар тусгасан.
Мөн төсвийн бодлогод томоохон нөлөөлөл үзүүлэх зээл, тусламжийн бодлогын асуудалд мөн өөрчлөлтийг тусгасан. Үүнд төсвийн төлөвлөлтөд шууд нөлөөлдгийн хувьд энэхүү зээлийн хэлэлцээрийг олон нийтэд мэдээлдэг байх, улмаар нийгмийн ач холбогдолтойгоос бусад тохиолдолд эдийн засгийн хувьд бодит үр өгөөж өгөх нөхцөлөөр зээл авах асуудлыг хуульд тусгасан. Зээлийн стратегийг урт хугацаагаар тооцож үр нөлөөг тооцох нь урт хугацааны зээлийн төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцож баталдаг болох нөхцөл бүрдэх юм.
Мөн шавхагдах баялаг болох эрдэс баялгийн салбарын орлогоос ирээдүй, хойчдоо хувь үлдээх зорилгоор төвлөрүүлдэг ирээдүйн өв сангийн орлогын эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, түүний төлөвлөлт, гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах зорилгоор төсвийн төлөвлөлтөд уг сангийн үлдэгдлийн дүнг жил тутам төсвийн хуультай хамт баталдаг байхаар тусгасан. Мөн сангийн хөрөнгийн удирдлагыг Ерөнхий сайд хэрэгжүүлэхээр хуульчлан баталсан.