Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Л.Нанжид: Ажил мэргэжлээс шалтгаалсан гар сарвууны өвчлөл маш их болсон

Л.Нанжид: Ажил мэргэжлээс шалтгаалсан гар сарвууны өвчлөл маш их болсон
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 29
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар, сарвуу нөхөн сэргээх, бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжидтай ярилцлаа. 
-Нэг үйлдлээ олон дахин хийснээс үүдэн гар сарвууны эмгэгийг бий болгож байна гэсэн. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Энэ эмгэг олон шалтгаанаас үүсдэг. Эрэгтэй, эмэгтэй хүнд эмгэг үүсэх хувь нь өөр өөр байх зэргээр шалтаг шалтгаан олонтой. Орчин цагт хамгийн их үүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр нэг үйлдлийг маш олон давтамжтайгаар хийж байгаа хүмүүст эмгэг үүсэж байна. Гэхдээ гол нь нэг үйлдэл нь гар бугуйн үе, тохойн үеэр хөдөлгөөнтэй. Жишээлбэл, тогооч баруун гараараа байнгын нугалах, тэнийлгэх, юм хутгах, өргөх үйлдлүүдийг хийдэг. Гэтэл оффисын суугаа ажилчид компьютер дээр хулгана/mouse/ барьж, байнгын тохойлдож суудаг. Тохойлдож суугаад байхаар бугуйн суваг болон тохойн сувгийн мэдрэлүүд байнга дарагдал үүсдэг. Тохойгоо юманд цохихоор жирвэлздэг шүү дээ.  Тэрхүү жирвэлздэг хэсэгт даравч нь зузаарч цааш мэдрэлээ дардаг гэсэн үг. Энэ мэт ажил мэргэжлээс шалтгаалсан гар сарвууны өвчлөл маш их болсон.  
-Энэ төрлийн өвчин, зовуурьтай иргэд өдөрт эсхүл сардаа хэр их ирдэг вэ?   
-Монгол Улсын хэмжээнд гар сарвууны нарийн мэргэжлийн 40 гаруй эмч байдаг. Тэд хувийн болон улсын эмнэлгүүдэд ажиллаж байна. Тэгэхээр хэчнээн хүн яаж үзүүлж байгааг тоолж, тооцоолж мэдэхгүй. Гэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны тасаг долоо хоногт энэ эмгэгийн шалтгаанаар  арав гаруй хүн хагалгаанд ордог.
-Ямар шинж тэмдэг илэрвэл иргэд энэ өвчнөөр өвдөж байна гэж мэдэх юм бэ?
-Голчлон шөнийн цагаар буюу унтаж байхад гарын байрлалаас хамаарч хуруунуудын үзүүр бадайрч эхэлдэг. Бид удаан хөлөө дарж суухаар иржгэнээд бадайрдаг шүү дээ. Яг үүнтэй адил хурууны үзүүр бадайрна. Энэ нь дотроо янз бүр байдаг. Жишээлбэл, нэг, хоёр, гуравдугаар хуруу илүү их бадайрч байвал өөр мэдрэлжүүлэлт. Дөрөв, тавдугаар хуруу бадайрч байвал өмнөхөөсөө өөр мэдрэлжүүлэлт байдаг. Яг эхэлж байгаа шинж тэмдэг нь шөнийн цагаар хуруу, гарын үзүүр рүү бадайрдаг байдал гэсэн үг. Ихэвчлэн иргэд үүнийгээ мэддэггүй. Бадайраад л яваад байдаг шүү дээ гэж ярьдаг. Бүр удчихсан. Хэдэн жил ийм байдалтай явчихсан байдаг. Тэр хүмүүст шинжилгээ хийгээд үзэхэд зарим нь эргэшгүй өөрчлөлтөд орчихсон хүмүүс хүртэл байдаг.
-Иргэд өвчний эхэн, дунд, хожуу гээд үеүдийн аль үед нь ирж үзүүлдэг вэ, энэ үеүдэд ямар зовуурь өвчтөнд илрэх вэ?  
