Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд МИАТ ХК орон нутгийн нислэгээ сэргээж, өнөөдрөөс орон нутгийн чиглэлд хямд үнэтэй нислэгүүдийг үйлдэж эхэллээ.Энэ талаар МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "МИАТ ХК өнөөдрөөс есөн аймаг руу нисэх нислэгүүдээ эхлүүлж байна. Сүүлийн үед орон нутгийн нислэгийн үнэ гадагшаа нисэж буй үнэтэй бараг л адилхан болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас орон нутгийн нислэгийг хямд бөгөөд хүртээмжтэй байлгахаар зорьсон юм. Тиймээс МИАТ ХК орон нутагт нисэж эхэлснээр бусад авиа компаниудын нислэгээс 2-2.5 дахин хямдарч байна. Ингэснээр өрсөлдөөнийг бий болгож, дагаад авиа компаниуд үнээ буулгана гэж найдаж байна. МИАТ ХК-ийн орон нутгийн нислэг нь хамгийн байж болох хямд үнээр буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллаж байгаа юм" гэлээ. МИАТ ХК дараах чиглэлүүдэд дараах үнээр үйлчилнэ.