-Гар, хурууны үзүүрээр бадайрах нь шинж тэмдгийн эхэн үе. Эхлээд иржигнэж бадайрдаг байсан бол сүүлдээ мэдрэхүй нь алдагдаж өвддөг болно. Энэ нь цааш даамжрахаараа гарын булчингуудын тэжээллэг байдал алдагдаж хатангиршдаг. Ингэснээр сарвуу нь яс шиг болчихдог. Гарын булчин хатангиршихаар гарын яс товойж, хонхойгоод муухай болчихдог юм. Хэрэв ийм болсон бол хүндэрч байна гэсэн үг.
-Хатангиршиж хүндэрсэн гэж байгаа энэ үедээ иргэд ихэвчлэн үзүүлж байна уу?
-Манай улсад захын мэдрэлийн дарагдал үүссэн эсэх, мэдээ мэдрэхүй нь хэр зэрэг алдагдалд орж, хэр дарагдалд орсон эсэхийг шинжилдэг аппаратууд нь сүүлийн үед л гарч ирсэн. Зургаа, долоон жилийн өмнөөс гэсэн үг. Гэхдээ бид өмнө нь шинжилж тогтоодог аппарат байгаагүй ч ерөнхий клиникээрээ оношилж байгаад хагалгааг хийдэг байсан. Энэ нь эхэн үедээ оношлогдчих юм бол заавал хагалгаа гэхгүйгээр эм ууж, чиг зүүж, физик эмчилгээ хийлгээд эдгэх тохиолдол байгаа. Дунд зэргийн үедээ оношлогдвол мэдээж хагалгаа хийнэ. Гэхдээ дунд зэргийн үедээ хийвэл гар муухайгаар хатангиршихгүй. Нэгэнт хатангиршчихсан, байнгын бадайралтай, өвдөлттэй байгаа хүний хувьд хагалгааг хийвэл зовуурь нь арилна. Гэвч зовуурь арилсан ч хатангиршсан булчингууд эргэн сэргэхгүй.
-Эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөр байдаг гэсэн шүү дээ. Яагаад өөр байна вэ?  
-Эмэгтэй хүмүүс голчлон жирэмсэлж, хүүхэд төрүүлдэг гэдэг утгаараа эмэгтэй хүмүүст зонхилон тохиолдох гээд байдаг тал бий. Мөн орчин цагт оффисын суугаа ажил, гал тогооны ажлыг голцуу эмэгтэйчүүд хийдэг. Тиймээс хүйсийн ялгаа гарч байгаа юм.
-Энэхүү эмгэгийн гол нэршил нь юу юм бэ?
-Тохойн сувгийн хам шинж, бугуйн сувгийн хам шинж гэх нэршил бий.
-Эмчилгээний хувьд хэр хэмжээний хугацаанд эдгэрэх боломжтой вэ?  
-Шинж тэмдэг илэрлээ гэж бодоход эхлээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Үүний дараа нарийн мэргэжлийн эмч үзэж, шинжилгээ, оношилгоог бүрдүүлэн харж аль шатанд байгааг тогтооно. Үүнээс хамаарч эмийн эмчилгээ, физик эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийх эсэхийг шийднэ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүний шинжилгээг харж аль шатанд байгааг тогтоож байж ямар эмчилгээг, хэр хугацаанд шаардах нь тухайн мөчид л гарч ирнэ.
 -Таны зүгээс иргэдэд нэмж юуг зөвлөх вэ?
-Аль болох эрт үед нь оношилчихвол тухайн хүнд ч хэрэгтэй. Эрт үед нь оношлох юм бол заавал мэс засал хийхгүйгээр эмчлэгдэх боломжтой. Иргэд өвчнийг их удааж, даамжруулж гарын гоо зүйн хувьд хатангиршуулаад аймшгийн болгоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр заавал ийм байдал үүсгэхгүй байвал зүгээр байна. Дан ганц гар сарвууны өвчин ч биш эрүүл мэндийн боловсрол муутайгаас болоод ямар нэг өвчнийг тартагт нь тулгаж байж л ирдэг. Өвдөхгүй байх боломж бололцоо байдаг гэдгийг гадны улсуудад үзүүлж, сурталчлаад болоод байна. Гэтэл манайд өвдчихөөд байхад л тартагт нь тулгаад ирж байгаа. Ийм том ялгаа зөрүү гарч байна. Тиймээс эрүүл мэндийн боловсролдоо бага ч болтугай анхаарах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн